Нууц мэдээллийн уурхай

Хоёрдахь Мао буюу “Бүлх залгисан” Си Жинпины бодит түүх

Нийтэлсэн: 2018-03-25 03:21:46

 

Бүх Хятадын АТИХ ээлжит бус чуулганаараа Си Жинпиныг бүх насаар нь төрийн тэргүүний суудалд суух тогтоолыг дийлэнх олонхийн саналаар баталсанаар урд хөршид хоёрдахь Мао төрлөө. Түүнийг улстөрийн хүрээнд “дуугай”, “үг цөөнтэй” гэхээс гадна “бүлх залгисан”, “хэлээ хазсан” хэмээн сэм шоглодог.  Хятадын шинэ удирдагч хувь хүний хувьд үг цөөнтэй, бараг дуугардаггүй гэмээр ааш зантай ч үүний цаана нь эрх мэдэлд хүрэх шунал, улстөрийн өрсөлдөгчидөө дарах гэсэн араатан зан нь нуугдаж байдаг гэнэ. 
 
Их үсрэлтийн хохирогч 
 
 
Дуугай Си 1953 оны 6-р сарын 1-нд тухайн үеийн ХАЧА-ийн намын байгууллагын том дарга болох Си Жунсяны хүү болон төржээ. Аав нь 1930-иад оны үед Шаньси мужид коммунист намын хороо байгуулж япончуудтай тулалдан дайны үеэр цэргийн том удирдагч гэдгээр нэрд гарсан байв. Мао даргад “жинхэнэ ард түмний дундаас төрсөн удирдагч” хэмээн үнэлүүлж КН-ын үзэл суртлын байгууллагыг удирдах болсон. Улмаар тасралтгүй дэвшсээр 1959 онд хуралдсан намын 8-р их хурлаар Улстөрийн товчоонд сонгогдож төрийн зөвлөлийн даргын орлогчоор томилогдсон нь бодит байдалдаа Маогийн дараахь хоёрдугаар хүн болжээ. Энэ үед өрсөлдөгчид нь шинэ орлогчийн уран зохиолын талаархи намын эсрэг үзэл санааг хүчтэй шүүмжилж эхлэв. Аав Си нь уран зохиолд хорхойтой агаад 1950-оны үед өөрийн дайчин нөхөр болох улаан цэргийн дарга Лю-гийн тухай роман бичсэн. Тухайн үед Лю нь Хятадын Будённый хэмээн алдаршиж байжээ. Романд гол баатараас нь гадна бас нэгэн түүхэн хүн гардаг нь Хятадын төлөвлөгөөний хорооны дарга болсон Гао Ганаг жинхэнэ коммунист хэмээн магтан дуулсан байв. Гэтэл ном хэвлэгдсэнээс хоёр жилийн дараа түүнийг намын эсрэг засварлах үзэлтнээр зарлан буруутгаж шийтгэжээ. Үүний дараа намд их өргөн шүүмжлэл, их цэвэрлэгээ өрнөж аав Сигийн эсэргүүг магтан өргөмжилсөн номын хэрэг дэгджээ. Энэ үед Мао улс орон даяар Их үсрэлтийн он цагийг зарлаж  “Гурван жил шургуу хөдөлмөрлөөд 10 жил жаргана” хэмээн сургаж байсан. Их үсрэлтийн жилтэй давхцан эхэлсэн их цэвэрлэгээний үеэр аав Сид аз дайрчээ. Түүнийг 1962 онд албан тушаалаас нь буулгасан ч  буудаагүй, хориогүй, хөдөлмөрийн лагерьт явуулаагүй агаад Хэнань мужийн Лоян хотын тракторын үйлдвэрийн даргаар томилж нийслэлээс цөлсөн. Гэсэн ч таван жилийн дараа Соёлын хувьсгал эхлэх үед Мао даргын талыхны сэлмэнд ахин өртжээ. Улаан хамгаалагчдын отряд үйлдвэрт нь ирж даргыг босож чадахгүй болтол нь зодоод хотын талбайд сөгдүүлэн ард түмнээс, намаас уучлал гуйлгажээ. Дараа нь хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх "лаоцзяо" гэдэг лагертьд явуулсан. Харин тэр үед 13 настай байсан бага Си ээж Ци Синь, эгч Цяоцяо болон дүү Юаньпины хамт улаан хамгаалагчдын гараас азаар мултарч төрөлх Шаньси муж руугаа зугтаасан. Гэсэн ч мужийн намын хороо эсэргүүний гэр бүлийг ирэнгүүт нь гахайн маллах ажилд хувиарлажээ. Олон жилийн дараа Си “Миний хүүхэд өсвөр нас ямар байсан гэж үү, байнгийн өлсгөлөн доромжлолд өнгөрсөн. Бид хянагч нарын хараан дор өдөр бүр хүнд хүчир ажилл хийж нийгмээс бүрэн тусгаарлагдсан байсан. Долоон жил гахайд өгдөгөөс дээрдэхгүй хоол идэж сэмэрхий болсон хөнжил нөмрөн тоосгон дээр унтдаг байв. Би тэр үед гахайн идүүрээс ус уудаг байлаа” гэж ярьжээ. 
 
Гахайн хорооноос намын хороо хүрсэн нь ...
 
 
1976 онд Мао үхэж Дэн Сяопин төрийн эрхэнд гарахад эсэргүүнүүдийн байдал өөрчлөгдөж эхэлжээ. Хэдий аавыг нь хөдөлмөрийн лагериас суллаагүй ч хүү Си нь гахайн хорооны ажлаас чөлөөлөгдсөн. Түүнийг цагаатгаж гахайн фермийн намын хорооны нарийн бичгийн даргаа томилов. Намын хороонд ажиллаж байгаад анхны боломж гарангуут Бээжин явж Хими-технологийн дээд сургууль Цинхуад элсэн оржээ. 1978 онд аавыг цагаатгаж суллан хуучин ажилд нь тавьжээ. Дараа нь Дэн даргын дэмжлэгээр Гуандун мужийн намын хорооны даргаар дэвшив. Гонконгийн хажууханд байдаг энэ мужийг Хятадын эдийн засгийн гайхамшгийн нэг болгосон хүн бол үнэндээ аав Си нь байжээ. Тэрээр мужийн төв Шэньчжэнь хотын эдийн засгийн онцгой бүсээр зарлаж зах зээлийн эдийн засгийн бүтцийг эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн. 
 
Аавын нөлөөгөөр намын шугмаар дэвшсэн нь ...
 
 
Мужийн намын хорооны дарга аавынхаа ивээл дэмжлэгээр хүү Си нь их сургуулиа төгсөж химич инженер болсоны дараа намын байгууллагад ажилд орж хурдтай дэвшлээ. Тэрээр бараг гэрлийн хурдаар ахиж удалгүй Төрийн зөвлөлийн орлогч сайд Гэн Бяогийн нарийн бичгийн дарга болжээ. Дарга нь мөн Хятадын Цэргийн төв зөвлөлийн гишүүн байсан тул шинэ ажлынхаа нөлөөгөөр намын ахмадуудтай хурдан танил болжээ.  Аав нь мөн хүүгийнхээ хувийн амьдрлыг зохицуулж Их Британд элчин сайдаар ажиллаж байсан Кэ Сяомины охинтой суулгажээ. Хоёр талын эцэг эх нь хуримын бэлэг болгон гадаадын ЭСЯ, диломат байгуууллагууд байрладаг Бээжингийн Наньшагоу дүүрэгт тансаг орон сууц бэлэглэжээ. Гэсэн ч эцгийх нь тооцоогоор суулгасан гэрлэлт хүүд нь аз жаргал авчирсангүй. Элит гэр бүлээс гаралтайн дээр Англид олон жил амьдарсан эхнэрт нь Бээжингийн нэгэн хэвийн уйтгарт амьдрал таалагдсангүй. Мөн намын ажил болон намын шугмаар ирдэг хяналт даралтыг үзэн яддаг байв. Ингээд бүхнийг хаян баруун гарахыг нөхөрдөө улаан цагаан ятгаж тулгаж гарчээ.  Хэрвээ гадаад зугтаавал аавых амь нас  аюулд орохыг ухаарсан хүү нь татгалзсанаар гэр бүлийн амьдрал нь там болжээ. Тухайн үеийн хөрш нарых нь баталсанаар залуу хос өдөр бүр хэрэлддэг байсан гэнэ. Ингэээд 1982 онд тэнд салж эхнэр нь Англи явжээ. Эхнэрээ капиталист ертөнц рүү алдсан залуу коммунист шийтгэл ирэхийг хүлээлгүйгээр бүх албан тушаалаасаа тэр дор нь огцорч хөдөө тосгонд ажилд томиолж өгөхийг хүссэнд Хэбэй мужийн Жэндин хотын намын хорооны даргаар явуулжээ.
 
Тяньаньмэний үйл явдлын дараахь үсрэлт 
 
 
Си ядуу Жэндин хотыг гурван жилийн дотор буддын эртний сүмээрээ алдаршсан аялал жуучлалын баян хот болгожээ. Өөрөө энэ амжилтынхаа талаар даруухан дурсаж “энэ хотод л би хүмүүстэй ажиллаж сурсан юм” гэжээ. 1985 онд тэрээр хувийн бизнесмэнүүдийн хувьд жинхэнэ диваажин болоод байсан Фуцянь мужийн Сямэнь хотын орлогч даргаар томилогдсон. Хэдийгээр капиталист эдийн засагтай байсан ч тэрээр коммунист үзэл суртлыг хатуу тулгаж 1986 онд хотод нь өрнөөд байсан оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг бараг нухчин даржээ. Түүний эрс хатуу зан төрхийг намын дээд удирдлага үнэлэхэд 1989 оны Тяньаньмэний үйл явдал түлхэц болов.  Намын дээд удирдлага  оюутнуудыг танкаар дайрч дарсаны дараа  цэвэрлэгээ явуулж гадаадын үзэл сурталд автагдсан гишүүдийг хөөн харин намд үнэнч нөхдүүдийг идэвхитэй дэвшүүлэх болжээ. Энэ үеэр Си Фуцзянь мужийн намын хорооны даргаар томилогдлоо. Мөн ХАЧА-ийн бүсийн намын хорооны 1-р НБД-ын ажлыг давхар хавсрах болов. Гэсэн ч тэрээр орон нутгийн түвшнээс дээшээ гарахгүй байсан нь тухайн үеийн удирдагч Цзян Цзэмины бодлоготой холбоотой байсан. Шанхай хотоос гаралтай тэрээр Бээжингийн бүлэглэлийг сайн дарж дээшээ гаргахгүй байлаа. Харин 2002 онд Бээжингийн бүлэглэлийн Ху Цзиньтао төрийн эрхэнд гарсанаар хөдөө “зэвэрч” байсан Си нарын нар гарчээ. Тэгээд ч шинэ дарга Цинхуа их сургуулийн төгсөгч гэдгээрээ Сиг мэддэг байжээ. Удалгүй Си Хятадын хамгийн баян мужийн нэг гэгдэх Чжецзяны намын хорооны даргаар томилогджээ. Шинэ ажилд очсоны дараа Ху даргынхаа зөвлөгөөгөөр хувийн амьдралаа зохион байгуулж гэрлэхээр шийдсэн байна. Ингээд цэргийн дуу бүжгийн чуулгын “алтан гургалдай” гэгдэх үзэсгэлэнт Пэн Лиюаньтай гэрлэсэн шуугиан тарьжээ. Нам армийнхан эмэгтэй хүнтэй үг сольж чаддаггүй гэмээр дуу цөөнтэй намын дарга дуучин эмэгтэйг өөрийн болгосонд гайхаж байжээ. 1992 онд тэд Си Минцзе гэдэг охинтой болсон. Охин нь хожим өөр нэрээр Харвардын их сургуулийг төгсөж өдгөө Бээжинд ажиллаж байна. 
 
Шанхайн бүлэглэлийн эсэргүүцэл 
 
 
Хятадын улстөрийн хүрээнд Бээжин болон Шанхайн гэсэн хоёр бүлэлглэл ноёрхдог. Тэдний өрсөлдөөн 5-6 жилийн үеэр үргэлжилнэ.  2002 онд төрийн эрхэнд гарсан Ху Цзиньтаогийн хугацаа дундаа орох үед хоёр бүлэглэлийн хооронд ээлжит ширүүн тэмцэл өрнөв. Намын бичигдээгүй дүрэм ёсоор халаагаа өгч байгаа дарга эхлээд дээд удирдлагын маш хязгаарлагдмал хүрээнд буюу Улстөрийн товчоонд залгамжлагчийн талаар саналаа оруулж үүний дараа хэлэлцүүлэг эхэлдэг. Гэтэл Шанхайн бүлгийн хүчтэй  төлөөлөгч, Шанхай хотын намын хорооны дарга  Чэнь Лянъюй тогтсон ёсыг эвдээд хатуу шийтгүүлсэн. Хятадын өмнөх дарга Цзян Цзэмины гарын хүн гэгдэх тэрээр өөрийн хүч чадалдаа дэндүү итгэлтэй байсан тул  Улстөрийн товчооны хурал дээр төрийн тэргүүн Хутай улаан цагаан хэрэлдэж эхэлжээ. Харин  засаг барьж байсан Бээжингийн бүлэглэл энэ давралтыг нь уучлаагүй. 2006 онд хүчнийхэн түүнийг тэтгэвэрийн сангаас 400 сая доллартай тэнцэх мөнгө хулгайлсан хэргээр баривчилж энэ хэргийг мөрдөхийг дуугай Сид даалгажээ. Мөн түүнийг Шанхайнд томилон явуулсан. Си үүргээ гялалзтал биелүүлж Чэнь Лянъюйд 18 жилийн хорих ял өгч мөн Шанхай хотын намын хорооны олон дарга нарыг баривчилан бүлэглэлд том цохилт өгсөн. Ху даргын хугацаа дөхөх үеэр Хятад даяар залгамжлагчдын нэрс яригдаж Си тэдний тоонд оржээ. Гэхдээ хүчтэй өрсөлдөгч ч олон байжээ. Тэдний нэг нь Аюулаас хамгаалах яамны сайд, Шанхайн бүлэглэлийн Жоу Юнканаас гадна Хятадын коммунист залуучуудын холбооноос ажлын гараагаа эхэлсэн, баян Ляонин мужийн намын хорооны дарга Чэнь Лянъюй нар байв. Гэсэн ч тэдний өрсөлдөөнд 2008 онд болсон Бээжингийн Олимп цэг тавьжээ. Олимпийг зохион байгуулах ажлыг тухайн үед Ху даргын орлогчоор томилогдсон Си бүрэн хариуцсан агаад хятадууд энэ Олимпод давамгайлсан нь дараагийн удирдагч хэн болохыг олон нийтэд харуулж өгсөн. 
 
Си генералуудад зодуулсан нь ...
 
 
Си 2012 оны 9-р сард хуралдсан Коммунист намын 18-р их хурлаар намын дээд удирдлагад сонгогдон албан бусаар төрийн тэргүүн болов. Өдгөө түүнийг Бүх Хятадын АТИХ-аар л баталгаажуулах үлдээд байхад том хэрэг дэгджээ. Тухайн үед тэрээр бүтэн сар илүү олон нийтийн өмнө ил гараагүй. Энэ үед төлөвлөгдсөн АНУ-ын ТНБД Хилари Клинтон, Сингапурын Ерөнхий сайд, Оросын ГХЯ-ны сайд нартай их албан уулалт бүгд цуцлагдсан аж. Хятадын ирээдүйн удирдагч гэнэт алга болсон тухайд “The Washington Post” -д шуугиант нийтлэл гарсан агаад Бээжин тэр дор нь няцаасан ч үнэн болох нь дараа нь батлагдсан. Нийтлэлд дурдсанаар Си улстөрийн өрсөлдөгч болох Жоу Юнканы талын цэргийн дээд тушаалын генералуудтай уулзах зөвлөгөөний үеэрээ тэдэнд зодуулсан байжээ.  Зөвлөгөөн эхнээсээ л ширүүн хурц уур амьсгалтай болж сүүлдээ генералууд бүлэглэн дайрч Сиг сандлын хөлөөр толгой түрүүгүй цохиж зоджээ. Ийнхүү нүүр ам нь хөх няц болсон тул сар илүү олон нийтийн нүднээс нуугдахад хүрсэн гэнэ. Гэсэн ч тэрээр өөрт нь халдсан генералуудыг хатуу шийтгэж хариугаа авсан. Юуны өмнө өрсөлдөгч байсан Чэнь Лянъюйг холбоотноо болгосон/ Саяхан энэ хүн ахин Сигийн орлогчоор томилогдсон/. Тэд хамтдаа авлигалын эсрэг дайн зарласан агаад энэ нь засгийн эрхэнд гарсанаас хойшхи эхний дөрвөн жилийн гол ажил нь болжээ.  Энэ дөрвөн жилийн хугацаанд авлигал хээл хахуулийн хэргээр 1,3 сая нам төрийн албан хаагч шийтгүүлээд байна. Үүний хамт Си Шанхайн бүлэглэлийн  Жоу Юнкантай хатуу тооцоо бодсон. Түүнийг авлигалын хэргээр цаазын ял оноосон ч дараа нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн. Үүний дараа өөрийг нь зодсон Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Го Босюн, Цэргийн төв комиссын орлогч дарга  Сюй Цайхоу нарт 15 жилийн хорих ял оноосон. Зодоонд оролцоогүй ч хараад зогсож байсан генералуудыг халж цолыг нь хураан тэтгэвэрийг нь хассан.  Улстөрийн дайснуудаа намнах явцад маш өширхөг хүн гэдгээ Бо Силайн хэргээр харуулсан. Бо Силай нь 1960-иад онд Бээжингийн улаан хамгаалагчдын отрядыг тэргүүлэн Сигийн аавын ажиллаж байсан үйлдвэрт ирж намын ахмад гишүүдийг зодож эрүүдэн шүүж байсан гэдэг. Ийм ч учраас түүнтэй хувийн тооцоо бодож Бо Силайд бүх насаар хорих ял, харин эхнэрт нь Ангийн бизнесмэнийг хөнөөсөн хэргээр цаазын ял өгсөн.  
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших