Самурайн гоёмсог сэлэмд шунасан америк офицерууд БУУЖ өгөх ёслолыг гурвантаа хийлгэсэн түүхээс ...
Нийтэлсэн: 2018-08-21 04:51:28
Энэ явдал 1945 оны 8-р сарын 29-нд Наран улсын эргийн ойролцоо болжээ. Наран улсын Тэнгисийн цэргийн штабаас “I-400” шумбах завины ахмадад анхны таарсан Америкийн цэргийн хөлөгт бууж өгөх тушаал иржээ. Завины ахмад нь самурайн удмынх тул түүнд удам дамжсан үнэт, гоёмсог сэлэм-вакизаси нь байсан гэнэ.
“I-400” –тай таарсан анхны хөлөг онгоц нь тухайн бүсэд байлдааны ажиллагаа явуулж байсан Америкийн оператив группын хамгаалалтын "Blue" гэдэг эсминец байжээ.
Эсминецын ахмад шумбах завины командыг буулган авч байлдааны тугийг нь хураажээ. Самурайн удмын ахмад сэлмээ эсминецийн ахмадад бөхийн өгсөний дараагаас жинхэнэ инээдэмт жүжиг эхэлсэн байна. Наран улсын шумбагч завийг буулган авсан мэдээний хамт маш гоёмсог самурайн сэлмийн тухай мэдээлэл Куре боомт дахь Америкийн усан цэргийн баазын захирагчид хүрчээ. Эсминец шумбагч завийг чирсээр баазад ирэхэд захирагч өөрийн биеэр угтан буулгаж авсан тухай рапортыг сонсож мөн сэлмийг шаардсаар гаргуулж үзжээ. Гайхамшигт сэлмийг харсан захирагчийн шунал хөдөлж цол, албан тушаалаар ахмадын хувьд тэр дор нь эсминецийн ахмадын хүлээн авсан бууж өгөх ажиллагааг хүчингүйд тооцож цуцалжээ. Түүний өгсөн үүргийн дагуу байлдааны тугийг нь шумбагч завийханд буцаан өгчөө. Мөн самурайн сэлмийг ч ахмадад нь өгсөн байна. Боомтын талбайд бууж өгөх ёслол ахин хийгдэж байлдааны тугийг нь буулгаж япон ахмад дахин бөхийн сэлмээ баазын захирагчид гардуулжээ. Шунаж байсан сэлмээ харсаар байгаад “дээрэмдүүлсэн” эсминецийн ахмад уурандаа оператив бүлгийг удирдаж байсан адмиралд болсон явдлыг мэдээлжээ. Сэлмийн тухай дурдахаа ч мартаагүй гэнэ. Чухал мэдээлэл авсан адмирал кино зургийн багийн хамт усан дээр буудаг “Катлина” гэдэг нисэх онгоцоор баазад яаран нисэж иржээ. Ирсэн даруйдаа баазын захирагчийн хүлээж авсан бууж өгөх ажиллагааг дахин цуцалж өөрөө хүлээн авна хэмээн мэдэгджээ. “I-400”-гийн ахмад англи хэл мэддэг байсан тул олон дахин цуцлагдаж байгаа бууж өгөх ажиллагааны гол шалтгааныг америк офицеруудын ярианаас олж мэдсэн байна. Ингээд усан цэргүүддээ хэлэхэд тэд ямар хүмүүсд ялагдсанаа мэдэж ихэд жигшин зэвүүцсэн гэнэ. Бууж өгөх ажиллагаа хоёрдахиа цуцлагдсан тул шумбах завь дээр байлдааны тугийг дахин мандуулж ахмадад сэлмийг нь буцаан өгчээ. Үүний дараа адмиралд зориулсан бууж өгөх гуравдахь ёслол хийгдэж киночид зургийг нь авсан байна.
Байлдааны тугийг буулгаж наран ахмад гуравдахь удаагаа гутамшигтайгаар бөхийн удам дамжсан самурайн сэлмээ ялагчийн төлөөлөл болсон шуналт адмиралд гардуулжээ. Сэлмийг авсан адмирал тэр дороо буцаж нисжээ. Гэтэл гайхамшигт сэлмийг бариад л алдсан баазын захирагч зүгээр суусангүй. Адмиралыг нисмэгц тэр дор нь Номхон далай дахь тэнгисийн цэргийн хүчний командлагч адмирал Нимицэд алтан хошуу өргөжээ. Командлагч болсон явдлын учрыг олохыг өөрийн орлогч дэд адмирал Шерманд даалгасан агаад тэрээр хэргийг шалгаад “... бууж өгөх ажиллагааг хүлээн авсан эсминецийн ахмад, баазын захирагч болон адмирал нарын хэн нь сэлмийг авсан нь тогтоогдсонгүй” гэсэн илтгэл бичиж өгчээ. Ийнхүү самурайн сэлэм алга болжээ.
НУУЦ.мн