Нөөцийн мах бэлтгэлийн цаана хэн хэн байдаг вэ
Нийтэлсэн: 2012-11-29 04:11:04
Ирэх жилийн хавар нийслэлчүүд 14 мянга, дархан эрдэнэтчүүд тус бүр мянга гээд нийтдээ 16 мянган тонн нөөцийн мах идэх нь. Энэ ажлыг урд өмнөх жилийнх шиг хотын захиргаа, Махны холбоонд найдаад хаялгүй ҮХХАЯам, Улсын нөөцийн газар, О.Магнай даргын газраас төлөөлөл оролцсон тусгай ажлын хэсэг хариуцан шалгарсан компанит “нөөцийн махны менежер” хэмээх цол олгон сүржигнэжээ. Улаанбаатар хотын нөөцийн махыг “Жаст Агро”, Эрдэнэтийг “Эрдмийт” харин Дарханы махыг “Баатарууд тэнгэр” компани нийлүүлэх болж. Хувиарлалтыг харахад энэ жил 2000 тонн мах нийлүүлэх эрх өвөртөлж байсан “Мах импекс”-ийн нэр алга. Бодвол Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд эзэн нь ичсэн биз. Нөөцийн махан дээр ажиллаад сурчихсан аваргуудаас ганцхан “Жаст групп” амжилтаа “хадгалж” чаджээ. Ш.Батхүүгийн компани өнгөрсөн онд 2400, энэ жилд л гэхэд “Мах маркет” нь 1700 тоннын эрх авсан. Харин ирэх жил өөр нэгэн охин компани болох “Жаст Агро”-гийнхоо нэрээр 14 мянган тоннын гэрээг ганцаараа байгуулчихаж. Уг нь далдуур “хөгжөөн дэмжигч” гэгдэх хотын ерөнхий менежер Ч.Бат нь ганцаараа зүтгээд ч нийслэлд мах нийлүүлэх гэрээг ганц компанид өгнө гэж баймааргүй юм. Гэхдээ Ш.Батхүү хотын нөөцийн махыг гэрээг дангаараа авсан ч цаагуураа “Мах импекс”, “Тайж” зэрэг бусад компанитай “бялуугаа” хуваалцах тохироо хийсэн байх гэсэн хардлагыг төрүүлж байгаа. “Женко” Х.Баттулга сайдын “Мах импекс”, “Монголын махны холбоо”-ны тэргүүн Л.Ганпүрэвийн “Тайж” гээд аваргууд яаж ч бодсон тэр их мөнгөний гадна үлдэнэ гэж байхгүй. Өнгөрсөн мах бэлтгэлд засаг 8 тэрбумыг зарсан гэдэг. Ер нь нөөцийн махны бизнесийг хэдэн том компани атгасаар ирсэн. Дарханы махны бэлтгэлийг авсан “Баатрууд тэнгэр” нь алдарт уяач Х.Цогтсайханых бол “Эрдмийт” нь Эрдэнэт үйлдвэрийн нэгэн том боссынх гэсэн яриа гарсан. 2011 онд 500 тоннын эрх авсан “Соотон” гэдэг компаний эзэн нь АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Гэрэл гэж сонсогдсон. МАН-ынхан ч бас яаж хоцрох билээ. БСШУ-ны экс дэд сайд Б.Ундармаагийн “Монгол мах экспо” компани 700 тоннын эрх авч байсан бол НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулууны “Сэргэн мандалт групп” 200 тонн мах нийлүүлээд хөөрхөн бизнес хийж байжээ.
NUUTS.MN Б.Далай