III Рейхэд хүргэх 800 кг уран тээсэн Японы шумбадаг ЗАВЬ 2 тонн алтын хамт устгагдсан түүхээс ...
Нийтэлсэн: 2018-04-14 15:40:51
1944 оны 3-р сарын 10-нд Наран улсын тэнгисийн цэргийн ахмад Камео Уногийн даргалсан "Type C-3" загварын 3,644 т усан түрцтэй ачааны шумбадаг завь Куре боомтоос Германыг зорин хөдөлжээ. Шумбадаг завь Гуравдугаар Рейхэд тэргүүн зэргийн шаардлагатай байгаа түүхий эд болох зэсийн молибден 9,8т, вольфрам 11т, опиум 3т, кофейн 54 кг-ыг тус тус хүргэж буцахдаа Германы сүүлийн үеийн зэвсгийн технологи, загварыг авчирах үүрэгтэй байжээ. Үүнд Т-5 гэдэг акустик торпед, Jumo 213-A загварын нисэх онгоцны хөдөлгүүр, радиолокацийн төхөөрөмж, бөмбөгдөгч онгоцны чиглүүлэгч дуран авиа, оптик дуран, гангийн шинэ найрлага зэрэг багтаж байжээ. Дайны үед холбоотон гурван гүрэн болох Герман, Итали, Япон нь энэ мэтээр цэргийн технологийн ололт амжилт мэдээллээ солилцдог байжээ. Наран улсын шумбадаг завины хүрэх цэг нь Францын баруун эрэг дэх Германы тэнгисийн цэргийн Лорьяан гэдэг бааз байв. Шумбадаг завь замдаа Сингапураар дайрч нэмж 9,8т түүхий каучук, 3,3т хинин ачсан байна. Гэхдээ нууц ачааг зөвхөн удирдлага нь мэдэж байсан агаад энэ нь Германы атомын бөмбөгний үйлдвэрлэлд маш их хэрэгцээтэй байгаа ураныг 800 кг-ыг ачсан байв. Мөн цэргийн шинэ техник, технологийн төлбөрт төлөх 2,2т алт ачиж явсан байна. Нийт 176 ширхэг гулууз алтыг тус бүр нь 14 кг жинтэй 49 хайрцаганд хийсэн байжээ. Ингээд бүх ачаа 290т-д хүрчээ.
”I-52” Сингапураас хөдөлж Энэтхэгийн далайг хөндлөн туулаад Сайн итгэлтийг хошууг тойрон Атлантикийн далайд орох үед гэнэтийн явдал болжээ
Аюул дагуулсан радио мэдээ
1944 оны 6-р сарын 6-нд Германд суух Японы ЭСЯ-ны цэргийн атташе контр-адмирал Хидео Кодзима ”I-52”-ийн ахмадад цахилгаан мэдээ явуулж Англи-Америкийн цэрэг Нормандид буусныг мэдээлжээ. Өдгөө хүрэх цэг өөрчлөгдөж Норвеги дэх тэнгисийн цэргийн аль нэг баазад очихыг зааварласан байна. Үүнээс өмнө Германы шумбадаг завьтай уулзах шинэ удирдамж өгчээ. Гэтэл энэхүү харилцан илгээсэн радио мэдээг америкчууд замаас нь барьж авчээ. Америкийн тэнгисийн цэргийн 10-р флотын тусгай албаны “Submarine Tracking Room” гэдэг нууц хэлтэс Атлантын далайг тэр чигээр хянаж байсныг япончууд мэдээгүй байна.
Тус хэлтэс удалгүй дайсны шумбадаг завины байрлалыг тогтооход амдан устгах тусгай бүлэг 1944 оны 6-р сарын 15-нд Касабланкагаас нэн даруй гарчээ. Уг бүлэгт есөн сөнөөгч, 12 бөмбөгдөгч нисэх онгоц тээсэн нисэх онгоц тээгч “Боуг”, дагалдах таван мина тээгч хөлөг оржээ.
Бүлгийг ахмад Орелиус Фосселер удирдаж байсан. Харин “I-52” нь 6-р сарын 22-ны шөнө Кабо-Верде арлаас баруун зүгт 850 мильд Германы “U-530” шумбадаг завьтай уулзаж түлш шатахуун авахаар тохирсон байсан гэнэ. Хоёр хөлгийн уулзалт тогтсон хугацаандаа тохирсон газраа болжээ. Германы шумбадаг завьд аз таарсан агаад америкчууд байрлалыг нь тогтоохоос өмнө салж явжээ.
Дайралт
6-р сарын 23-ны өдрийн 23 цаг 40 минутанд “Боуг”-ийн радиотехникчид үл таних шумбадаг завийн байрлалыг илрүүлж торпед зүүсэн бөмбөгдөгч онгоцнууд агаарт хөөрчээ.
Бөмбөгдөгчид эхлээд гэрэлтүүлэгч бөмбөг хаяад дараа нь дайрчээ. Эхний бөмбөг шумбадаг завины хажууханд дэлбэрсэн байна. Дараагийн дайралтаар дэлбэрэлтэнд завины их бие оногдож байгаа чимээ шуугиан баригджээ. Ийнхүү Америкийн хэдхэн бөмбөгдөгч онгоц асар үнэтэй ачаа тээсэн шумбагч завийг устгаж дайнд шийдвэрлэх нөлөө үзүүлэх байсан Германы атомын бөмбөгний төслийг сааруулж чадсан байна. Дайралтаас хойш 2-3 цагийн дараа мина зөөгч онгоцнууд ирэхэд далайн мандал дээр “I-52” –ийн эд анги, хэлтэрхийнүүд хөвж байжээ.
Хөлөг бие бүрэлдэхүүний хамт бүрэн устаж асар үнэт ачаа түүний дотор тонн гаруй уран, хоёр тонн алт далайн ёроолд живжээ. Америкийн адал явдал хайгчид 1995 оноос хойш энэ алтыг хайн далайн ёроолыг шүүрдсээр байна.
НУУЦ.мн