Сү.Батболдын нэр “Панама паперс”-ын жагсаалтад нэмэгджээ
Нэг жилийн хугацаанд “Панама паперс” олон улсын байгууллагаас гаргадаг хилийн чанадад оффшор данс эзэмшигчдийн нэрийн жагсаалтад хоёр ерөнхий сайд шинээр нэмэгдсэн байна. Нэг нь Монгол Улсын ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд ажээ. Тус материалд "Сүхбаатарын Батболд 2009-2012 оноос Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Одоо УИХ-ын гишүүн юм. Улс төрд орохын өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудал гэсэн өргөн хүрээг хамарсан компаний гүйцэтгэх захирал байсан. 2000 онд Батболд Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон. 2000-2009 оны хооронд тэрээр Ерөнхий сайдын зэрэгцээ УИХ-ын гишүүн, Худалдааны сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. 2003 оны 11 дүгээр сард Гадаад хэргийн сайд байхдаа Батболд Их Британий Вирижиний арлуудад байгуулагдсан "Batu Mining Limited” оффшор компаний хувьцаа эзэмшигч болжээ. “Batu Mining Limited” нь "Batu MIning Mongolia" ХХК-ийн толгой компани бөгөөд Монгол дахь зэс, алтны хайгуулын лиценз эзэмшдэг олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг хамтарсан компани юм. 2005 оны 12 дугаар сард Батболд тухайн үед Худалдаа, аж үйлдвэрийн сайд болсныхоо дараа Британийн Виржинийн арлууд дахь компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй "Ever Legend Engineering Limited" компанид шилжүүлсэн" гэжээ. Батболдын төлөөлөгч “Батболд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй толгой компани нь Монгол Улсад бүртгэлгүй байхад "Batu Mining Mongolia" ХХК-д хөрөнгө оруулсан. 2004 оны хоёрдугаар сард Монголд Британийн Виржиний арлууд дахь толгой компани нь бүртгэгдсэн. Компани дахь түүний хувьцаа үргэлж ил тод байсан” гэж хэлсэн байна.
Одоогоос жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдыг оффшор данстай гэсэн мэдээлэл цацагдсан. Тухайн үед тэрээр “Бату Майнинг” нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Толгой компани нь эндэхийн бүртгэлтэй. Энэ компанид бид орохдоо нууцаар ороогүй. Энд нуух хаах асуудал байхгүй учраас нэрээрээ орсон. “Бату Майнинг”-ийн 11.9 хувийг С.Батболд 2003 онд худалдаж авсан. Энэ хувийг би 18.771 доллартай тэмцэх хувийг авсан. Энэ мөнгийг С.Батболд гэдэг хүний хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас авсан. Энэ бол ил тод, хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авсан хувьцаа. 2005 онд энэ компанийн үйл ажиллагаа ил тод бус болж ирсэн тул хувьцаагаа өртгөөр нь зараад гарсан. Би хувьцаа худалдаж авсан, зарсан. Түүнээс биш оффшор компани байгуулаад данс эзэмшээд байгаа юм байхгүй. Та бүхэнд тайлбар өгөхөөс гадна энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчсөн эсэхийг шалгуулна" хэмээн мэдэгдэж байв.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Мэдээ.мн