1943 оны Европын “Пёрл-Харбор” буюу америкчуудын химийн зэвсэг хэрэглэх төлөвлөгөө ИЛЧЛЭГДСЭН НЬ ...
Нийтэлсэн: 2018-06-07 14:57:04
1943 онд Германы агаарын цэргийн хүчний бөмбөгч онгоцууд Италийн Бари хотын боомтод бөөгнөрсөн Америкийн тэнгисийн цэргийн болон тээврийн хөлөг онгоцуудыг гэнэдүүлэн бөмбөгдөж америкчуудад Европын “Пёрл-Харбор”-ыг барьсан. Бөмбөгдөлтийн үеэр америкчууд химийн зэвсэг хэрэглэхээр бэлдэж байсан нь илэрсэн нь түүнээс дутуугүй шуугиан тарьсан.
Америкчуудын сонор сэрэмж суларсан нь ...
1943 оны 2-р сарын 2-ны өдрийн орой гэхэд Италийн Бари хотын томгүй боомтод Америкийн 50 гаруй цэргийн, ачааны том усан онгоц шахцалдан байрлаж байлаа. Өргөөшөө ердөө тавхан км талбайтай боомтод аварга хөлгүүд бараг шүргэлцэх шахан зогссон байв. Эдгээр хөлгүүдээр Апенин луу дайрах хүчний хангамж ирсэн байсан. Гэгээ тасрах үед боомтыг олон арван хүчтэй прожектороор гэрэлтүүлэн ачааг буулгасан нь бөмбөгдөгч онгоцнуудад сайхан чиглүүлэгч болж өгөхөөр байгааг америкчууд тоосонгүй. Учир нь Германы люфтваффе удтал Италид идэвхитэй ажиллагаа явуулсангүй. Зүүн фронтод стратегийн өөрчлөлт гарсан тул ихэнхи нисэх анги нь Оросд уягдсан хэвээрээ байлаа. Агаарын цохилтоос айх явдалгүй гэдэгтээ бат итгэсэн янкууд Бари хотын боомтод ёс төдий зенитийн хэдхэн их буу л байрлуулсан байжээ. Гэтэл дайралт болохоос хоёр хоногийн өмнө Германы тагнуулын нисэх онгоц хотын дээгүүр нисэж өнгөрсөн байв.
Хариуцлагагүйн төлөөсөнд төлсөн төлбөр
Люфтваффе дайсны хангамжийн гол боомт бэлэн хоолны байдалтай байгааг тагнаж мэдээд тэр дор нь ашиглахаар шийджээ. Итали дахь гол бааз болох Милан хотын дэргэдээс 98 “Ju-88” бөмбөгдөгч Бариг чиглэн ниссэн. Сөнөөгч онгоцнуудын хамгаалалтгүй шахам явсан бөмбөгчид ямар ч саадгүй зорьсон газартаа хүрч америкчуудын дээрээс 200 тонн бөмбөг хаяжээ. Бөмбөгдөлт ердөө 20-хон минут үргэлжилж дайрагчид ганцхан “Юнкерс”-ээ сөнөөлгөсөн бол гэнэгүй суусан янкууд 100 гаруй хөлөг онгоцынхоо талыг алдсан. Цэргийн 28, ачааны 22 усан онгоц живж 12 нь ноцтой гэмтсэн. Живсэн хөлгүүдтэй хамт зэвсэг техник, галт хэрэгсэл, хүнс хувцас гээд нийтдээ 35 мянган тонн ачаа тэнгисийн руу орсон. Шатахуун ачиж ирсэн бүх танкер нь шатаж дэлбэрсэн. Бөмбөгдөлтийн дараагаар алагдаж шархдагсадын дунд химийн бодисонд хордсон түлэгдсэн шинж тэмдэг ихээр илрэх болсон нь дутахгүй гайхшрал төрүүлжээ. Шинжилгээгээр цэргүүд ипритэд хордож түлэгдэж амиа алдсан болон шархадсан байв.
Хориглогдсон химийн зэвсэг
Ипритийг германчууд анх удаа дэлхийн 1-р дайнд ашигласан. 1917 оны 7-р сарын 12-нд Бельгийн Ипр/энэ хотын дэргэд анх хэрэглэсэн тул Иприт гэж нэрлэсэн/ хотын дэргэд германчууд англи-францын дайралтыг хортой тосорхог хий агуулсан минаар галлажээ. 1925 онд Женевийн конвенциэр ипритийг химийн зэвсэгт тооцон дайнд ашиглахыг хориглосон. Гэсэн ч 1935 онд италичууд Эфиопид босогчдын эсрэг иприт хэрэглэсэн удаатай. Бари хотын явдлын дараа Англи, Амрикийн хэвлэлээр германчуудыг хориотой химийн зэвсэг хэргэлэсэн хэмээн хэсэгтээ шуугив. Гэсэн ч тун удалгүй цэргийн эмнэлгийнхэнд ипритэд хордож үхсэн шархадсан цэргүүдийн өвчний түүхийг хураан авч шинээр бичих үүрэг дээрээс иржээ. Тусгай комиссийн хяналтан дор цэргийн эмч нар дээрхи алагдагсад болон шархдагсадыг боомтод дэгдсэн түймэрт түлэгдсэн хэмээн сольж бичжээ. Америкийн цэргийн командлалын нууц удирдамжаар хийгдсэн энэ ажиллагааны нууц 1967 онд л илэрсэн. Тухайн үед Бари хоотын боомтод химийн зэвсэг тээсэн “Жон Харви” гэдэг тээврийн тусгай усан онгоц байжээ. Энэ хөлөг тус бүрд нь 30 кг иприт агуулагдсан хоёр мянган “М47А1” гэдэг агаарын бөмбөгийг маш нууц байдалд тээвэрлэж ирсэн байв. Хөлгийн албан ёсны баримт бичигт иприттэй бөмбөгийг шатаагч гэж тэмдэглэсэн агаад хөлөгт тусгай үүрэгтэй явсан аюулгүйн албаны хэдхэн офицер л мэдэж байсан гэдэг. Энэ бөмбөгийг германчууд химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хариу цохилт өгч ашиглахаар төлөвлөсөн байжээ. Гэсэн ч Хитлер хамгийн эцсийн мөчид ч хориотой зэвсэг хэрэглэх тушаал өгөөгүй.
Өөрсдийхнийгөө хордуулсан зэвсэг
Бөмбөгдөлтийн үед “Жон Харви” нь хоёр том ачааны хөлгийн дунд байсан тул боомтоос гарч чадаагүй. Хэдийгээр нэг ч бөмбөгт оногдоогүй хажуугийн хөлөгт нь бөмбөг яг тусаж хүчтэй дэлбэрэлтээр гал гарчээ. Гал дэгдсээр химийн зэвсэг тээсэн хөлөгт дамжсан. Хөлгийн багийнхан бүх хүчээ дайчлан тэмцсэн ч унтрааж чадалгүйгээр алдаж агаарын бөмбөгнүүд нь галд автан дэлбэрсэн. Багийн бүрэлдэхүүн аймшигт галан дэлбэрэлтэнд агшин зуурт амиа алдсан. Дэлбэрэлтээр 60 тонн хорт иприт агаарт цацагдсан агаад дараа нь шинжилгээгээр боомтын 1м3-д талбайд 15 милиграмм байсан гэж гарчээ. Агаарт цацагдсан хорт хийн утаан тоосонцор боомтыг тэр чигээр нь шахуу бүрхэж гал түймэрт халсан агаартай исэлдэн доошоо буухдаа усан дээр галан давхарга үүсгэсэн. Энэ үед бөмбөгдөлтөнд живсэн хөлгүүдээс амьд гарсан хэдэн зуун америк, англи, итали усан цэрэг, далайчид усанд амь тэмцэн сэлж байсан агаад хорт хийтэй галанд хуйхлагджээ. Боомтын ажилчид, цэргүүд хорт хийтэй бөмбөгийн тухай ямар ч мэдээлэлгүй байсан тул нүд хорсгосон хурц үнэр хийг хожуу ухаарч ойлгосон байна. Зарим нь хамгаалалтын хувцас, хорт хийн баг өмссөн ч нэмэр болсонгүй. Гэсэн ч усны мандал дээр дүрэлзэх галнаас бусдыгаа татаж гаргасаар байсан гэдэг. Бөмбөгдөлтийн үеэр боомтоос сугарч гарч чадсан “Бистер” эсминецийн багийнхан уснаас хэдэн арван хүн татаж гаргаад хажуугийн боомт руу зугтаажээ. Хөдлөх үеэс л багийн бүрэлдхүүний нүд тэсэхийн аргагүй хорсож эхэлсэн агаад хамгийн ойрын Таранто боомтод ирэхдээ ихэнхи нь бараг сохорсон байсан аж.
Ипритийн хохирогсод
Дайны дараа Америкийн цэргийн командлал нийтдээ 83 хүн хорт хийнд хордож түлэгдэж амиа алдсан гэж албан ёсоор мэдээлсэн бөгөөд түлэгдэж шархдагсадын тоог зарлаагүй. Гэхдээ энэ нь ихэд дарсан тоо гэж хохирогсод үзэж байжээ. Тэдний тооцоогоор америк цэргүүдээс доод тал нь мянган хүн хохирогч болсон. Мөн төдий тооны боомтын ажилчид, англи, итали цэргийнхэн хордсон. Германы бөмбөгдөлт Пёрл-Харборын дараа орох их хохирлыг учруулсан. Бөмбөгдөлтөөс болж холбоотнуудын Апенин луу хийх давшилт бараг хагас жилээр хойшлогдсон. Хангамжийн бүх хоол хүнс шатахуун нь устсан тул Итали дахь цэргүүд нь сар илүү хагас өлсгөлөнгийн байдалд байжээ. Дайны дараа хохирогчид химийн зэвсгийн золиос болсон гэдгээ эрх баричгдаар хүлээн зөвшөөрүүлж мөн тэтгэмж авахаар удтал бас үр дүнгүй тэмцсэн. Америкчуудынхаа ипритэд хордсон америк цэргүүдийн ихэнхи нь 1960-1970 оны хооронд хорвоог орхисон. Зөвхөн 1986 онд л Пентагон тэднийг химийн зэвсэгт хохирогсод хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч нөхөн төлбөр олгох үед тун цөөхөн хүн авсан аж.
НУУЦ.мн