ЭРЛИЙЗ АДУУНААС АВАРЧ ХАЙРЛА ТӨР МИНЬ
Нийтэлсэн: 2017-05-12 00:39:58
Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг, морьтон монгол соёлоо хүндэлж дээдэлдэг үндэсний сэхээтнүүдийн тоо эрс цөөрчээ. Энэ бол үндэстний эмгэнэл айсуй. Үеийн үеэс монгол үндэстнийг мандуулж, Монгол төрийн билэгдэл, шүтээн болсон монгол адуугаа – мал хариулдаг адуу, хоцрогдсон адуу одоо солих цаг нь болсон.... гэж адлах болсон сэтгэл буруу шинэчлэгчдийн нөлөө тэлсээр өнөөгийн монгол төрийн бодлогыг чиглүүлдэг боллоо. Монгол үндэстний морин уралдааны агуу соёлыг алдагдуулж баярхалын балайрал, хоосон алдар цол, нэр хүндийн хийрхэлийн тоглоом болгочихсон нь өнөөгийн үнэн дүр төрх юм. Сүүлийн хориод жилд монголын төр үүнийг шинэчлэл, хөгжил гэж өхөөрдөн хамгаалж ирлээ. Гэтэл бас бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт бүртгэн” тооцдог болсноо зарлаад жил бүрийн арван нэгэн сараас тавдугаар сарын нэгэн хүртэл хүүхдээр морь унуулж уралдаан хийхийг хоргилжээ. Ийм шийдлийг эсэргүүцсэн маргаан ид өрнөж шуугиж байгаа нь бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж байна. Монгол үндэсний морин уралдааны эрхэм нь төрийн хүндэтгэл, монгол хүний жудаг ёс билэгдэл, ард түмний дотоод сэтгэл оюунтай монгол үндэстний дархлаат чанар барьцалдсан хамгийн эрхэм нандин уламжлалт соёл. Зарим түүхч эрдэмтэд монгол наадам, цагаан сарыг жилд нэг удаа ард түмэндээ хийдэг үндэстний дархлааны “ВАКЦИН” гэж хэлдэгч манай төрийн бодлого өөр бололтой. Харийг дээдлэх, гадаадажсан соёл, сэтгэлгээтэй нөлөө бүхий эрхэмүүдийн хэлдэг “шинэ цагийн уяачид өв уламжлал, үндэсний соёл... гэх мэт хоцрогдсон хөдөөний жалга довны үзэлд автах хэрэггүй, өөрчилж шинэчлэх л хэрэгтэй”... гэсэн суртчилгаа их газар авчээ. Үүний бодит жишээ нь: Баяр наадмын тухай хуулинд “төрийн наадамд зургаан насны морь уралдуулна” гэсэн байдаг ч үл хэргэсэн эсэн бусын “ЭРЛИЙЗ” адуу оруулж ирэн монгол адуутай хольж болон тусд нь уралдуулж , төрийн наадамд есөн насны морь уралдуулдаг болгосон. Түүгээрч зогсохгүй тэдгээрийн эздийг хөхүүлэн дэмжиж улсын нэрийн өмнөөс “ уяач хэмээн” өндөр алдар цолоор алдаршуулдаг болсон зэрэг үндэсний дархлаат соёлынхоо эсрэг шинэчлэлүүдийг хэргэжүүлсээр арваад жил өнгөрчээ. Үр дүн нь монголчуудын монгол адуугаа дээдлэн билэгддэг үндэстний дархлаа, монгол адууны генийн санд аюул нүүрлэж, үндэсний уламжлалт зан заншил, ёс дэг арилж, арчигдах үйл явц эрчтэй явагдаж , төрийн бодлого, мэдрэмж сэргэхгүй болчихсон ч юм шиг харагдах боллоо. Монголчууд бидний биет өв монгол адуу болон биет бус өв соёл, үндэсний морин уралдаан, генийн болон соёлын хувьд шахагдан арчигдаж байна гэсэн үг.
Монголын шинжлэх ухааны үндэсний академийн гишүүн, мал эмнэлэг, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Цэвэгмэд агсан 1991 онд “Монгол адуу” нийгэмлэгийн их хурал дээр ---...нөхөд минь гайхамшигт монгол адуугаа эрлийздэж болохгүй. Ёстой болохгүй юм чинь тэр шүү... гэж онцлон хэлж захиж байж билээ. Үнэхээр монгол адууны гайхамшигт мөн чанарыг оросын ард түмэн үнэлж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор монгол морины хөшөөг цогцлоон сүндэрлүүлсэн нь монголчууд бидэнд бахархалтай байсан даа. Их эрдэмтэн Г.Цэвэгмэд агсан “Монгол адуу-Их ном” бүтээлдээ “ ... монголчуудаас... ялангуяа... өвөрмөц, байгалийн зөн билэгт, монгол адуун сүрэгт...гадаад, дотоод тогтолцоог танин мэдэхүйн ажиглалт судалгаа, тусгайлсан туршлагын философи сэтгэлгээгээр тогтоон соёрхож урлан шагласан нь... дэлхийн соёл, шинжлэх ухаанд оруулсан хаана ч зарлаж, хаана ч дэвтэрлээгүй нэгэн зүйл нээлт, мөнхийн гавьяа мөнийг цухас тэмдэглэсүгэй... гэж дүгнэн тодорхойлжээ. Эрхэм эрдэмтний энэ дүгнэлт нь монгол адууны генийг хамгаалах, монголчуудаас дэлхийн соёл, шинжлэх ухаанд оруулсан нээлтийг тодотгон дархлаажуулахыг хойд үедээ аминчлан захисан үг бизээ. Ийм эрхэм захиасыг бидний монгол төр хайхрамжгүй, ор төдий хэрэгжүүлж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Монгол үндэсний морин уралдаан бол ардын цэнгэл, наадам учраас үндэстний ёс жудаг, ёс суртахууны төлөвшил ,хүмүүжил олгодогт мөн чанар нь оршдогийг төр эндүүрэх, мартах ёсгүй байлтай. Жилдээ нэг болдог төрийн цэнгэл наадам жилийн турш эрлийз адууны хэрүүлээр дүүрчихээд шийдэж чадахгүй, алийгаа алдчихаад байгааг монгол төрийн мэлмий харахгүй байгаа нь эмгэнэлтэй л харагдах юм даа. Манай хэдэн эрдэмтэд доктор Б.Бинье, Б.Хөххүү, Д.Самданжамц, доктор Д.Шомбодон нарын мэргэжил зүтгэлээр 1990 онд монгол адууны / MNS 4099;2010 / стандартыг баталгаажуулж МОНГОЛ АДУУ ДЭЛХИЙН ГЕНИЙН САНД БҮРТГЭГДЭН, дэлхийн адууны үүлдрийн жагсаалтанд орсон байдаг. Дэлхийд баталгаажсан монгол адууныхаа генийг хамгаалах нь монгол төрийн нэгэн дархлаат бодлого баймаар.
Гэтэл мэргэжлийн яамыг удирдаж байсан сайд асан Бадамжунай Монгол улсын хилээр гадны улсаас өөр үүлдрийн болон эрлийз адуу оруулж ирэх зөвшөөрлийн бичиг /лиценз/ тарааж нүглийн үүдийг нээсэн түүхтэй юм билээ. Монгол адууг халж төрийн наадамд эрлийз адуу уралдуулах бодлогоор ингэж ажилласан хэрэг. Үүний үр дүнд Өлзийт хорооллынхон эрлийз адуугаар дүүрч, орон даяар адуу эрлийздэх ажиллагааг өрнүүлсэн байна. Хамгийн хачирхалтай нь төрийн Сайд нь ийм үйл хийсэн байхад мал зүйч, биологи, генетикийн ухааны докторууд, ХХААЯ-ны мэргэжилтэнүүдийн бодол, яриа өөр байсныг товчлон өгүүлье. Тэд --- Адууг эрлийздэх угаасаа сайн юм биш гэж тодорхойлоод ... Монгол адууг өөр үүлдрийн , эрлийз адуутай хольж уралдах ёсгүй. Үүлдэр үүлдэрээр нь Жишээ нь: Будённыг будённытэй нь , Арабыг арабтай нь уралдуулаад тухайн үүлдрийн аваргыг тодруулдаг нь дэлхийн жишиг юм. Гэтэл манайх араб, монгол, эрлийз гээд адуун төрөлтэй амьтан бүгдийг холиод уралдуулаад байгаа нь үнэхээр тэнэг хэрэг... гэцгээж байхыг олон хүнээс сонсож билээ.
Бас нэг ийм ноцтой зүйл ярьдаг юм. 2014 онд наадмаас 5-6 хоногийн өмнө ММСУХолбооноос санаачлан “Хурдан морины уралдааны стандарт” гээчийг Стандарт хэмжил зүйн үндэсний төв баталж наадмаар хэрэгжүүлсэн байгаа юм. Гэтэл энэ тухай ХХААЯам огт мэдээгүй, мэргэжилтнүүд нь гайхаж байж. Удалгүй учир нь тайлагдаж ММСУХолбооны хэдхэн хүн өөрсдийн эрлийз адууны өндөрт тааруулж стандарт батлуулсан байжээ. Энэ тухай тэд “Энэ эрлийз адууныханд уяачийн жудаг ёс гэж даанч алга болж. Жаахан ухамсартай, хүнлэг , оюунлаг баймаар юм" ... гэж байсан шүү. Харин жирийн алс баруун хязгаарын Увс аймгийн Наранбулаг сумын малчин Аймгийн алдарт уяач О.Буянжаргал “бид чинь хувь заяаны учрал ерөөлөөр заяасан сайхан монгол адуутай ард түмэн. Монголчууд бид цэвэр монгол мориор уралдах нь жинхэнэ монгол бахархал юм даа... гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Монголоо гэсэн хүмүүс нийтдээ ийм л бодолтой зөн совинтой байдаг юм билээ. Угтаа үндэсний соёл ээдэн гашилж эрлийз адуутай шинэчлэл айсуй.
Одоо сүүлийн үед уралдаан наадам нь дараагийн асуудал болж “Адуутай байх уу?... үгүй юу?” гэсэн аймшигт мэдээ эмзэглүүлэх боллоо. Энэ бол манай монгол улсад урьд хожид дуулдаагүй эдгэдэггүй, адууны шинэ өвчин газар авч эхэлжээ. Эрлийз адууны хорхойтон Бадамжунай сайд байхдаа тараасан зөвшөөрөл, лицензээр нэг хэсэг нөхөд “Шинэ монгол адуутай” болно гэж хилийн гаднаас эсэн бусын адуу зөөцгөөсөндөө. Үр дүн нь манай улсад огт гарч байгаагүй адууны бэлгийн замын тэмбүү , яртай, эдгэдэггүй цусны өвчтэй адуу олноор оруулж ирж өвчний үүр болгон дэлгэрүүлсэн нь энэ. Нууцалж нуун нүхэнд олныг булжээ. Гэсэн ч тархаж буй энэ өвчнийг эдгээх чадамж, мөнгө санхүү малчин хүн байтугай манай улсад байхгүй л болов уу? Энэ бол аймшигт мэдээ аюулын харанга биш гэж үү?
Бас нэг нойтон хамуу шиг өвчин нэмэгдсэн нь адууны халдварт ужиг ханиад бий болсон. Урд өмнө байгаагүй энэ ханиад жил бүр сэргэж адуу нийтээрээ өвчилдөг. Энэ ханиадны голомт устадгүй. Устгах боломж өнөөдөр монголчууд бидэнд байхгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм. Бидний мэдэх Хүй долоон худагт жил бүр сунгааны үеэр ханиад дэлгэрнэ. Уяаны, унаарын морьд адуу бүгд ханиаданд нэрвэгдэнэ. Хүй долоон худагийн орчин нь өвчний голомт үүрэлж, тархааж дэлгэрүүлдэг орон болжээ. Эрлийз адуунаас л өвчний үүр эхтэй гэдэг нь тодорхой. Эдгээх эм тариа байдаггүй. Био комбинатын хийсэн эм тариа ямарч үйлчилгээгүй гэцгээдэг юм. Эмчилгээний их зардал нь, худлаа бизнесийн тоглоом болдог ажээ. Францаас оруулж ирсэн вакцин гээд ганцхан тун нь 25000-75000 төгрөг болдог байна. Энэ нь жилээ даадаг үйлчилгээтэй гэсэн. Үнэн худал нь бүү мэд. Уяачийн амьдрал ийм л тоглоомон дотор хөвж байна.
Моринд дурласан нөхдүүд хурдан адуутай болох гэж эрлийз адууны шоунд хөтлөгдөөд учраа олохгүй л яваа улс. Уул нь адуу хилээр оруулж ирэх нөхцөл шаардлага бол өндөр. Лав 3 сар каринтинд байлгаж шинжилгээ нотолгоог баталгаажуулж байж оруулж ирэх гэх мэт нөхцөлүүд байдаг. Үүнийг мөрдөнө гэдэг бол ёстой хулхи л даа. Хуурамч баримт бүрдүүлэх бол өгөө авааны л асуудал болно. Ийм байдлаас болж ганц эрүүл адуугаа эмгэнэл мөхлийн ангал уруу оруулчихаад байна. Эрлийз адуу оруулдаг лиценз зөвшөөрлийг хурааж зогсоон нүглийн үүдийг хаах эсэх нь, шинэ сайд Пүрэвийн Сэргэлэн монгол адууны төлөө юу? албан тушаалын төлөө юу? гэдгээ уяач түмэндээ харуулах цэгт нэгэнт тулж ирж дээ. Өөрөөр хэлвэл монгол адуугаа хамгаалах, монгол соёлоо аврах эгзэгтэй цаг мөчид П.Сэргэлэн сайдын төрийн хүний ноён нуруу харагдах биз ээ.
Ер нь эрлийз адууны тухай асуудал нь шинжлэх ухаанд түшиглэж мэргэжилтнүүдийн дүгнэлтээр шийдвэрлэгдэх ёстой баймаар. Гэтэл мэргэжилтнүүдээ буруутгаад л эрлийз адуундаа “шинэ монгол адуу” гэж нэр өгч сурталчлаад байгаа харагддаг. Мал зүйч эрдэмтэн доктор Г.Төмөрхадуур хамгийн анх “ Шинэ монгол адуу гэх нь шар хадны эмнэлгийн хүний үг” гэж цахим сайтаар бичиж шуугиулж байсан нь одоо бодоход хачиргүй үнэн тэр байжээ. Ер нь монгол мал эрлийздээд өөдтэй болдоггүйг өмнөх нийгмийн үед нотлогдсон зүйл гэж мэргэжлийн эрдэмтэд хэлээд байгаа юм. Техникийн ухааны доктор Ө.Сүхбаатар нөхдийн хамт Бээжинд олон улсын эрдэм шинжилгээний хуралд очиход Өвөр монгол эрдэмтэн Шуурган гэдэг хүн – монгол мал, ялангуяа монгол адуугаа эрлийздэж болохгүй шүү... гэж аминчилж захисан гэж хэлж байсан. Саяхан “Сүлд” тв-ээр малын эмч , манлай уяач Содномцог адууны өвчин ч алийгаа алдлаа... ингэж адууг эрлийздэх юм бол адуугүй болно... гэж зурагтын сувгаар харамсан ярьж байна лээ. Энэ бүх мэргэжлийн хүмүүсийн хэлсэн үг, санаа бодол, баримт жишээнээс дүгнэхэд эцсийн эцэст үндэсний соёл, монгол адуугаа хосоор нь хамгаалах төрийн бодлого үгүйлэгдээд байна даа.
Урьд өмнө төрөөс монгол адууныхаа генийг хамгаалах шийдвэр гарч байсан мэдээлэл дуулдаагүй. Харин 1989 онд Монгол адуу нийгэмлэг байгуулагдаад монголд тахь нутагшуулахаас эхлээд , монгол адуу нь дэлхийн сонгомол нэг үүлдрийн хувьд генефондыг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьжээ. Энэ бол гайхалтай шийдэл. Үүний зэрэгцээ монгол адуу судлалаар доктор Цэвэгмэдээр ахлуулсан эрдэмтдийн зөвлөл байгуулж санхүүгийн дэмжлэг үзүүлж— битүү туурайтны дотор монгол адууны эзлэх байр суурь, бусад үүлдрийн адуунаас ялгарах онцлогийг эсийн ба молекулын төвшинд тогтоох ... гэх мэт том зорилт тавьж ажиллуулж байв. Мөн улс орон даяар монгол адууны гайхамшгийг тодруулж алдаршуулах, уран бүтээлийн уралдаан тэмцээн, суртчилгааны ажлыг олон чиглэлээр явуулж монгол адуу, үндэсний соёлоо үнэлж ойлгох, үндэстний бахархлыг хөгжөөж байсныг сэргээн үргэлжлүүлэх цаг үед ирээд байна.
Үндэс соёлоо авран хамгаалах дархлаатай төрийн түшээ, сайд монголын төрд олон буй биз. Гайтай эрлийз адуунаас монгол адуугаа аварч хайрла ... төр засаг минь... монголоороо байцгаая ..... уяачид аа.
Судлаач Н.Санжаадорж 2017.03.22.
Эрлийзүүд өөрсөдтэйгээ адилхан гайхамшигт монгол адууны минь генийг үгүй хийх санаа өвөрлөж байна даа.Энэ асуудпал Энхболдтой салшгүй холбоотой
Порнуха бесплатно только тут***osvinka.cc