Хамгийн их алдаршсан зураг авсан гэрэл зурагчин зурагнаасаа болж дампуурчээ /бичлэг, итгэмээргүй/
Нийтэлсэн: 2017-07-25 16:20:54
Гэрэл зурагчин Дейв Слейтер Бостонд төржээ. Багаасаа л байгаль, зэрлэг ан амьтдад дуртай байсан тул эцэг эх нь баяраар Африк, Азийн онгон байгаль ан амьтдын тухай ном зураг бэлэгдэг байжээ. Дунд сургуулиа төгсөөд хоёр ч их сургууль дүүргэж геологи, хуулийн магистрийн зэрэг хамгаалсан. Хоёр дипломтой тэрээр уул уурхайн инженер эсвэл өмгөөлөгчөөр ажиллаж болох байсан ч багийн мөрөөдөлдөө хөтлөгдөн байгаль, ан амьтдын зургаар дагнасан гэрэл зурагчин болохоор шийджээ. Аппаратаа үүрэн Арктик, Африк, Филиппины болон Коста-Рикад очиж байгаль зэрлэг амьтдын зураг авч Английн “RSPB”, “The Wildlife Trusts”, “Trust of Wildfowl & Wetlands Trust” зэрэг сэтгүүлд илгээдэг болжээ.
-Гэрэл зурагчин байнга л халаас хоосон, өлөн зэлмүүн гэлдэрдэг. Мянган зураг явуулахад нэг нь л сонгогддог. Тэгээд ганц зургийн мөнгөөр сар амьдрах болно доо-
Ингээд азаа үзэхээр шийдэн Индонезийн хойд зүгт оршин дархан цаазат газар луу явжээ. 45 хэмийн халуунд 20 кг жинтэй үүргэвчээ үүрэн хөтөчтэйгээ гарчээ. Мөнгөндөө тааруулан авсан хэдэн хайрцаг жигнэмэгээр хүнс хийсэн байна.
-Маш хүнд аялал болсон. Би 10 кг тураад ирсэн-
Энд маш ховор төрлийн макака гэдэг сармагчин байдаг агаад эндээс л өөрийг нь санхүүгийн хувьд өөд татах зураг авах төлөвлөгөөтэй байжээ.
-Хөтөч маань намайг тун тохиромжтой газарт аваачсан. Тэнд 20 орчим сармагчинтай сүрэгтэй халз таарсан. Тас хар өнгөтэй энэ төрлийн сармагчин зөвхөн Индонезид л байдаг-
Дрейв 150 метрийн цаанаас зураг авч эхэлжээ. Яваандаа сармагчингууд түүнд дасахад дөхөж очжээ. Гэсэн ч олигтой зураг авч чадсангүй. Эцэст нь боломжийн санаа төрж аппаратаа сүргийн дунд орхиод өөрөө холджээ
-Сармагчингууд эхлээд аппаратыг тойрон гүйлдсэн. Зарим нь дуранд нүүрээ нааж зарим нь товчлуур дарж байсан . Тэд нэг ёсондоо “авто-селфи” хийцгээсэн-
Сармагчингуудын олон арван авто-селфигээс ганцхан энэ зураг л “чулуу” болохоор байжээ. Энэ бол Дрейвийн “гэгээн Грааль” гэж нэрлэсэн эр сармагчины сельфи юм.
Англид ирээд зургаа заран өмнөх зардлуудаа бүрэн нөхөж чаджээ. Ахин Индонези явах мөнгө ч гарчээ. Мөн мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчдын дунд маш их алдаршиж нэр хүндтэй сэтгүүл, сониноос хамтаран ажиллах санал иржээ. Зураг нь Daily Mail-д хэвлэгдэж мөн олон ч сэтгүүлд гарч ихээхэн ашиг авчирчээ. 2011 онд зохиогчийн эрхийн дагуу 2500 фунтын ашиг авчээ. Дараа жилээс нь энэ орлого тогтмол өсөх болсон гэнэ. 2014 он гэхэд дэлхий нийтээр 50 сая удаа сонин, сэтгүүл сайтад тавигдсан гэсэн тооцоо гарчээ. Тэр жилдээ Google-ийн тооцоогоор хамгийн их үзсэн зургаар шалгарч бүр Ким Кардашьяны зургийн өмнө орсон гэнэ. Гэтэл энэ үеэс эхлээд мөнгө олдог зураг нь мөнгө салгадаг зураг болжээ. 2014 оны сүүлээр Америкийн Techdirt блог болон Википеди-д зураг нь тавигдсанаар дуртай хэвлэлийн газар, сайт, блогчид янз бүрийн байдлаар чөлөөтэй хэрэглэж эхэлжээ. Дрейв тэр дор нь зохиогчийн эрх зөрчсөн хэмээн Techdirt, Википеди-г шүүхэд өгч тус бүрээс нь 18 мянган фунт нэхэмжилсэн байна. Гэтэл шүүх гайхалтай шийдвэр гаргаж зургийн зохиогчийн эрхийг Дрейв эзэмших эрхгүй гэжээ. Учир нь зургийг сармагчин өөрөө дарсан гэж үзсэн байна. Гэхдээ зохиогчийн эрх нь сармагчинд бас л хамаарахгүй гэжээ. Шүүхийн шийдвэр гарахын хамт авч байсан зохиогчийн эрхийн мөнгө зогсжээ. Бөөн шуугиан дэгдээсэн шүүхийн шийдвэрийн дараа “PETA” буюу “Амьтантай зүй зохистой харьцахын төлөө” гэдэг байгууллага сармагчины нэрийн өмнөөс Дрейвийг шүүхэд өгч зургийг нь олон жил хууль бусаар ашиглан ашиг олсон хэмээн буруутгаж нөхөн төлбөр нэхжээ. Ийнхүү азгүй гэрэл зурагчнийг бүрэн дампууруулж дээр нь уран бүтээлийн онгод, хүсэл тэмүүллийг нь нам унтраасан олон жилийн олон удаагийн шүүх хурал эхэлжээ. Калифорнийн анхан шатны шүүх PETA-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход ч давж заалдсан.
-Үнэндээ намайг сармагчин шүүхэд өгсөн болж таарч байгаа юм. РЕТА-гийнхан миний “гэгээн Грааль” гэж нэрлэсэн сармагчинд Наруто гэдэг нэр өгчихсөн. Ингээд би Наруто нь зохиогчийн эрх эдлэх эсэх, РЕТА-гийнхан Нарутог төлөөлж чадах эсэх, зурагны зохиогчийн эрхийг би эзэмшиж байснаас болж Нарутод хохирол учирсан эсэхийг батлах няцаах зэргээр тасралтгүй шүүхддэг боллоо. Өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу би РЕТА-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийг нь бүрэн төлөөлөх эрхтэйг баталсан итгэмжлэлийг Нарутогоос авсан эсэхийг хүртэл асуудаг байлаа-
Дрейв РЕТА-г ялж чадсан ч дахиад нэг амьтан хамгаалагч эсвэл амьтан хамгаалах байгууллага шүүхэд өгдөг болжээ. Англид амьдардаг түүнийг Америкд байрладаг амьтан хамгаалах байгууллагууд ээлж дараалан шүүхэд өгсөөр ирсэн тул тив алгассан шүүх хуралд оролцохын тулд байдаг мөнгөө дуусгажээ Сүүлдээ өмгөөлөгч хөлсөлж чадахаа байгаад он-лайнаар шүүх хуралд оролцдог болжээ. Энэ хооронд зураг нь олон сая хувиар ашиглагдсаар л байжээ.Ашигласан байгууллагуудаас зохиогчийн эрхийн хувиа нэхэхэд "чамд биш Нарутод өгнө" гэж дамшигладаг болжээ.
-Зэрлэг амьтан хамгаалагч нэртэй фанат этгээдүүд, энэ олон ТББ-ууд намайг бүрэн залхаалаа. Тэд сармагчны өөрөө авсан зургаар үндэслэлгүй ашиг олсон хэмээн намайг буруутгадаг ч үнэндээ тэр зурагны зохиогчийн эрхийг өөрсдөө авах гээд байгаа юм. Би тэдэнтээ тавдахь жилдээ шүүхдээд хамаг мөнгөө барсан. Энэ зурагнаас одоо ашиг олохоо больсон ч надаас салахгүй байна. Өдгөө эхнэр маань намайг тэжээдэг болсон. Би машинаа хүртэл засуулж чадалгүй хоёрдахь жилдээ нийтийн унаагаар явж байна. Охин маань дунд сургууль төгсөх гэж байгаа ч коллежийн сургалтын төлбөрд бэлдсэн мөнгийг нь өмгөөлөгчид өгөөд дуусгасан-
Түүнээс гадна Дрейвийн уран бүтээлийн онгод хийморь нь бүрэн унтарчээ.
-Өмнө нь зургийн аппарат камераа харахад л урам зориг орж гоё сайхан зураг авах хүсэл тэмүүлэл оргилдог байсан бол одоо үгүй болжээ. Тэд намайг 50 сая удаа ашиглагдсан зургаараа асар их мөнгө олсон гэж хардаад байгаа юм. Гэтэл би зохиогчийн эрхийн өчүүхэн шагналаа л авч байсан хүн шүү дээ-
НУУЦ.мн