Ц.Гарамжавын Монголбанкинд төлөх 10 тэрбумаа төлөхгүй 10 жил сунжруулсны “нууц” юу бол…
Магадгүй асар том лобби явагдсан гэх хардлага хамгийн түрүүнд төрж байна. Тэр тусмаа Монголбанк шиг нэхэл хатуутай, гүйцтэгэх засаглалд хүчтэй нөлөөлөж чадах газар ийм их хэмжээний мөнгөө энэ олон жилүүдэд нэхэхгүй суугаад байсан гэхэд итгэхэд хэцүү. Авч болох хамгийн таатай цаг нь АН төр барьсан өнгөрсөн дөрвөн жил байжээ. Эцэст нь УИХ-ын сонгуулийн өмнөхөн нэг удаа нэхэж шүүхдэлцэж үзсэн байна. Арваад жилийн өмнөх энэ хэргийг эргэн сөхөхөд алтны зах зээлийг чөлөөлсөн 2002 оноос эхлэн Монголбанк нь алтны компаниудын олборлосон алтыг гадаад зах зээлд шууд борлуулах боломжтой болсон тул дотоодын алтны компаниудын захиалгаар олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийж эхэлсэн. Алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс алтны арилжаа хийхдээ Монгол банкны Ерөнхийлөгчийн 2003 оны 99-р дүгээр тушаалаар батлагдсан “Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байсан. “Монполимет” нь 2003 оны 9-р сараас төвбанкинд д захиалга өгч эхэлсэн агаад хоёр тал нийтдээ гурван Арилжааны ерөнхий гэрээ /2003.02.28, 2005.01.01, 2006.01.01/ байгуулсан байна. Гэрээ ёсоор “Монполимет” нь өөрийн олборлосон арилжаалах үнэт металлын тодорхой хэсгийг Монгол банкнаас баталсан лимитийн хэмжээнд гүйцэтгэгчээр дамжуулан захиалга өгч олон улсын зах дээр...арилжих, “Монгол банк” нь захиалагчаас ирүүлсэн арилжааны захиалгыг өдөрт нь хийж гүйцэтгэх, арилжааны ашгийг ажлын 2 хоногт захиалагчийн дансанд шилжүүлэх, захиалга гүйцэтгэснээр шимтгэл авах, шимтгэл арилжааны үр дүнгийн ашиг, алдагдал, урамшуулалтай тэнцүү байхаар тохиролцжээ. Гэрээний явцад талууд байнга данс нийлж байсан агаад 2006 оны 12-р сарын 31-ний өдөр 009 тоот актаар 1,7 тэрбум долларын үлдэгдэл, 2007 оны 12-р сарын 28-ны өдрийн байдлаар 4,2 тэрбум долларын авлагыг тооцоо нийлсэн байна. Харин 2007 оны 4 –р сарын 12-ны өдрийн “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс аливаа арилжаа хэлцэл хийхгүй байхаар тогтоож, үнэт металлын арилжааг зогсоож, урамшууллын төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. Энэ тухайгаа гэрээ байгуулсан компаниудад албан ёсоор бичгээр мэдэгдсэн гэнэ.
“Монгол банк” нь тайлан тэнцэлд үүссэн авлагын талаар “Монполимет”-д удаа дараа танилцуулж тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөх шаардлага тавьж ирсэн бөгөөд “Төлбөр төлөх гэрээ”-ний төслийг 2008 онд гардуулан өгч, урт хугацаанд төлбөрийг хувааж төлөх боломж олгож иржээ. Хоёр тал 2008 оны 9-р сарын 17-ны өдөр Төлбөр төлөх гэрээ нэртэй 0108/81 дугаартай гэрээ байгуулж “Монполтимет” нь 839,5 мянган долларыг 5 сарын хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор “Монгол банк”-нд төлж дуусгахаар тохиролцсон байна. “Монполимет” нь 2006 – 2012 оны хооронд нийт 285,8 мянган доллар төлөөд ахиж төлбөр хийлгүй “гүрийжээ”. Өдгөө Монголбанк нийтдээ 10.6 тэрбумыг нэхдэг агаад “Төлбөр төлөх гэрээ”-ний 8-р зүйлийн 8.1-д зааснаар талууд гэрээний хугацааг төлбөр төлөгч тал төлбөрийг бүрэн төлж дуустал үргэлжилэхээр тодорхойлсон тул энэхүү гэрээ нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр гэж баталдаг. Харин нөгөө тал нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн эсэргүүцдэг. Тооцоо нийлсэн актыг ч хүлээн зөвшөөрөхгүй, компанийн төлөөллийг хүчээр гарын үсэг зуруулсан гэх маягийн юм ярьсаар ирсэн. Бас нэг сонирхолтой зүйл ярьсан нь Монголбанкыг хууль бус арилжаа хийж ашиг олсон хэмээн эргэж бухсан байна. Гэхдээ л төвбанкны данс тооцоо дээр “Монполимет”-ээс авах 10 тэрбумын авлага гээд дурайтал бичигдсэн байгаа нь үнэн. Үүнийг баллуурдахгүй л бол төлж байж л барагдуулах учиртай. Бизнесмэнүүдийг энэ мэт юмаа "янзлах" гэж улстөрд ордог гэдэг. Үүнийг худлаа гэдгийг батлах сайхан боломж аз "Монполимет"-мйн босс хатагтайд тохиож байна. Хэрэв 10 тэрбумаа төлчихвөл нэр хүнд нь суга өснө. Харин Ц.Гарамжавыг алтны компаний захирал байхад төлөгдөөгүй мөнгө УИХ-ын гишүүн болсон хойно нь төлөгдөх эсэх нь маш их эргэлзээтэй. Тэгээд ч АН-ын Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгч байхад нэхсэн мөнгийг Ардын намын Н.Баяртсайханы үед ахин нэхэх эсэх нь эргэлзээтэй юм.