“Хамгийн гайхалтай санаанд оромгүй үхэл” цувралд ирланд архичин эр Майкл Мэллой (Michael Malloy)-гийн түүхийг оруулсаныг уншигчиддаа хүргэе ...
Тэрээр 1890 оны эхээр Ирландын Донегэл гүнлэгээс аз жаргал хайн Америкд иржээ. Залуухан эрүүл чийрэг ирланд залуу гал сөнөөгчийн ажилд амархан тэнцсэн ч удалгүй байнга архидан согтуурдаг гэх шалтгаанаар ажлаас халагджээ. Дараа нь өөр бусад ажилд орсон ч дээд улаан хоолойгоосоо болж халагдсаар эцэст нь гудамжинд гарч орон гэргүй архичин болжээ. Гэхдээ ирланд эр даатгалын компанид даатгуулсан байсан агаад 1933 онд 60 хүрч байхад нь амь даатгалын мөнгө нь 3560 долларт хүрчээ. 1930-иад оны Америкийг нөмөрсөн их хямралын үед энэ нь асар их мөнгө байв. Тухайн үед 1200 доллароор Нью-Йоркод тун дажгүй байшин худалдан авч болохоор байсан гэдэг. Чухам тэр үед хөгшин ирланд өөрөөсөө дээрдэхгүй дөрвөн архины найзтай болсон нь Тони Марино, Жозеф Мёрфи, Фрэнсис Паска болон Дэниэл Крисберг нар байв. Эдний дундаас Тони нь арай дээр агаад хэдий гудамжны архичдын үүр болсон ч гэсэн өөрийн гэх баартай нэгэн байжээ. Харин бусад нь нас ахисан ч хүч чадалтай хэвээрээ байгаа ирланд хөгшний өдөр нь ажил хийж олсон мөнгөөр орой нь Тонигийн бааранд уугаад бүр амташшиж эхэлсэн байв. Нэгэн уултын үеэр ирланд өвгөн амь даатгалын мөнгөөрөө сайрхаж үхсэн ч оршуулгын зардалтай хэмээн онгирчээ. Үүнийг сонссон архины найз нарт амь даатгалын мөнгийг нь авах санаа төржээ. Ингээд ирланд өвгөнийг архидуулж байгаад даатгалын гэрээнд нь өөрсдийн нэрийг батлан даагчаар оруулсанаар хэрвээ өвгөн үхвэл амь даатгалын мөнгийг тэд авах эрхтэй болжээ. Гэхдээ гэрээ ёсоор өвгөн зөвхөн золгүй тохиолдлоор л амиа алдсан үед мөнгө авах ёстой байсанд архины найз нар нь хамгийн боломжит буюу архи хэтрүүлэн уулгаад үхүүлэх аргыг сонгожээ. Бүр долоо хоног л тасралтгүй уулгахад архинд түлэгдэж үхэх нь гарцаагүй гэж тооцоолсон байна. Ингээд баарны эзэн Тони ирланд хөгшинд хязгааргүй зээлийн эрх нээж өгчээ. Өмнө нь оройныхоо архины мөнгийг олох гэж өглөө хямдхан хөлстэй ажил хайдаг байсан өвгөн баарны байнгийн бас хүндэт үйлчлүүлэгч болов. Ирланд өвгөн долоо хоног тасралтгүй уусан ч үхсэнгүй. Долоо хоногийн дараа найз нар өвгөний архинд машины моторын тос хольж өгчээ.
Бүхэл өдөр өвгөн тостой архи уусан ч маргааш нь үхээгүй салгалан орж иржээ. Эхний хор нь үйлчилээгүйд антифриз буюу машины тосоолыг хөлдөлтөөс хамгаалдаг шингэнээр сольжээ. Өвгөн өдөржин уугаад явсан ч өглөө нь шараа тайлахаар дахин ирсэнд хорны хүчийг нэмж үе мөчний хэрх зэрэг авчинд түрхэж хэрэглэдэг адууны тос нэмж хольсон гэнэ. Өвгөн түүнийг нь ус шиг залгилаад гадаа гудамжинд унасан ч өглөө нь бас л ороод иржээ. Эцэст тэд архинд нь хулганы хор хийгээд одоо заавал нүд анина хэмээн хүлээсэн ч өвгөн үхэшгүй мөнхийн хутгыг олсон мэт өглөө нь ээлжит зээлээ авахаар бааранд ирсэн аж. Ингээд архинд нь хор холиод үхэхгүй нь тодорхой болсонд даруулгаар нь хордуулахаар шийдэж эхний удаад метанол шингээсэн түүхий дунгаар дайлжээ.
Гэсэн ч үйлчилсэнгүйд хачиртай талханд нь хордуулсан сардина загас хавчуулж өгчээ. Гайхалтай нь ирланд өвгөний ходоод ямар ч хорыг шингээж боловруулж чадаж байсан агаад бас л үхсэнгүй. Эцэст нь тэдний тэвчээр алдарч өвгөнийг осгоож алахаар шийдэн -26 хэмийн хүйтэнтэй шөнийг зориуд сонгож авсан гэнэ. Тэд өвгөнийг эхлээд согтоож унагаад дараа нь харанхуй шөнөөр цэцэрлэгт хүрээлэнд аваачин дээрээс хүйтэн ус асгаад цасан хунгарт булаад явжээ. Ямар ч хүн энэ нөхцөлд үхэх ёстой байсан ч өвгөн өглөө нь ахин ирэхийг хараад үхтлээ гайхаж мэгджээ. Үүний дараа найз нар ярилцаад машины осолд оруулахаар шийдсэн гэнэ. Орой нь ахин уулгаж согтоогоод хүнгүй гудамжинд аваачиж зам дээр хаях үед урдаас тохирсон таксины жолооч 72 км/цагийн хурдтай давхин ирж мөргөжээ. Гэтэл хэдхэн хавирга нь хугарсанаас өөр онцын гэмтэл аваагүй өвгөн эмнэлэгт 20 хоног хэвтэж гараад шууд бааранд ирж архи нэхжээ. Эцэст нь найз нар ёсорхохгүй байхаар шийдэж эцсийн удаа зад уулгаад Тонигийн гэрт аваачин аманд нь хийн баллоны шланк чихэж амийг нь хөнөөсөн байна. Үхэж өгдөггүй өвгөнийг эцсийн эцэст үхүүлсэний дараа эмч болон буяны компаний ажилтныг худалдан авч архинд хордож үхсэн гэсэн дүгнэлт гаргуулж авчээ. Тэр дүгнэлтийнхээ дагуу мөрөөдөл нь болсон талийгаачийн амь даатгалын мөнгөө авсан ч маргалдаж хэрэлдээд хувааж чадахгүй уджээ. Энэ зуур хүмүүс архичин ирланд өвгөнийг үгүйлж элдэв яриа дэгдэх болов. Хэнд ч зээл өгдөггүй баарны эзэн Тони архичин ирландад гэнэт маш их зээл өгсөн, дараа “Унадаггүй Майк” (Mike the Durable) хочит өвгөн үхсэн, одоо найз нар нь мөнгөтэй болсон тухайд элдэв таамаг цуу яриа тэр хавийн баар, архичдын ярианы гол сэдэв болжээ. Энэ яриа ам дамжсаар нэгэн цагдаагийн ажилтны чихэнд хүрч тэрээр талийгаачийн шарилыг ухуулан цогцосыг гаргуулж задлан шинжилгээ хийлгэжээ. Задлан шинжилгээгээр ирланд өвгөн гадны нөлөөтэй буюу алуулсан болох нь тогтоогдож дөрвөн найзыг тэр дор нь баривчилжээ. Архинд ховорхон тэсвэртэй архичныг хөнөөж амь даатгалын мөнгийг нь авах гэж олонтоо бүтэлгүй оролдсоны эцэст шууд алсан дөрвөн найзыг 1934 оны 6-р сард Синг-Синглын шоронд цахилгаан сандалд суулган цаазалсан. Нөгөө таксины жолоочийг таван жилийн хорих ялаар шийтгэсэн гэдэг.
НУУЦ.мн