81 настай “Алтан цуст” Жеймс Харрисон 1173 удаа цусаа өгч 2,5 САЯ хүүхдийн амийг аварчээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-05-16 15:04:58
Энэ сарын 11-нд 81 настай австрали өвгөн Жеймс Харрисон сүүлчийн удаа цусаа өгч донорын албаасаа зодог тайлжээ. Тус улсын хуулиар 80-аас дээш настнуудыг донор болохыг хориглодог тул эмнэлэг билэгдлийн чанартай цус авч цусны улаан эсийн сөрөг резус-фактортой 2.5 сая гаруй хүүхдийн амийг аварсан ховорхон цустай ачтаныг үдсэн байна. Энэ буянтан 1936 оны 12-р сарын 27-нд төржээ. 14 насандаа хүнд хагалгаанд орж бараг 13 литр цус хийлгүүлж байж амьд гарчээ. Эмнэлэгт гурван сар илүү хэвтээд гарахдаа донорын цус амийг нь аварсан тул насан туршдаа бусдад цусаа өгч ачийг нь хариулахаар шийдчихсэн байжээ. Ингээд 1954 оноос хойш цусаа өгч эхэлжээ. 1960 оноос Австралийн эмч нар тухайн үед өндөр байсан нярайн эндэгдлийг бууруулах арга зам хайсан.
-1967 он хүртэл жил бүр хэдэн мянган нярай энддэг байлаа. Эмэгтэйчүүд зулбах нь ихсэж төрсөн хүүхдүүд тархины гэмтэл эмгэгтэй байсан-
Судалгааны дүнд төрөх насны эмэгтэйчүүдийн сөрөг резус-фактор буюу цусанд нь D антиген дутагдах эмгэг түгээмэл тархсан нь гол шалтгаан болохыг олж тогтоожээ. Цусны улаан эсүүдийн гадаргуй дээрх байрладаг уургийг резус фактор гэдэг. Резус нь сөрөг байхад жирэмсэн эмэгтэйчүүдэд болон урагт ихээхэн аюултай байдаг. Ургийн резус фактор нь ихэсийн хоригийг даван гарч эхийн цусанд ордог. Ингэмэгц эхийн бие нь ургийг аюултай байж болзошгүй гадна биет гэж хүлээж аваад өөрийгөө хамгаалахын тулд сөрөг биетүүдийг ялгаруулж эхэлнэ. Эхийг хамгаалах үүрэгтэй эдгээр сөрөг биетүүд нь ургийг нэн аюултай агаад хэвлийдээ үхэх, зулбах зэрэг үр дагаварт хүргэдэг.. Ийм нөхцөлд нярай хүүхдэд цус орлуулах сэлгэх эмчилгээ хийж нэг бүлгийн резус сөрөг цус юүлэх нь хамгийн үр дүнтэй гэж судалгаагаар гарчээ. Эмч нар тохирох цустай хүнийг донорууд дундаас хайсаар эцэст нь Жеймс Харрисон дээр буужээ.
Тэр үед донорын 10 жилийн туршлагатай болоод байсан тэрээр эмч нартай хамтран ажиллахыг дуртайяа зөвшөөрсөн байна. Нарийвчилсан шинжилгээгээр бүр ч гайхалтай үр дүн гарсан нь Жеймсийн цус резус-факторын эсрэг өндөр идэвхитэй нэгдэл агуулдаг болох нь батлагджээ. Бусад сонгогдсон 200 донороос хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн гэнэ. Ингээд түүний цуснаас гарган авсан анхны ийлдсийг 1967 онд жирэмсэн эмэгтэйд туршсан нь маш амжилттай болжээ. Төслийн ахлагч Робин Барлоугийн баталсанаар гаргаж авсан ийлдэс бүрд Жеймсийн хосгүй үнэт цусны дусал орсон гэнэ.
-Тэр 2,5сая гаруй хүүхдийн амийг г аварсан. Үүнийх нь төлөө би энэ хүний өмнө сөгддөг-
Удалгүй хэвлэлийнхэн түүнд “Алтан цуст” гэдэг нэр өгчээ.
-Би тийм мундаг ховорхон хүн бишээ. Зүгээр л цусаа өгөх нь миний авьяас байсан-
Үнэндээ тэрээр цусаа өгөхөөс айдаг, тариур хараад зүрх үхдэг хэвээрээ гэнэ. Хамгийн сүүлд цусаа өгөхдөө урьдын адил тариур руу харж чадаагүй байна. Жеймс амьдралынхаа турш 1173 удаа цусаа өгч түүний цусаар гурван сая доз ийлдэс үйлдвэрлэжээ.
Тэр ийлдэсээр нь 1992 онд төрсөн охин нь хүртэл тариулсан.
-Аавынхаа ачаар би эрүүл саруул хүү төрүүлж чадсан. Хоёр ач хүүг нь төрүүлж өгсөн-
1999 онд Жеймс Харрисоныг Австралийн одонгоор шагнаж дөрвөн жилийн дараа хамгийн их цус өгсөн донор гэдгээрээ Гиннесийн номонд бүртгэгджээ.
-Миний амжилтыг эвдэх хүн гарвал сайн л байна. Цусаа өгөх чинь сайн үйлс шүү дээ-
НУУЦ.мн