Д.Оюунхорол Горхи-Тэрэлжид гар дүрсэн "алдарт" А-271 тоот тушаалаа цуцлана уу…
Улстөрч хүний үйлдэл бүхэн зөв байх ёстой гэж БОНХ-ийн сайд Д.Оюунхорол сонгуулиар мэдэгдэж байсан. Гэтэл өөрөө тэргүүлэн яамаа дагуулан тусгай хамгаалалттай газар луу дайрч байна. Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газарт байгаль хамгаалах үүрэгтэй БОНХЯ болон түүний харьяа байгууллагын ажилтнуудад амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нэрээр газар өгсөн нь илэрлээ. Үнэндээ “.байшин барьж амьдрах зориулалтаар” газар ашиглах зөвшөөрөл олгосон сайд асан С.Оюуны 2014 оны А-230 тушаалаар 142 ажилтанд, А-429 тушаалаар нэмж 21 албан хаагчид газар өгсөн бол сайд асан Д.Оюунхоролын 2015 оны А-271 тоот тушаалаар ахин 108 ажилтанд газар ашиглуулах зөвшөөрөл өгчихсөн байжээ. Тэд бүгдээрээ яамны харьяаны албан хаагчид гэдэгт итгэх аргагүй. Хоёр сайдынх нь ёс зүйг “харгалзаж” үзэхэд дунд нь намын шахааны нөхдүүд шургалсан л байж таараа. Хот орчмын хамгийн үзэсгэлэнт газарт төрийн “давуу эрхээр” газар авсан албан хаагчдад нийтдээ 37.5 га газар өгсөн нь “Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-ын хязгаарлалтын бүсэд багтдаг Налайх дүүргийн 1-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өртөө өвөлжөө” нэртэй газарт гэнэ. Намын нэрээр яам толгойлсон хоёр “нэрт” улстөрч сайд хатагтай нарын тушаалд “Эко хотхон байгуулах” гэсэн гоё үг орсон нь ердөө халхавч бөгөөд үнэндээ 250 айлын барих байшинг нийлүүлээд эко төсөл гэж нэрлэжээ. Мөн халхавч “Эко ногоон хөгжил” төсөл нь дөнгөж боловсруулалтын шатандаа явж байгаа, барилга байгууламж барих зураг төсөл батлагдаагүй байна. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өртөө-өвөлжөө нэртэй газарт 14 өрх 64 хүн нь 2600 толгой малтай, уламжлалт мал ахуйн эрхэлж, 1975, 1990, 2010 онуудаас хойш он удаан жил амьдарсаар ирсэн. Үүнийг Налайх дүүргийн 1-р хорооны Засаг даргын 2016 оны 2-р сарын 1-ний өдрийн 05 тоот албан бичгийн хавсралтад “... С.Можоо, М.Максат, М.Аскат, М.Долдвай, М.Рахметдолдой, М.Калият нар нь 1990 оноос, Ү.Үширбай, Д.Банзрагч 1975 оноос хойш Өртөө өвөлжөөнд байнга амьдардаг” гэж баталжээ.
Яамны ажилтнуудын төрийн нэрээр эзэгнэх гэсэн газар нь тэдний амьдардаг бас малынх нь бэлчээр гэнэ. Төрийн албан хаагчид зохих зөвшөөрөлтэйгээр мал аж ахуй эрхлэн амьдардаг нутгийн иргэдэд ямар ч эрх ашиг байхгүй гэж үзсэн. Малаа хаана бэлчээх, хөөгдөөд явбал цаашдаа яаж амьдрах нь цагаан захтнуудад ямар ч хамаагүй гэдэг нь тодорхой. Харин ч хувийн компаниас дутахүйгээр дайрч давшилан эхнээсээ байшин барьж, хашаа хатгаж, шон, дугуй зоосноос байгаль орчин, ан амьтан сүйдэж байна. Ийнхүү яарч байгаа энэ сонгуульт жилд л амжуулах гэсэн бололтой. Өнгөрсөн жил Саруул гэдэг хүн байшин барьсан. Гэтэл түүний нэр нь “дархан эрхт” 250-ын нэрсийн жагсаалт дотор байдаггүй аж. Өртөө өвөлжөөнд цөөн тарвага байдаг ч яамны 10 гаруй ажилтан тарваганы нүхэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь байгальд ямар элэгтэй хүмүүс энэ яаманд ажилладагийг харууллаа. Байшин барилга барьж байгаа хүмүүс маш бүдүүлэг дээрэнгүй загнаж байгаа аж. Нутгийн хүмүүсийн хонины хашаан дотор байшин барих ёстой гээд хашаагаа зайлуул гэж хөөжээ. Зарим нь хонины хашааны үүднээс 6 метрийн зайд байшингийн шав тавьсан. С.Можоогийн бие засах газар нь байшин барьж байгаа хүмүүсийн хашаан дотор орсон тул одоо малаа ч хашиж чадахгүй, бие засаж ч чадахгүй болжээ. Тэнд Доржготов гэдэг эр дураараа аашилж “Налайх дүүргийн Засаг даргын гарын үсэг болон Хамгаалалтын захиргааны даргын гарын үсэгтэй албан бичиг бол хүчингүй зөвхөн миний гарын үсэгтэй гэрчилгээг хүчинтэй” даналзаж байна. Нэр бүхий 14 өрхөөс дөрөв нь газрын гэрчилгээтэй аж. Үлдсэн нь гэрчилгээгээ авья гэхээр яамныхан өөрийн шугмаараа зогсоосон гэнэ. Доржготов нь холбогдох газар луу “14 айл амьдардаггүй” гэсэн албан бичиг хүртэл явуулсан бол БОНХАЖЯ-ны тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцсан н.Батсансар нь 2016 оны 1-р сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт “Горхи-тэрэлжийн цогцолбор газарт амьдарч байгаа айлуудад газар эзэмших гэрчилгээ огт олгогдоогүй” гэж төрийн шүүхийг хуурах гэжээ. Ийнхүү яамныхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан Өртөө өвөлжөөний иргэдийг хөөхөөр хуулийг уландаа гишгэн дайрч байна. Алдарт “Эко хотхон” төслийн учрыг нь олохоор хотын удирдлагад хандахад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “тус 250 иргэдийн мэдээлэл мэдээллийн санд бүртгэгдээгүй, ямар нэгэн байгууламж барих зөвшөөрөл олгогдоогүй байна” гэсэн хариу өгчээ. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь УИХ-ын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авагдсан. Харин БОНХАЖЯ-ыханд тусгай хамгаалалттай газарт зөвхөн өөрсдөө тансаглах өөрсдийн “Зайсан” хорооллоо барих ямар ч эрхгүй.
НУУЦ.мн