Бөхийн засуул хийж өдөржин талбай дээр гүйлгээд 10-20 мянган төгрөг авдаг ч гэсэн би энэ ажилдаа хайртай
Монгол үндэсний бөхийн засуул, Уртын дуучин Б.Батболдтой ярилцлаа.
-Анх ардын урлаг, ялангуяа уртын дууг яагаад сонирхох болсон бэ?
-Би Соёлын дунд сургуулийн хөгжмийн багшийн ангид байхаасаа л сонирхох болсон. Ер нь л хүүхэд байхаасаа дуу хуур, бүжиг, ардын урлаг, бөх гээд л Монголчуудын үндэсний бахархал болсон урлагийг багаасаа их сонирхсон. Соёлын дунд сургуульд хөгжмийн багшийн ангид ирэхдээ бол дуулдаг байсан. Харин уртын дууг хотод ирсэн хойноо сонсож, сонирхож эхэлсэн. Тэгээд СУИС-д ороод СТА н.Дэлгэр багшийн удирдлаган дор 1996 онд сурч төгссөн. Тэрнээс хойш энэ сайхан ардын урлагтайгаа холбогдож явна даа. Бага байхдаа Цагаан сар, Баяр наадмын үеэр бөхийн цол дуудаж байхыг радиогоор сонсож ямар сайхан юм, бөх цоллодог хүн болон юмсан, дуулдаг болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн.
-Танай удамд сайхан дуулдаг хүн байсан уу?
-Миний аав жолооч мэргэжилтэй их сайхан дуулдаг хүн байсан. Би аавынхаа машинд суугаад хөдөө их явдаг байлаа. Миний аав их сайхан дуулдаг найр ахлаач гэж байдаг шүү дээ. Найрыг сайхан ахалдаг удирдаад, ёс жаягаа ч их сайн мэддэг дуучин хүн байсан. Аавынхаа энэ сайхан авъяасыг өвлөсөн байх. Манай ээжийн талд ч гэсэн их сайхан дуулдаг хүмүүс байсан. Ер нь хоёр талын удамтай.
-Таныг оюутан цагаасаа эхлээд чуулгад дуулж байсан гэж сонссон. Тэр үеэ эргэн дурсвал?
-Оюутан байхдаа чуулгад дуулдаг байсан. Чуулгаасаа УДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурийн найрын дуучын дүрийг бүтээж байсан. Нийтдээ 60-аад удаа найрын дуучын дүрийг бүтээсэн байх одоо хүртэл дуулдаг. Оюутан байхдаа бол зөндөө уралдаан, тэмцээн, бөхийн цол дуудаачдын уралдаанд орж байсан. Ер нь оюутан байхаасаа л эхлээд тэмцээн, уралдаанд их оролцдог байлаа.
-Яагаад бөхийн засуул болчихов оо?
-Багаасаа л сонирхдог байсан. Би багадаа ч барилддаг байсан л даа 1994 онд үндэсний бөхийн цол дуудаачдын Улсын анхдугаар уралдаанд оролцож дөрөвдүгээр байрт ороод миний урд Ганхоолой, Мягмар, Цогзол, Пүрэвээ гээд манай аваргууд орж байсан. Тухайн үед цол дууддаг хүн ховор байхад л СУИС-ийн Уртын дууны ангийн оюутан залуу, жаахан хүүхэд тэдний дунд багтаж байсан даа. Тэр үеэс л эхлээд цол дууддаг болсон.1995 онд гуравдугаар байр, 1996 онд мөн гуравдугаар байр, 1999 онд болсон “Миний нутаг сайхан” гээд аймгуудын урлаг, спортын уралдаанд наадмын бөх цоллоочдын төрөлд тэргүүн байрт орж түрүүлсэн. Мөн 2003, 2006 онуудад Үндэсний их баяр наадмын шилдэг бөх цоллоочоор шалгарсан юм. тэрнээс хойш 17 жил бөх засч, цоллож явна даа. Энэ хугацаанд гурван жил л завсарласан. Юунаас болж завсарласан гэхээр Швейцарь, Итали, Европын орнуудаар ардынхаа урлагийг сурталчилж явах яг тэр үед наадам таарч байсан. Би тэгж яваад хоёр, гурван наадам л завсарласан байх. Тэрнээс хойш дандаа л үндэснийхээ баяр наадам, улсын хэмжээний томоохон наадмаар бөх цоллож, бөхөө засч ирсэн дээ. Хамгийн анх 1996 он би үндэсний их баяр наадмаар Дархан аварга Х.Баянмөнхийн цолыг дуудаж байсан юм. Тэгэхэд хүмүүс Дархан аваргын цолыг жаахан хүүхэд дуудаж байна гэж ярилцаж байсан. Тэр үедээ би их сандарч байлаа. Миний хувьд энэ хамгийн анх улсын наадамд цол дуудаж байсан минь юм. Харин спортын төв ордон гэж байсан тэнд аварга, арслангуудын цолыг бол зөндөө дуудаж байсан.
-Танд хамгийн сайхан дурсамжтай, сэтгэлд чинь тод үлдсэн наадам хэзээ байсан бэ?
-Өнгөрсөн 2011 онд дөрвөн том ой давхцсан сайхан баяраар би 15 жилийн дараа Баянмөнх аваргынхаа цолыг дахин дуудсан. Баянаа аварга 1996 онд хамгийн сүүлд зодоглоод, тэрнээс хойш зодоглоогүй байсан юм. тэгээд 15 жилийн дараа Баянаа аваргаа зодоглоход дахин цолыг нь дуудсан их сайхан тохиолдол, дурсамжтай, бахархалтай наадам болсон юм. Дөрвөн том ой давхцсан наадмаар бол Баянмөнх аварга зодоглоогүй байсан бол Дархан аваргагүй наадам болох байсан. Баянаа аварга ч гэсэн өөрөө хэлж байсан л даа. Яг нэгийн даваанд гарахаасаа өмнө “Дархан аваргагүй дөрвөн том ой болно ч гэж юу байхав энэ жил гарнаа” гээд олон жил завсарласны эцэст дахин зодоглосон. Тэгээд би зүүний магнайд эрэмбээрээ анх удаа өнгөрсөн жил гарч мөрөн дээрээсээ шинэ аваргыг төрүүлсэн дээ. Би арван хэдэн жил цол дуудахад хамгийн анхны цолтон өнгөрсөн жил миний мөрөн дээрээс төрсөн. Тэр нь бүр аварга цолтон төрчихсөн их сонин сайхан зүйл. Урьд нь яагаад миний мөрөн дээрээс цолтон төрдөггүй байсан бэ? гэхээр зүүний дагавар магнайд байсан. Зүүний дагавар магнайд дандаа цолтой бөх гарч ирдэг. Жишээлбэл Аварга, Арслангууд гарч ирдэг болохоор тэд нар чинь шөвгийн дөрөвт үлдээд унах ч юм уу тийм байдаг. Долоогийн даваанд гэхэд чинь аварга хүн над дээр гарч ирээд нөгөө талаас гарч ирсэн бөхийг давчихдаг учраас цолтон төрөх тийм боломж таарахгүй байсаар байгаад өнгөрсөн жил төрсөн нь шинэ Аварга С.Мөнхбат юм. Би олон аварга, арслангуудын цолыг дуудаж байсан. Баянмөнх аварга, Бат-Эрдэнэ аварга зэрэг хамгийн сэтгэлд тод үлдсэн нь 2006 оны наадмаар гурвын даваанд Бат-Эрдэнэ аварга, тавын даваанд А.Сүхбат аварга, долоогийн даваанд Өсөхбаяр аварга гээд дарааллаад гурван аваргын цолыг дуудаж тэр наадмын шилдэг цоллооч болж байсан юм.
-Бөхчүүд засуулаа өөрсдөө сонгох уу?
-Дүрэмд бол сонгоно гэж заасан байдаг. Жишээ нь би энэ засуулаар засуулахгүй, би энэ засуулаар засуулна ч гэх юмуу сонгох боломжтой. Гэхдээ тийм тохиолдол бол их ховорхон гарсан байдаг. Над дээр нэг тийм тохиолдол гарч байсан юм. М.Баяржавхлан гарьд, заан болдог жилээ намайг 7,8-ын хоёр даваанд сонгож засуулсан юм. Тэгэхэд би зүүн талд цэнхэр дээлтэй байхад баруун талд М.Баяржавхлан гарьд гарахаас түүнийг дагаад баруун талд гарах учраас дээлээ солиод ягаан дээлтэй гарч байсан удаатай.
-Бөхийн засуул, бөхийн цол дуудах нь урлаг уу? аль эсвэл спорт уу?
-Бөхийн засуул, ер нь бөх гэдэг бол Монголын ард түмний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн асар том соёл. Тийм учраас бөхөө засна, бөхөө цоллоно гэдэг бол урлаг. Урлаг урлагтаа бол урлагийн нэлээд хэцүү дээд төрөл гэж боддог. Яагаад гэхээс уртын дуучин хүн болгон бөхийн цол дуудахгүй шүү дээ.
-Бөхийн засуул болох залгамж халаа хэр бэлтгэгдэж байгаа бэ? залуус хэр сонирхож байна бэ?
-Уг нь засуул болох сонирхол залууст байдаг. Гэхдээ яг тууштай биш. Зарим нь замаасаа шантрана. Бөх гэдэг чинь бидэнтэй адил хүн л юм чинь янз бүрийн үг хэлнэ. Талбай дээр засуулуудыг хараах, ерөөх явдал зөндөө гардаг. Тэр болгонд шантрах, шударга үнэнийг хэлж чадахгүй, айж ичих түүнээсээ болоод жаахан явж байгаад шантрах асуудал зөндөө гардаг. Шинэ залуу цол дууддаг хүн ховор байна. Одооны дуучдад цол дуудъя гэсэн хүсэл эрмэлзэл бага байх шиг санагддаг. Эрмэлзээд, эрмэлзээд барахгүй хүмүүс ч бас байна л даа. Ер нь дуулах, бөхийн цол дуудах хоёр маань их ялгаатай. Тэгвэл надаас Пүрэвээ гуай, Цогзол гуай яагаад цол дуудаад байна гэж асууж болох юм. Тэд нар чинь мэргэжлийн дуучин хүмүүс биш. Гэхдээ тэд бол их сайхан дуулдаг хүмүүс урлагаар л яваагүй болохоос. Зүүний манлайд миний дээр байж байгаад 65 хүрээд хүндэт засуул болчихсон. Тэд их сайхан уртын дуу дуулна. Бөхийн засуул гэдэг чинь их хүнд ажил л даа. Бороонд норно, халуун наранд шарагдана, “Тэр гараарай, энэ гараарай” гэж хашгирч явна. Дөнгөж хөдөөнөөс ирсэн бөх бол хаашаа гарахыгаа мэдэхгүй, цагаан хоолойгоор хэлсэн зүйл нь сайн сонсогдохгүй тийм л их ачаалалтай ажил шүү дээ.
Залуу засуулууд замаасаа шантрах тохиолдол зөндөө гардаг гэж хэллээ. Танд шантарч байсан үе байгаа юу?
-Би шантраад за ёстой болъё гэсэн тийм үе байгаагүй. Гэхдээ ер нь бол хааяа тийм юм бодогдож байсан үе бол байгаа. Яг за ингээд ёстой болъё, очихгүй гэсэн үе бол байхгүй ээ.
-Яг улсын хэмжээнд хичнээн засуул байдаг бэ?
-Аймаг, аймагт бол байна. Яг улсын хэмжээнд бол Үндэсний баяр наадмаар ирээд засдаг нь 30 орчим л байна. Бөхийн өргөөнд бол нэг 8-10 нь засдаг. Улсад цол дууддаг нь бол арван хуруунд хүрэх үү, үгүй юу л байна. энэ сайхан үндэсний соёл байна цаашид шинэ залуу бөхийн засуулууд гарч ирэх байлгүй дээ.
-Таныг бөхийн засуул болоход чиглүүлж өгсөн багш байгаа юу?
-Бөхийн засуулаар яг гардаа хэлсэн багш бол байхгүй. Гэхдээ бол эчнээ багш гэж байдаг даа. Тэр хүнийг харж үлгэрлэн дуурайж явдаг хүн бол олон байгаа л даа. Миний дээд талын засуулууд Цолзол, “Ганхоолой” Мягмар, Пүрэвээ зэрэг олон сайхан хүмүүсээс үлгэр дуурайлал авч явдаг. Эд нар шиг биеэ авч явах юм сан, эд нар шигээ бөхөө засах юм сан гэж байнга хүндэлж явдаг даа. Хамгийн ойр дотны гэвэл Цогзол гуай байна.
-Та СУИС-д багшилдаг гэсэн гарын шавь байгаа юу?
-Би СУИС-ийн уртын дууны багш. Манай сургуульд мэр сэр засуул болох тийм хүмүүс байгаа. Олон шавь бэлдэхийг их боддог. Гэтэл за энэ гайгүй цол дуудчих болов уу гэж бодсон нь бөхөө сайн мэдэхгүй, мэх мэдэхгүй байх жишээтэй. Энэ чинь нэг цогц бүрэлдэх ёстой л доо. Бид бөхийн засуул шалгаруулж байсан Гавъяат тамирчин ардын багш Сэрээтэр харцага маань бөхийн мэх, жаяг дэгийн талаас нь заагаад би бөхийн цол дуудах талаас нь заагаад сургалт бөхийн өргөөнд зохиож байсан. Тэр болгон залуус гарч ирэхгүй л байна даа. Энэ чинь бас цалинтай ажил биш шүү дээ.
-Бөхийн засуул хийх нь таны ажил уу? сонирхол юу?
-Цэвэр өөрийн хобби сонирхол юм даа. За нэг удаа бөх заслаа гэхэд 10-20 мянган төгрөг авах жишээтэй. Тэгэхээр хүний өөрийнх нь зав чөлөөний асуудал юм.
-Та бол бөхчүүдийн тогоонд буцалдаг гээд хэлчихэд болно. Бөхчүүд сэтгэлийн хөдлөлөө хэр илэрхийлдэг хүмүүс бэ?
-6002 бөх Геннисийн номонд бүртгэгдсэн дээ. Тэр үеэр би Б.Бат-Эрдэнэ аваргыг 3,5,7,9-ийн даваанд цол дуудсан юм. Их сайхан байсан түүхэндээ есийн даваанд цол дуудаж байсан. Урьд хожид ч байгаагүй сайхан мөч. Б.Бат-Эрдэнэ аваргын сэтгэл маш их хөдөлсөн тэр нь надад мэдрэгдсэн. Бөхчүүд ер нь аварга, арслан гэлтгүй сэтгэлийн хөдлөл нь гараа мөрөн дээр дарж байгаа даралтаар мэдрэгддэг л дээ. Гар нь хэр зэрэг чанга дарж байна, хэр чичирч, дотоод сэтгэлээ яаж илэрхийлж буйгаар нь мэдрэгддэг. Ямар ч аварга хүнд ийм сэтгэлийн хөдлөл илэрдэг. Тэр тусмаа ХХ зууны манлай их аварга гээд дуудахад Б.Бат-Эрдэнэ Аварга миний мөрөн дээр “пад” хийтэл дарж байсан. Есийн даваанд тийм том хүний цолыг дуудаад тэгээд амлаж авсан бөхийнх нь цолыг би дуудаж байгаа юм. “Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн Аварга, аймгийн арслан Түвшинбаяр”-ыг гээд л цол дуудахад сайхан байсан. Энэ сайхан үеийг үзэж ард түмнийхээ үндэсний өв соёлтой холбоотой байдагтаа их баяртай байдаг даа.
-Таныг морин хуур их сайхан тоглодог гэж сонссон?
-Морин хуур тоглодог. Соёлын дунд сургуулийн морин хуурын ангийг төгссөн. Дараа нь СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн нийтдээ 9 жил сурсан шүү дээ. Би нэлээд олон дууг өөрөө хуурдаад дуулчихдаг. Би уртын караоке-г гаргасан. Манайд бол зохиолын дууны караоке бол зөндөө байдаг. Харин уртын дууны караокег би анх удаа гаргасан.
-Бөхийн засуулууд нутгархаж, хэн нэгнийг илүү дэмжих дүрмээр хороиотой байдаг гэж сонссон?
-Монголчууд чинь их нутгархаг хүмүүс ш дээ. Бид Чингисийн цустай амьтан гэж томордог мөртлөө нутгархаг улс. Би Говь-Алтайн хүн гээд л. Гэхдээ бөх дээр бол тийм байж болохгүй л дээ. Тэр тусмаа засуул хүн. Ямар ч нутгийн бөх өөр бөхтэй таарч барилдсан ч гэсэн тэрний талд шударга байх хэрэгтэй. Танил тал харах, нутгархах тийм зүйл гаргахгүй гээд дүрмэнд заагаад өгсөн байдаг. Миний хувьд бол нутгийнхаа бөхчүүдээр бахархдаг. Дээр нь амжилтаа ахиулаасай гэж хүсч явдаг. Өнгөрсөн жилийн наадмаар Г.Өсөхбаяр Аварга, Бат-Эрдэнэ гарьдтай барилдахад би Г.Өсөхөө аваргыг засч таарч байгаа юм. Тэгэхэд би Бат-Эрдэнийн талд орох ямар ч зүйл байхгүй. Шударга бус байснаа тэр бөхийн амжилт нь баларна. Тийм учраас миний хувьд яг бөхийн засуул хийж байх үедээ ямар ч шударга бус зүйлийг гаргадаггүй. Би энийг бол хангалттай хэлж чадна. Өнгөрсөн зуны наадмаар л гэхэд хоёрын даваанд миний төрсөн дүү аймгийн начин Б.Батбаатар, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арсалан н.Адъяасүрэнтэй таарсан. н.Адъяасүрэн том цолтой учраас над дээр гарч ирсэн. Тэр хоёр арван хэдэн удаа барьц сонгосон. Тэгэхэд би дүүгээ барьц сонгоход нь илүү байж болно. Гэхдээ би тэгээгүй барьц сайн барилцсан учраас тэр хоёрын хүч тэнцэж байсан. Сүүлдээ аймгийн арслан манай дүүг унагасан. Би шударгаар л засахыг хичээдэг.
-Бөхчүүдийн дунд бөхийн найраа гээд л яригддаг. Та бөхчүүдийн дунд байдаг хүн бөхийн найраа гэдэг зүйл хэр их байдаг бэ?
-Яг намайг засуул болох үед их байсан. Мэр сэр сонсогддог л юм. Гэхдээ бид нарт бол мэдрэгдээд байсан юм бол байхгүй. Хэрвээ мэдрэгдэх юм бол би засахгүй байх эрхтэй. Гэхдээ үүнийг бол ялгаж салгах аргагүй юм билээ. За би одоо танай нутгийн ах, дөрөв давчихлаа цаашлаад гэтэл чиний нутгийн аймгийн заан дүү сайн барилдаж байдаг. Тэгэхэд за яахав амлаад өгчихье гэсэн тийм зүйл байна. Гэхдээ энэ бол дэмжих зорилгоор. Дээр үед чинь Х.Баянмөнх аварга, н.Дагва-Очир арслан хоёрыг чинь Самданжигмэд гуай Бадамсэрээжид хоёр арслан хоёулаа даваа авах юм биш дээ. Хоёулаа энэ дөрөв давсан Төв аймгийн хоёр хүүг аваад өгчихье дөө гээд л өгчихөж л байсан. Нөгөө хоёр нь итгэлийг нь дааж явсаар байгаад л хоёулаа аварга, арслан болчихсон. Түүн шиг л итгэл алдахгүй цаашаа сайн барилдах хэрэгтэй юм л даа. Одоо бол бөхийн барилдаан их олон болж байна. Бөхийн холбоо ч гэсэн сайн ажиллаж байна. Маш олон зүйлийг дэвшилттэй, зорилттой ажиллаж байгаа гэж би бодож явдаг. Тэр нь бол бөхийн найрааг багасгаж байгаа юм. Зарим жил чинь 17 начин төрсөн удаа байгаа шүү дээ. Нэг өдөр л үүнийг чинь пад гээд л зогсоочих юм биш. Амлах, амлагдах чинь бөхийн соёл үүнийг болиод оноолтоор барилдъя, сугалаагаар барилдвал нөгөө сайхан аварга, арслан гэдэг цолоор яах вэ дээ. Дээр үед их сайхан байсан гэсэн ш дээ бөхчүүд их жудагтай байсан. За барилдаа хоёулаа зэрэг уначихлаа гэхэд хоёулаа босоод зогсчихдог байсан гэдэг. Чи давсан, та давсан гээд л элэг бүсээ тайлаад за яв тугаа тойр гээд зогсчихдог байсан гэсэн. Өнгөрсөн жилийн наадмаар Баяржавхланг есийн даваанд заан Эрхэмбаяртай барилдахад нь засаж байсан. Миний хувьд Баяржавхлан гарьдыг давчихлаа гэж бодсон юм. Тэгээд би “За чи давчихлаа” гэхэд өөрөө ч явахгүй зогсоод Эрхэмбаяр ч гэсэн дэвэхгүй хоёулаа зогссон. Тэр бол бөхчүүдийн сайхан жудаг л даа. Тэр хоёр шиг л бай гэж хэлмээр байна.
-Аварга А.Сүхбат зодог тайлсан. Тэрбээр үүнийгээ бөхийн найраатай эвлэрэхгүй гэж тайлбарлаж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг бэ? Зодог тайлсан нь зөв болов уу?
-Зодог тайлсан нь харамсалтай. Маш их харамсалтай. Зодог тайлсан нь буруу. Сайхан барилдаж ард түмнийгээ баясгаад л явж байх байсан юм даа гэж бодож явдаг. Тэгсэн бол одоо Дархан аварга болох ч байсан юм билүү. Бөхийн найраатай тэмцэж байна гээд нэг бөх зодог тайлсанаар энэ зүйл зогсохгүй л дээ. Найраа гэдэг юмыг чинь бөхийн холбоо ч юм уу, хэн нэгэн нь мэдэх ямар ч учир байхгүй. Тийм учраас бөхчүүд л өөрсдөө ёс жудагаа дээдлэх хэрэгтэй. Одоо ард түмэн ч гэсэн мэдэж байна ш дээ. Заалны барилдаанд цөөхөн барилддаг бөх начин болоход найраа хийчлээ л гэдэг.
Та хүүхдүүдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлье гэж боддог уу? Хүүхдүүдээс чинь мэдэгдэж байгаа юм байна уу?
-Манай хүүхдүүд ч бага байна л даа. Би чинь хоёр хүүтэй нэг нь хоёр настай, нэг нь долоон настай. Гэхдээ өөрийнхөө мэргэжлийг ямар ч байсан өвлүүлж үлдээнэ гэж боддог. Хүүгээ янз бүрийн бүжиг гээд гүйхээр нь за миний хүү наадахаа боль болохгүй. Миний хүү аав шигээ уртын дуу дуулах хэрэгтэй, морин хуур тоглодог байх хэрэгтэй, эр хүн байна сайн барилддаг байх хэрэгтэй гэж захидаг. Одоо манай гэрт гурван морин хуур байна. Манай бага хүү илүү сонирхолтой юм шиг байгаа юм. Би яадаг ч байсан өөрийн мэргэжил, ардын урлагаахүүхдүүддээ уламжлуулж үлдээнэ. Бид нар л цааш нь уламжлуулахгүй юм бол устах аюултай.
-Уртын дууг маань аль хэдийн Хятадууд өөрсдийнхөө гээд байгаа шүү дээ? Монгол хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг бэ?
-Морин хуур бол Юнейскод Монголынх гээд бүртгэгдчихсэн байгаа. Харин уртын дуу бол Хятад Монголынх гээд бүртгэгдчихсэн. Яагаад гэхээр Өвөрмонгол чинь уртын дуутай ш дээ. Тийм болохоор яалт ч үгүй Хятадын гэж байгаа юм. яаж нэг Хятад гээд ганцаараа орчихоогүй юм. Сая бас 6000 бөх Геннист оруулсан нь маш их сайхан зөв зүйл болсон гэж бодож байгаа. Манайд чинь Баяд, Дөрвөд, баруун аймгуудад бух ноололдоон гээд бөхийн олон төрөл байдаг. Олон үндэстний бөхийн төрлүүдээс хамгийн шалгарсан нь Монгол үндэсний бөхийн барилдаан гэж бодож явдаг даа.