М.Даваасүрэн: Төрийн залгамж халаа алдагдсан нь улсын хөгжлийг боомилдог
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Ган хийц”хувьцаат компанийн ерөнхий захирал М.Даваасүрэнг урилаа.
-Бизнест тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлагаа эхэлье. Учир нь танай компани байгуулагдсан цагаасаа хойш нэлээд олон шинэлэг санаануудыг хэрэгжүүлж ирсэн шүү дээ?
-Манай компани арвин түүхтэй. Энэ түүхийг бүтээхийн тулд бид улс орны хөгжлийг түүчээлэх үйлдвэрлэл байгуулахын төлөө ажиллаж ирсэн. Манай компанийн хамт олон нэмүү өртөг шингээсэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьсон. Зах зээлд шилжиж байх үед консервийнхоо лаазыг хийж чадахгүй байж монголчууд коммунизм байгуулах гэж байна хэмээн хятадууд хэлж байсан юм шүү дээ. Хатуу ч гэлээ үнэн үг. Тиймээс бид хүний аманд багтаж амьдарч болохгүй учраас эх орондоо бүтээн байгуулалт хийх ёстой. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Манай компанийн хувьд 1992 оноос хойш нийт есөн үйлдвэр байгуулсан. Ингэснээрээ бид ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрлэл хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, гадаад улс руу мөнгөө урсгаад сууж байх уу, эсвэл дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эх орондоо нэмүү өртөг шингээж Монголоо хөгжүүлэх үү гэдэг сонголттой тулсан юм. Ингээд хамт олныхоо дэмээр ясны гурил үйлдвэрлэж эхэлсэн. Манай компани гурилаа нэг тонныг нь 100 ам.доллараар борлуулан 60 мянган ам.доллар олж байлаа. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ. Тиймээс гурилаа савлах шуудайны үйлдвэр байгуулан Монгол Улсад 2.5 сая ширхэг шуудай үйлдвэрлэсэн. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд манай инженерүүдийн санаачлага, ажил хэрэгч байдал нь амжилтад хүргэсэн гэж болно. Түүнчлэн 2000 он хүртэл манай улс эрчим хүчний тулгуурыг модоор хийдэг байсан. Байгалиа сүйтгэн их хэмжээний мод бэлтгэнэ. Энэ нь төдийлөн урт настай биш. Тиймээс 2005 онд тулгуурын үйлдвэрийг байгуулж байсан. Одоо манай улсын өнцөг булан бүрт эрчим хүчний тулгуур нь эх орны манай үйлдвэрийн бүтээгдэхүүн байдаг. Манай компанийн хувьд олон үйлдвэрийг байгуулж монголынхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах, эх орныхоо хөгжилд түүчээлэх зорилготой болсон.
-Бизнесийг дэмжихгүй байгаа тухай олон жил ярьж байна. Дорвитой шийдэл гарахгүй байгааг шүүмжилдэг. Гэсэн хэдий ч үр дүн харагдахгүй л байна?
-Бизнесийг дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж байсан гэдгийг онцлон тэмдэглэе. Ер нь хувийн хэвшлийнхэн хууль эрх зүйн тогтвортой байдал, төрийн бодлогын дэмжлэгийг хүсч байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тэгэхээр Монголын төр тогтворгүй, дөрвөн жилийн мөчлөгтэй УИХ-аас гарсан шийдвэрийг дараагийн УИХ, Засгийн газар хэрэгжүүлдэггүй зэрэг шалтгааны улмаас манай улсын эдийн засагт хүнд цохилт болдог. Тэр дундаа бизнес эрхлэгчдэд дарамт болж ирдэг юм шүү дээ. Төр нь толгойгүйгээс УИХ-аас гаргасан хөгжлийн бодлогын баримт бичгийг сүүлийн 17 жилийн хугацаанд огт ажил хэрэг болгосонгүй. Энэ бүхэн эцсийн дүндээ улсын хөгжил болоод эдийн засагт хүндрэл учруулж байгаа юм.
-Төрийн залгамж халаагүй байдал эдийн засгийг боомилж байна гэж хэлэх гээд байна уу?
-Үүнтэй хэн ч маргахгүй байх. Учир нь 2000 оны эхээр Мянганы зам хөтөлбөрийг хэрэгжүүлэн 18 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн. Гэтэл тухайн үед парламент нь солигдсоны улмаас Мянгуужингын зам гэдэг нэртэй болгож байсныг ард түмэн мартаагүй. Гэтэл өнгөрсөн Засгийн газрын үед аймгуудыг авто замаар холбож шинэ ажил хийсэн мэтээр ярьж байгаа нь хэт өрөөсгөл бөгөөд хугацаа алдсан гэдгээ ухаарахгүй байгаагын илрэл. Үнэн хэрэгтээ төрийн залгамж халааг хадгалан хөгжлийн бодлогыг хэн нэгэн даргын хүсэл сонирхолд нийцүүлэлгүйгээр улсын эрх ашгийн төлөө хийж чаддаг бол аль хэдийнэ автозамаар холбогдох байсан. Монголын төр бизнес эрхлэгчдийг дэмждэг, саад болохгүй байх нь чухал. Мөн үе үеийн Засгийн газар гаргасан шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, зайлшгүй улсын эрх ашигт нийцсэн шийдвэрийг аль нэг намаас хамааралгүйгээр нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавьж хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгосон цагт Монгол Улс хөгжинө.
-Үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсын эдийн засагт томоохон хөшүүрэг болно гэдэг. Хэдийгээр янз бүрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа ч тодорхой дэвшил алга гэдэг шүүмжлэл гардаг?
-Үйлдвэр хөгжүүлнэ гэдэг нь эдийн засгийн том бодлого. Түүнээс дөрвөн жил УИХ-д суусан, улстөрчийн бодлогоор хөгждөг зүйл огт биш. Аливаа бизнесийг эрхлэхийн тулд маш нарийн төлөвлөх учиртай. Улсыг хөгжүүлэхийн тулд төлөвлөгөөтэй, эрхэм зорилготой, хэрэгжилтийг хянаж үр дүнг нь хардаг байсан. Гэтэл одоо цаг өөр болсон. Тодорхой төлөвлөгөө гаргасан байлаа ч түүнийгээ хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулдаггүй учраас үр дүнгүй байгаа юм. Тэгэхээр үйлдвэр хөгжүүлэхийн тулд нэг удирдлагатай байж болох ч санхүүгийн хувьд биеэ даасан байх шаардлагатай. Тиймээс манай улс хүчтэй компаниа дэмжих бодлого явуулах хэрэгтэй. Энэ нь бизнес болон үйлдвэрлэлийг дэмжих хөшүүрэг болно. Сүүлийн үед жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр нэлээдгүй хөрөнгө зарцуулсан ч үр дүн алга. Хэрэв бид эдийн засгаа чадавхжуулж, үндэсний үйлдвэрлэгчдээ хөгжүүлэхийг зорьж байгаа бол одоо байгаа томоохон үйлдвэрээ төр бодлогоор дэмжих нь зүйтэй. Эцсийн дүндээ энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлээ хөл дээр нь босгох, ажлын байрыг хадгалах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, томоохон үйлдвэр өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр борлуулахдаа олон улсын стандартад нийцүүлэхийн тулд жижиг, дундыгаа техник, тоног төхөөрөмжөөр дэмждэг юм. Хэдийгээр хувь хүний бизнес мэт боловч цаад утгаараа улсын хөгжилд оруулах томоохон хөшүүрэг.
-Тэгвэл манай улс үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Монгол дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй болохын тулд газар доорх баялагтаа түшиглэсэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлох хэрэгтэй. Ингээд зогсохгүй ажил хэрэг болгож, үр дүнг нь харах учиртай. Жишээлбэл, зүүн бүсэд ямар үйлдвэр байгуулах вэ гэдэг чухал. Үүний тулд судалгаа хийх шаардлагатай. Цаашлаад экспортод бүтээгдэхүүнийг нь гаргахад хил залгаа улсын зах зээлд нийцүүлэх нь эдийн засгийн үр өгөөжийг бий болгоно. Ер нь гадны улсын жишгээс харахад төр нь томоохон үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулсан байдаг. Үүний дараагаар бизнесийнхэндээ менежментийн хувьчлалаар өгөх хэрэгтэй. Мэдээж төр ямар зарчмаар ажиллах, хэдий хугацаанд хувьд шилжүүлэх боломжтой зэргээ гэрээндээ тодорхой тусгадаг. Энэ нь эх орондоо хэнээс ч дутахгүй, эдийн засгийн хараат бус амьдрах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нэг алхам.
-Танай компани Хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулдаг нээлттэй компаниудын нэг шүү дээ. Тэгэхээр санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаар та юу гэж боддог вэ?
-Эхлээд нэг бодлого бодьё. 1993 онд хэн нэгэн хүн “Ган хийц” компанийн 250 ширхэг хувьцааг нэг төгрөгөөр худалдаж авчээ. Одоо манай компанийн хувьцаа нэг ширхэг нь 13800 төгрөгийн ханштай болсон. Тэгвэл тэр хүн өнөөдөр хувьцаагаа арилжаалвал 3450000 төгрөгтэй болно. Ердөө 250 төгрөгийг 24 жил хадгалсны дараа үр дүн нь энэ. Уг нь манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь яагаад хувьцааны борлуулалт муу байдаг вэ гэж судалж үзсэн үү. Учир нь арилжааны банкны хадгаламжийн хүү өндөр учраас хувьцаа авах сонирхолгүй байгаа юм. Тэгэхээр 100 сая төгрөгтэй хүн юу ч хийхгүй сууж байгаад 20 сая төгрөгийн хүү бодуулж авах нь илүү хялбар. Харин хувьцаанд хөрөнгө оруулалт хийвэл түүнээс харьцангүй бага мөнгө авна. Гэхдээ улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь тэдний бахархал байх ёстой. Эцэст нь хэлэхэд улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн хараат байдлыг бий болгох хэрэгтэй. Энэ нь санхүүгийн салбарын хөгжилтэй уялдаатай байдаг юм шүү дээ. Тиймээс энэ салбарыг алагчлахгүйгээр хөгжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийг арилжааны банктай ижил төвшинд хүргэхийн төлөө төр бодлого баримталж ажиллах цаг болсон. Хувьцаа худалдаж авч байгаа иргэн хувийн хэвшлийг дэмжиж байгаа гэхээс илүүтэй улсынхаа эдийн засаг болоод нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж байна гэдгийг ойлгох ёстой. Мөн хувь хүн баялаг бүтээхийн төлөө эрмэлзэх хэрэгтэй. Би энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хадгаламжийн хүүг тэглэх нь цаг хугацааны асуудал. Энэ нь эргээд хувийн хэвшил, хувь хүндээ өндөр өгөөжийг бий болгоно. Тухайлбал, арилжааны банк хадгаламж эзэмшигчдэд өгөх хүүгээ олохын тулд зээлийнхээ хүүг өсгөдөг. Хэрэв хүүгүй болчихвол зээлийн хүү буурахаас гадна хөрөнгийн зах зээл рүү урсах мөнгөний хэмжээ өснө. Тэгэхээр үүнийг зохицуулах төрийн бодлого, түүнийг нь хэрэгжүүлэх арга механизмыг боловсруулах хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин