“ЭРЭЛ” БҮЛЭГЛЭЛИЙН БОХИР БИЗНЕС БА “АРИГ” БАНКНЫ ХӨШИГНИЙ АРД
Нийтэлсэн: 2021-03-17 10:50:30
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “Номин”-гийн Ш.Баярсайхан нарын дунд өрнөж буй “Ариг” банк тойрсон хов жив хөл толгой нь мэдэгдэхгүй хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Эдгээр нийтлэл, мэдээний агуулгаас харахад Б.Эрдэнэбат энхийн цагаан тагтаа, мөнөөх Ш.Баярсайхан үзэшгүй муухай хэрээ мэтээр уншигдах аж. Эндээс хэн эдгээр “бор шувуу”-г нисгэж суугааг төвөггүй ойлгож болохоор. Нэгэнт хор гүйж, хов буцалж байгаа тул уг маргааныг эрүүл нүдээр харж, хэн нь хэн бэ гэдгийг баримтаар тодруулъя.
Өмнө нь олны анхааралд байгаагүй Ариг банк нэг л өдөр өөрийн содон хаягаа хотын гудамжинд байрлуулан, иргэдийн анхааралд орж ирэв. Үүний цаана “Номин Холдинг”-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан “Дэм” санхүүгийн нэгдлийн Б.Эрдэнэбаттай хамтран ажиллаж эхэлсэнтэй холбоотой юм. Энэхүү хамтрал банкны хувьд үр өгөөжөө өгч байсан ч уг бизнест хамтарсан Ш.Баярсайханы хувьд ашиггүй төдийгүй алдагдалтай болж, улмаар “Эрэл” бүлэглэлийн хавханд орох шалтгаан болов.
БАЙХГҮЙ АЛБАН ТУШААЛЫН НЭРЭЭР БАЙХ БОЛОМЖГҮЙ ГЭРЭЭ ХИЙВ
2016 оны 11-р сард Б.Эрдэнэбат нь Ариг банкны хувьцаа эзэмшигч Улаанбаатар импэкс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы 20 тэрбум төгрөгийг залилан авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй нь шат шатны шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой ял, шийтгэлээр маш тодорхой нотлогддог. Залилсан гэх үндэслэлийг одоо тайлбарлая.
Тухайн үед Б.Эрдэнэбат нь өөрийгөө “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ын дарга хэмээн өөрийгөө танилцуулж, даргын хувиар Ш.Баярсайхантай анхны хэлцэлд орсон байдаг. Гэтэл энэ бүхэн худал болж хожим Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Газраас гаргуулан авсан лавлагаа, бичиг баримтуудаар “Эрэл” ХХК-д огт хамааралгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй, ямар ч албан тушаал эрхэлдэггүй “Эрэл”-ийн бус иргэн Б.Эрдэнэбат болж хувирах нь тэр. Өөрөөр хэлбэл өөрийн хамааралгүй албан тушаалын нэрийг барьж “Улаанбаатар импэкс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхантай хийх ёсгүй хэлцлийг хийсэн гэсэн үг юм. Ингэж Ш.Баярсайхан өөрөө ч мэдэхгүй хохирогч болон хувирч хувьцаа эзэмшинэ гэсэн итгэл үнэмшлээр 20 тэрбум төгрөгөөр хохирсон хэрэг явдал ийм л түүхтэй. Гэвч удалгүй үнэний шалгуур, хуулийн дэнсээр энэхүү залилангийн үнэн мөн тодорч шүүхээс Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг.
ЗАЛИЛАНГИЙН ЗАДАРГАА БУЮУ “ЭРЭЛ” БҮЛЭГЛЭЛ
Ш.Баярсайханаас залилсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн үрэн таран хийсэн нь нэн сонирхолтой. Энэ мөнгийг Б.Эрдэнэбат нь Ариг банкин дахь хувийн дансаараа авч, 1000 гаруй гүйлгээ хийсэн байдаг. Гүйлгээний ихэнх хэсгийг өөрийн эхнэр, хүүхдэдээ шилжүүлж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан.
Б.Эрдэнэбат Ариг банкаар тоглох замаа маш нарийн зассан нь бас л баримтаар хожим нотлогдсон. Тодруулбал өөрийн худ ураг С.Жаргалсайханыг ТУЗ-ийн даргаар, эхнэрийнхээ төрсөн дүү Д.Төмөрхүүг Гүйцэтгэх захирлаар, эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргаланг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр, итгэлт туслах Р.Наранбаатарыг Гүйцэтгэх захирлаар томилон байршуулж мөнгө залилах сүлжээгээ бат болгосон. Энэ мэт ах дүү, амраг саднаараа нийлж, санхүүгийн луйвар хийсэн хүмүүсийг бүлэглэл хэмээн тодотгох нь зүйд нийцэх бөгөөд чухамдаа уг бүлэглэлийг “Эрэл” хэмээн нэрлээд байгаа юм. Энэ бүлэглэл залилангийн сүлжээгээ бий болгосон хугацаандаа нийтдээ 11.6 тэрбум төгрөгийг Ариг банкнаас залилан авчээ. Өдгөө “Эрэл” бүлэглэлийн уг үйлдэл дээр Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Дээрх хадгаламж эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлж, түүнийгээ зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлэх замаар гаргаж аваад, авсан мөнгөнүүдээ хувийн ашиг сонирхолдоо шууд захиран зарцуулсан байна. Мөн Б.Эрдэнэбатын эхнэрийн дүү Д.Төмөрхүүд 11 тэрбум хангалтгүй санагдсан уу, Ариг банкнаас 748.0 сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр өөртөө гаргуулж авсан байдаг. Улмаар Д.Төмөрхүү Монгол Улсаас оргон зайлж АНУ руу зугтаасан.
ХУЛГАЙГАА НУУХ ГЭЖ ОРОЛДОХДОО ХУВЬЦААГАА АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ
Ийнхүү Ариг банк эрсдэлд орж, хохирогч Ш.Баярсайхан шаварт унасан шарын эзэн гэдэг шиг зүйл цааш үргэлжлэв. Улмаар Монголбанкнаас Ариг банк ХХК-нд Монголбанкны Хянагч томилж үе шаттай арга хэмжээ авлаа. Энэ хүрээнд Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав.
Ингэхийн тулд “Ариг банк” ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,1 сая орчим төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргажээ. Тус хувьцааг “Ариг банк” ХХК-ийн дүрэмд заасны дагуу “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-д 429 ширхэг буюу 9 тэрбум гаруй төгрөгөөр, “Улаанбаатар импэкс” ХХК-нд 280 ширхэг буюу 6 орчим тэрбум төгрөгөөр худалдан авах санал болгосон байдаг. Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-аас санал ирүүлээгүй байсан энэ мөнгийг тогтоосон хугацаанд байршуулаагүй, байршуулахаас татгалзаж иржээ.
Улмаар “Улаанбаатар импэкс” ХХК-нд “Ариг банк” ХХК Монголбанкнаас “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн татгалзсан 429 ширхэг хувьцааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн худалдан авах эсэх талаарх саналаа 2020 оны 12 сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэний дагуу 2020 оны 11 сарын сүүлээр мөнөөх хувьцааг худалдан авах шаардлага үүсэж, ногдох 9 тэрбум гаруй төгрөгийг Монголбанкны тусгай дансанд байршуулжээ. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хувьцааны харьцаа өөрчлөгдөж “Улаанбаатар импэкс” ХХК Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд нийт 2016 оноос хойш нийт 33,7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 57.68%-ийн хувьцааг эзэмших болсон байна. Харин Монголбанкны шаардлагыг биелүүлж чадаагүй “Дэм Санхүүгийн Нэгдэл” ХХК нь 21,1 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 42.32 хувийн хувьцааг эзэмших болсон юм.
Хэрэв “Дэм Санхүүгийн Нэгдэл”-ийн хувьцааг авч, банкны үйл ажиллагааг тогтворжуулаагүй бол өдгөө Ариг банкны 40 мянга гаруй харилцагч, зээлдэгч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах бодит нөхцөл үүссэн байх байлаа.
“Ариг” банк тойрсон толгой эргүүлмээр зохиомол бичвэрүүдийн цаана ердөө л ийм тодорхой зүйл байх аж. Хэрэг явдлыг эргээд харахад хэвлэл мэдээллээр яригдаад байгаа шиг Б.Эрдэнэбат хохирчихсон зүйл харагддаггүй. Харин эсрэгээрээ хөрөнгөө эрсдэлд оруулж, банкны активыг нэмэгдүүлсэн Ш.Баярсайхан хохирч мэдэхээр нөхцөлд орж байжээ. Учир нь өмнө хэлсэнчлэн банкны салбар бол итгэлцэл дээр тогтдог, муу нэр зүүж болохгүй эмзэг салбар.
Гэтэл үйл ажиллагаа нь хэвийн явж буй энэ банкийг харлуулж, үндсэн хувьцаа эзэмшигчдийг хагаралдуулах ашиг сонирхол өнөө хэр үргэлжилж байна. Хамгийн харамсалтай нь “Ариг банк”-ны хадгаламж эзэмшигчдийн мөнгөнд бохир гараа дүрсэн “Эрэл” бүлэглэлийн бохир тоглолт хувьцаа эзэмшигч төдийгүй харилцагчдын эрх ашигт гайгаа тарьсаар байна.