АНУ ХАТАН БУЮУ ЖҮЖИГЧИН, СТА Ц.БАЯСГАЛАН:Со ахийг жийсэнтэй адилхан намайг ч бас жийсэн
“Нууц амраг чинь болъё” “Парисын дарь эхийн сүм”, “Эхнэрээ зээлээч”, “Лусын дагина”, “Шар тэнгисийн тарчлаан”, “Хайрын виз” гээд олон арван жүжгийн дүрээрээ үзэгчдийн танил болсон СТА, жүжигчин Ц.Баясгалантай ярилцлаа.
-Та их нам гүмхэн амьдардаг хүн. Урлагийн хүнд ийм зан зохих уу. Ер нь анх урлагт хэрхэн хөл тавив?
-Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат хүн. Аав маань шугам зургийн багш мэргэжилтэй, нутаг усандаа буурал Цэнзээ гэж хүндлэгдсэн их сайхан хүн байсан л даа. Ээж маань орос хэлний багш. Миний урлагийн хүн болох суурийг аав маань тавьсан болов уу гэж боддог. Аав маань урлагт их дуртай, ардын богино болон уртын дууг их сайхан дуулдаг хүн байсан. Биднийг жаахан байхад маш их үлгэр ярьж өгдөг байлаа. Ярьж байгаа үлгэр бүрийнхээ дүрд хувирч, товчхондоо жүжиг тоглож өгдөг байлаа л даа. Үүнээс гадна бидний үеийн хүүхдүүд чинь Орбитын сувгаар Оросын дуучид, жүжигчдийн тоглолтыг үздэг, тэднийг л даган дуурайж хүмүүждэг байлаа шүү дээ. Энэ бүхнээс надад урлагийн хүн болохсон гэсэн сонирхол их төрдөг байсан. 1990 онд УГЗ Зориг, Лхасүрэн багш нар манай аймагт ирж дөрвөн хүүхэд шалгаж авсны нэгд азаар би багтаж, Гантөмөр багшийнхаа шавь болсон. Тайзны ярианы багш маань Уртнасан гуай байлаа. Сургуулиа төгсөөд Тунгаа эгчийнхээ урилгаар “Орчин үе“ театрт очиж, ажлынхаа гарааг эхэлсэн дээ. Жүжигчин Эрдэнзаан бид хоёр хоёулаа тэр театраас гараагаа эхэлж байсан юм. Бид хоёр 10 жилийн хоёр л доо. Миний анхны роль “Махчин могойн байшин“ жүжгийн тахианы дүр байсан. Жүжиг, бригад гэж юу байдаг, дүрээ яаж хүнд хүргэхэв гээд тэндээс, тэнд ажиллаж байсан ахмадуудаасаа ихийг сурсан. Муухай Пүрэвээ гуай, Сэлэнгээ эгч, Батсүх гуай гээд маш мундаг жүжигчид “Орчин үе“ театрт ажиллаж байсан ш дээ.
-Жүжигчин Эрдэнэзаанаас эхлээд танай үеийнхэн ихэнх нь хошин шог руу урвасан. Харин та яагаад драмын театртаа үлдсэн юм?
-Мөнхдорж багшийнхаа урилгаар 1997 онд драмын театрт ирсэн. Тухайн үед “Тамгагүй төр“, “Ромьео ДЖульетта хоёр“ зэрэг жүжгүүд тавигдаж, олны хэсэгт нь л гүйдэг байлаа. Найз нартайгаа хошин шогийн хөтөлбөрүүд хийдэг л байсан. Хошин шогийн төрлийг сонгох боломж байсан ч би яваагүй. “Чи л жүжигчин болох ёстой шүү” гэсэн багшийн маань итгэл, аливаад үнэнч ханддаг хувийн зан чанараасаа болоод драмын театраа түшиж үлдсэн юм болов уу гэж боддог. Мөнхдорж багш маань намайг “Цэвээнжавын хойд дүр. Энэ хүнийг орлох хүн нь чи“ гэж хэлж байсан юм. Энэ маш том итгэл, маш том хариуцлага шүү дээ.
-Зуунд ховор тохиох агуу жүжигчин шүү, Цэвээнжав гуай. Яагаад таныг энэ хүний хойд дүр гэсэн юм бол?
-Манай театрынхан ахмадуудынхаа бүтээж байсан дүрүүдийг нөхөж тоглон “Бид мартахгүй” хөтөлбөрийг хийдэг юм. Түүн дээр би Цэвээнжав гуайн бүтээж байсан хоёр ч дүрийг орлон тоглосон юм. Гэхдээ мэдээж яаж гүйцэхэв, тэр агуу хүнийг. Тэндээс харсан юм болов уу, Мөнхөө багш маань намайг задгай тоглолттой гэдэг утгаар нь тэгж хэлсэн байх. Одоо хүртэл багш маань надад “Чи чадна” гэж урам өгч, итгэж байдаг. Зориг багш маань ч амьд ахуйдаа намайг “Чи характерный жүжигчин. Жижигхээн дүрд гарсан ч дүр гэдгийг гаргах хэрэгтэй” гэдэг байсан.
-Багшийнхаа их итгэлийг дааж, “Цэвээнжавын хойд дүр” болохоо харуулж амжсан уу, энэ хугацаанд?
-Залуу хүн учраас хийх юм маш их байгаа, хийж бүтээнэ л гэж бодож явдаг. Чеховын фестивалийн үеэр багшаасаа маш сайхан магтаалын үг сонсож байсан юм байна. Тэр үеэр шөнө нэг цаг өнгөрч байхад Мөнхөө багш маань утасдаад “Чи ирэхгүй бол болохгүй нь” гэхээр нь театртай манай гэр ойрхон болохоор тэр дороо л очлоо. Энэ фестивальд Хятадын эрэгтэй, эмэгтэй хоёр жүжигчин ирж “Баавгай“ жүжгээрээ оролцох байтал эмэгтэй жүжигчнийг нь гаргаагүй юм байна л даа. Гэтэл багш маань намайг “Олон хүнийг бодлоо. Чи хийж чадна, жүжгээ ав. Хэр жүжигчин болсныг чинь эндээс л бид харна“ гээд их том итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлсэн. Маргааш тоглоно гэж байдаг. Тэгээд тэр шөнөдөө зохиолоо жаахан уншлаа. Эрэгтэй жүжигчин маань Хятадаар, би Монголоор ярихаар бид хоёрын үг сууж өгдөггүй. Монголын Баясгалан гэдэг жүжигчин шөнө ролио авсан, одоо хятад жүжигчинтэй хамтарч тоглох гэж байна гээд бөөн яриа. Сонирхсон уу, хүний мууд дурласан уу. Зритель дүүрчихсэн. Тоглолтоос хоёр гурван цагийн өмнө Лхасүрэн багш бид гурав сургууль хийгээд хятад манертай болгоод тоглолоо. Маш амжилттай тоглосон. Инээдмийн жүжиг байхгүй юу. Хэлний ялгаа байсан ч үзэгчид хэдийн хүлээгээд авчихсан ханарч байсан. Тэгэхэд Мөнхдорж багш маань “Миний охин чи багшийнхаа итгэл найдварыг авч гарч чадлаа“ гэж байсан. Оросын нэг ардын жүжигчин бас “Чи герой“ гэж хэлж байсан нь хамгийн гоё шагнал байсан.
-Өнгөрсөн онд та Ойрадын домогт хатны дүрийг амжилттай бүтээсэн. Үзэгчид ч таныг илүүтэй мэддэг, Баясгалан гэхээсээ илүү Ану хатан гэж тодотгодог боллоо. Баатар найруулагч “Баясгалангийн шүүсийг шахах гэж Ану хатны дүрийг өгсөн” гэж яригддаг. Энэ тухай бас жүжгийнхээ тухай яриач?
-Баатар найруулагч “Солиотой жүжиг“-ийн Жанна, “Эхнэрээ зээлээч” жүжгийн Жавзангийн дүрийг хараад “Бүтэн жүжгийг яаж авч явахыг чинь хармаар, шүүсийг чинь шахмаар байна“ гэж байсан. Ер нь үгээр хүнийг алж бас сэхээж болдог гэдэг үнэхээрийн үнэн үг. Ялангуяа уран бүтээлч хүнд үг гэдэг маш том урам байдаг юм байна. Тэгээд Баатар найруулагч надад жүжиг хийж өгье гэж байсан л даа. Найруулагч хүн жүжигчинд зориулж жүжиг хийе гэдэг ховор тохиолдол шүү дээ. Манай нэг найз Сорхагтанбэхи хатнаар жүжиг бичиж өгье гэж байсан. Би өөрөө Ойрад хүн болохоор Ану хатан ямар байх бол гэж бодож байсан. Шүүдэрцэцэг номынхоо нээлтийг хийгээд удаагүй байсан л даа. Уншаад үзсэн чинь сүүл рүүгээ драм үүсэх боломжтой юм шиг санагдахаар нь Баатар найруулагчид “Ану хатан байвал яаж байна“ гэхэд “Чамд таарахаар бол хоёулаа зүтгэе. Таарахгүй бол үгүй шүү“ гэсэн. Жижигхэн биетэй, эршүүд гээд ер нь надад наалдсан роль байсан л даа. Тэгээд найруулагч маань “Давай, зохиолчтой нь уулзъя” гээд Шүүдэрцэцэгтэй уулзан жүжгийн зохиол болгох санал тавьсан. Жүжгийн зохиол, үргэлжилсэн үгийн зохиол гэдэг тэс өөр зүйл л дээ. Шүүдэрцэцэг бид хоёр бараг арваад удаа хяналт хийснийхээ дараа найруулагчдаа үзүүлтэл гологдсон. “Ану хатны дайснууд гэж ямар хүн байна. Би дайснуудаа хармаар байна” гээд Галдан бошигтын ач Цэвээнравдан, Очирцэцэн хааны бүлэглэлийн үзэгдлийг захиалж хийлгэсэн юм. Оюундарь, гавьяат Сарантуяа бид гурав өөрсдийнхөө хоёр үзэгдлийг өөрсдөө бичсэн байх жишээтэй. Драмын зохиол гэдэг маш хэцүү л дээ, аргагүй. Шүүдэрцэцэг бид хоёр “Тод номын гэрэл“ төвийн захирал Бат-Амгаланд болон Увс Ховдын компаниудаар явж мөнгийг нь босгосноор энэ жүжиг тавигдсан.
-Баатар найруулагч санасандаа хүрч шүүсийг чинь шахаж чадсан болов уу?
-Ер нь бол түүхэнд тайзнаа гарч ирж байгаа хоёр дахь хатан нь Ану хатан. 1942 онд Мандухай цэцэн хатан тавигдаж Цэрэндулам гуай гол дүрд нь тоглож байсан юм билээ. Бас Сувдаа эгч Мандухай хатнаараа тамгалагдаж, нэрийн хуудсаа болгосон. Жүжиг тавигдах гэж байхад Сувдаа эгч надад хэлж байсан л даа. Ээ дээ Баясаа минь, хүмүүс хэцүү шүү. Янз бүрийн яриа хөөрөө гарна. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай гэж. Энэ нь надад маш их дэм болсон. Баатар найруулагч ч гэсэн чи няцаж болохгүй шүү гэдэг байсан. Сувдаа эгчийг Мандухай хатанд тоглох үед “Ийм том амтай, ийм өндөр хатан байдаг юм уу“ гээд их л шүүмжилж байсан юм билээ. Уран бүтээлч хүн бүр түүхэн хатны дүрд тоглохсон гэж мөрөөддөг, өөрийгөө тэр дүрд тавьж боддог байх. Тэр утгаараа янз бүрийн яриа гарах нь бий. Энэ жүжгийг гаргаж ирэх маш хэцүү байсан. Сайн муу хэлэхээс эхлээд. Гэхдээ сайн муу аль нь ч байсан тэр болгон хүнийг хурцалж өгдөг юм байна лээ. Тэр бүхнээс халширсан бол одоо хүртэл ингэж эрэлттэй байж чадахгүй газрын гаваар орох байсан байх. Хурцалж өгөх хүн олон байсан учраас энэ дүр босож ирсэн байх гэж боддог. Түүхэн жүжгийг сар шахуу бэлтгэл хийж, хэвшүүлж байж олны хүртээл болгодог. Тэр үед бидэнд тайзан дээр гарах боломж ховор байсан учраас ширээний бэлтгэл их сайн хийж, зургаа долоохон хоног тайзан дээр бэлтгэл хийгээд гарсан. Эмоци ихтэй байсандаа дүрээ авч гарсан байх. Дотроо бол өөрийгөө маш их голж байсан л даа. Ямар ч байсан найруулагчийнхаа хүссэнийг хийж чадсан гэж боддог. Ер нь ойрадууд их цөс ихтэй хүмүүс байдаг. Би ч өөрөө ойрад цустай болохоор энэ агуу түүхийг олон түмэнд дэлгэж тавина гэдгээрээ маш их омогшиж, хурцлагдаж, бадарч, асаж байсан. Тэр эрчээрээ зүтгэсэн учраас жүжиг маань амжилттай болсон байх.
-Үзэгчид бол үнэхээр сайхан хүлээж авсан шүү дээ?
-Баярлалаа. Надад ч үзэгчдийн халуун дулаан уур амьсгал мэдрэгддэг байсан. Тоглолтын дараа хөшиг хаагдаж амжаагүй байхад нэг эгч гарч ирээд “Миний хүү энэ бөгжийг надад Энэтхэгээс авчирч өгсөн юм. Чи л үүнийг авах ёстой” гээд сувдан шигтгээтэй монетан бөгжөө тайлаад өгч байсан. Хэчнээн та хүүгийнхээ өгсөн зүйлийг өөртөө байлга, авахгүй ээ гэсэн ч “Чамд байх ёстой зүйл” гэж зүтгэсэээр байсан. Бас нэг эмч эгч надад зориулж шүлэг бичин, жүжгийнхээ тасалбарыг дор нь наан хавтаслаад театрын 80 жилийн ойгоор авчирч өгч байсан. Үнэхээр нандин, сайхан бэлэг. Энэчлэн хүмүүс баярлаж талархсанаа илэрхийлэн, урам өгөх бүрт улам хичээж, итгэлийг нь даахсан гэж тоглолтоос тоглолтын хооронд дүрээ сайжруулах гэж хичээсэн.
-“Домогт Ану хатан” жүжиг дэлгэцийн бүтээл болж, Ану хатны дүрд дуучин Отгонжаргал тоглох гэж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа. Та яагаад тоглоогүй юм?
-Жүжгээ хийх явцдаа кино болгоё гэж тохиролцон хамтдаа хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг шийдэхээр ажиллаж байсан л даа, бид. Зураач найруулагчаа сонгоод, кино төслийг маань ивээн тэтгэх тэтгэгчдийг олохоор хүлээн авалт ч хийсэн. Бүгд л намайг тоглоно гэж бодож байсан. Би ч өөрөө итгэлтэй байсан болохоор хамтдаа их гүйсэн. Ану хатан надаас гурав дөрөв эгч үедээ нас барсан байдаг. Тэр насан дээр нь байсан болохоор бас жүжигтээ тоглосон болохоор кинонд Ану хатныхаа дүрийг бүтээнэ гээд итгэлтэй байсан л даа. Солигдоно гэж үнэхээр бодоогүй. Гэсэн ч Отгонжаргал тоглохоор болсон. Яагаад солигдсоныг би сайн мэдээгүй, жаахан хөгшин гэж гологдсон юм болов уу л гэж бодсон.
-Итгэж байсан зүйл нь талаар болохоор хүн их гонсойдог шүү дээ. Танд гомдолтой байсан уу?
-Нуугаад яахав, сэтгэл гонсойлгүй яахав. Сайхан хамтарч ажиллаж байгаад гэнэт орхисонд нь бас гайхсан. Со ахыг Чингист тоглуулна гэж байгаад яаж жийж байлаа, тэр үед Со ахад ямар хэцүү байсан бол, яаж тайвширч байсан бол гэж хүртэл бодогдсон. Би хүртэл үс муутай болохоор найзаасаа ийм урт /гараараа хэмжиж үзүүлэв. сур/ үс аваад парикаа бэлдэж байсан. Ану хатны нас барсан газар Ану хатны мод гэж байдаг юм байна лээ. Тэр модонд очиж залбирч, дэргэд нь зогсоод Ану хатныхаа дууг хүртэл дуулж байсан. Шүүдэрцэцэг намайг морин дээрээс харвадаг Түвшинсайхан гэдэг охинтой танилцуулан, бэлтгэлдээ гарахаар төлөвлөж байсан. Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байсан бол бүр хэцүү байх байсан байх. Хүн их олон юм боддог юм байна лээ ш дээ. Яагаад намайг солих болсон юм бол гэж өөрөөсөө буруу их хайсан л даа. Тэгж байхдаа бага зэрэг юм судалж үзсэн. Тэндээс харж байхад Оскарын түүхэнд жүжигчин бус хүн түүхэн кинонд тоглоод оскар авч байсан юм уу нэрд гарч байсан түүх байдаггүй юм байна лээ. Бас түүхэн хатдад учиргүй хөөрхөн охин ч тоглодоггүй юм билээ. Түүхэн хатны дүрд ихэвчлэн драмын жүжигчид тоглосон байдаг юм байна. Гэхдээ би Отгожаргалын буруу гэж байгаа юм биш. Дуучны ангид жүжиглэхүйн урлагийн хичээл ордог юм ш дээ. Сайн дуулдаг юм чинь сайн тоглох байх, тоглоосой ч гэж хүсэж байна. Хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг нараа зориулж байсан маань талаар болоход тухайн үедээ хүнд л байсан. Одоо бол зүгээр ээ, мартчихсан. Хэнийг сонгож уран бүтээлдээ тоглуулах вэ гэдэг тухайн бүтээлийн эздийн л сонголт шүү дээ. Ямар ч байсан бид хамтарч сайхан жүжиг тавьсан, олон түмэндээ хүргэсэн.
-Жүжгийнхээ дууг та өөрөө дуулсан. Чингис хаан рок дуурийн Хуагчины дүр ч гэдэг юм уу туршлага байсан болохоор та дуулъя гэсэн үү?
-Ер нь хэд хэдэн дуулалт жүжигт тоглож байсан л даа. “Парисын дарь эхийн сүм”, “Шар тэнгисийн тарчлаан”, “Нүцгэн дурлал” зэрэг жүжгийн дуунууд байна. Гэхдээ дуулъя гэж санал тавиагүй. Харин дуул гэхэд нь эсэргүүцсэн ч “Чи чадна аа” гэж дэм өгсөн, дуулсан. Надад түүхэн жүжгийн гол дүрд тоглоё гэсэн бодол үнэндээ байгаагүй. Харин маш гоё мюзиклд тоглоно гэж боддог байсан. Миний мөрөөдөл. Сайн шүлэг, ая байсан бас Ану хатнаа сайн мэдэрсэн байсан болохоор дуу маань боломжийн хэмжээнд гарсан байх гэж боддог. Уг нь бол надад жүжигтээ тоглоод, дууг нь дуулж, клипэнд тоглоод байх сонирхол байгаагүй л дээ. Юм болгонд гараад байх нь утгагүй санагдаж байсан.
-“Би”-ийн өвчингүй юмаа даа?
-Сонирхол муутай шүү. Ер нь цээжээ дэлдэх дургүй. Гэхдээ дуу маань сайхан болсон. Баатар найруулагч маань фестивалийн нээлтийн дуу шиг сонсогдож байна гэсэн. Хэд хэдэн хүн сонсоод уйлж байсан, миний нүдэн дээр. Хөгжмийн зохиолч маань ч гэсэн “Мэргэжлийн хэмжээний дуу шүү Баясаа“ гэж хэлж байсан.
-“Ану хатан”-ы маань хувийн амьдрал уншигчдад маань сонин байж магадгүй?
-Би ээж, хүү, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг. Ажил гэр гэж явсаар байтал хувийн амьдрал бас хоцрогддог юм байна. Гэхдээ гэр бүлийнхнийхээ хүч, хайраар ивээн тэтгэгдэж, уран бүтээлээ хийж явна. Миний гэр бүл, миний ажил мэргэжил бас хамт олон, багш нар маань миний хамгийн үнэ цэнэтэй зүйл.
-Хүү тань хэдэн настай вэ?
-Миний хүү 15 настай.
-Уучлаарай, нөхөр тань…?
-Миний хүүгийн аав өөрийнхөө аз жаргалыг хайгаад явсан. Аз жаргал чинь дуусахаар эргээд ирээрэй, эргэж ирэхээр нь тосоод авъя гэсэн. Ирээгүй. Хүүгийн минь эцэг, нэгэн цагт ханилж явсан нөхөр минь учраас аз жаргалтай л амьдарч яваасай гэж хүсдэг.
-Хүнтэй суух бодол байдаг уу?
-Сууя гэвэл сууж болно л доо. Гэхдээ надад сэтгэлд таарсан хүн одоогоор таараагүй байна.
-Ямар хүн таны сэтгэлд нийцэх үү?
-Миний баримталдаг нэг зарчим байдаг юм. Эхнэр хүүхэдтэй хүнийг амьдралаас нь салгаж суухгүй гэсэн. Хоёрын хоёр багш хүний хүүхдийн хүмүүжил тийм байдаг юм байна. Эхнэргүй мөртлөө сууя гээд ирж байгаа хүн алга. Надад эхнэргүй хүн хаа байна гээд хайж явах зав алга. /Инээв/ Хайр сэтгэлд нэг их цаг зав гаргадаггүй, тийм зав ч алга даа.
-Та нээрээ бусдыг дуурайн дуулж, элэглэхдээ гаргуун юм билээ. Энэ талын авьяасаа хөгжүүлэхгүй яасан юм?
-2003 онд “Жүжигчид дуулж байна” тэмцээнд амжилттай оролцон түрүүлж байсан. Сарантуяа, Наран, Энхзул, Чулуунчимэг, Цогзолмаа гуай гээд хэд хэдэн хүнийг дуурайн дуулж байлаа. Хөгжүүлээгүй болохоос жаахан юм байсан байх аа.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Монголчуудын амьдрал
C***l me wind because I am abtueoslly blown away.