Р.Бурмаагийн “буянаар” Махимпекс нь “Голомт” банкны “араатан” хүүнд бариулжээ
Шинэчлэл, Шийдлийн Засгийн газрынхан “ардчиллын буянаар” сэргэсэн, мандсан компаниудын тухай залхтал их ярьж байна. Гэтэл энэ их магтаалын цаана үйл ажиллагаа нь доголдож, ажилчдаа цомхотгож эцэст нь бизнесийг жинхэнэ утгаар нь боомилогч гэгддэг банкны хүүнд бариулан амь тавихдаа тулж байгаа компаниудын талаар огтхон ч дуугархгүй байгаа гайхаад байх зүйл биш. “Махимпекс” компани нь Засгийн газар, Монгол банкны хамтран хэрэгжүүлсэн “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-наас зохион байгуулсан “2015 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх менежерийг сонгон шалгаруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцжээ. Ингээд захиалагч тал болох ҮХААЯ, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн УОБЕГ, МХЕГ-тай “Нөөцийн махны менежментийн гэрээ”-г байгуулжээ. Гэрээнд “Оролцогч банкаар дамжуулан Нөөцийн махны менежерийн авах зээл, төлбөрийн талаарх гэрээ, эрх зүйн асуудлыг зохион байгуулна” гэж заасны дагуу оролцогч банкаар “Голомт”-ыг сонгоод эхний алдаагаа гаргасан гэнэ. “Махимпекс” нь энэ банкнаас нөөцийн мах бэлтгэхэд зориулж 9,9 тэрбум төгрөгийн зээлийг 7 сарын хугацаагаар, жилийн 3.8 хувийн хүүтэй авч зарцуулсан гэнэ. Нийтдээ гурван мянган тонн махыг бэлтгэн хадгалах, жижиглэн савлах, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж харин ҮХААЯ үйл ажиллагааны болон хяналтын зардлыг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн ч өнөөгийн байдлаар гэрээ нь хэрэгжиж биелээгүй л байна. Үүний шалтгаан нь яамнаас шууд шалтгаалжээ. Яам нь нөөцийн махны бэлтгэлийн гэрээний төлбөр, нөөцийн махны менежерийн үйл ажиллагааны болон хяналтын зардал нь сайдын багцаас 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэхэд хасагдсан гэдэг шалтгаанаар үйл ажиллагааны болон хяналтын зардлыг одоог хүртэл шилжүүлээгүйн улмаас гүйцэтгэгчийн хэвийн үйл ажиллагаа “Голомт” банкны аманд унаад байгаа аж. Нийслэл хот болон Дархан, Эрдэнэтийн хүн амд нөөцийн мах бэлтгэх нь ҮХААЯ-ны хувьд маш чухал зорилт ажил нь баймаар юм. Гэтэл сайд хатагтай нь ийм чухал ажлынхаа санхүүжилтийг төсвийн тодотгол хэлэлцэх үед хамгаалж чадалгүй хасуулчихжээ. Р.Бурмаа нь өнгөрсөн жилийг газар тариаланчидтай хэрэлдэх8 өөрийн нэр дэвшиж магадгүй Дорнод аймагт чөлөөт бүс байгуулах гэх явган хэрүүлийн шинжтэй ажлыг хийсээр явсан гэхэд болно. Мах бэлтгэх гол компаний ажил нь хэцүүдээд байхад азаар өнгөрсөн намраас хотод махны үнэ тогтвортой гэмээр байдатай байсан нь сайдын эз болсон. Өдгөө нөөцийн махны бэлтгэлийн ажил авсан “Махимпекс” нь хүнд байдалд ороод гүйцэтгэх захирал нь ТУЗ-дөө бангадуулаад сууж байгаа гэнэ. “Голомт”-оос авсан 9.9 тэрбумын зээлийн хугацаа нь 2015 оны 7-р сарын сүүлээр дуусжээ. Тэр үед Махимпекс нь 5.8 тэрбум орчим төгрөгийн үндсэн зээлийн өртэй байсан. Хэрэгжүүлэгч банкинд зээл олгосон Монголбанк нь төсөл хэрэгжсэн эсэхээс үл хамааран “Голомт”-д шилжүүлсэн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан олгосон зээлийн эх үүсвэрээ буцаан шаардаж нэхэмжлэл явуулсан манайд аливаа төсөл хөтөлбөр ямар авцалдаагүй уялдаа холбоогүй явагдадгийн нэг жишээ юм. Монголбанк зээлийн эс үүсвэрээ буцаан татмагц “Голомт” банк нь Махимпексд тулгалт хийж зээлийн төлбөрийг нэн даруй буцаан төлөх, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг банкны ерөнхий нөхцөлд шилжүүлэх шаардлага тавьжээ. Ийнхүү жилийн 3.2 хувь байсан хүү нь шууд жилийн 21.6 хувь болон өсөх нь тэр…Бүр хэрвээ шинэчилсэн гэрээг зөвшөөрөхгүй бол илүү өндөр хүү тооцно гэж айлгажээ. Гайхалтай нь энэхүү “Голомт”-ын бүрэн тулгалт шахалт дор явагдсан шинэ гэрээнд “Махимпекс”-ын гүйцтэгэх захирал гүйж очиж гарын үсэг зурсан биш өдгөө ТУЗ-ээс зөвшөөрөл аваагүй гэх хэрэгт унажээ. Гэтэл гүйцэтгэх захирал нь бас л Засгийн газарт итгээд ахин алдаж баларсан гэнэ. Өнгөрсөн оны наадамын дараахан Шийдлийн хэмээх шийдэлгүй Засгийн газар нөөцийн мах бэлтгэх ажиллагаа дампуурсныг ойлгож эхэлжээ. Үйл ажиллагааны зардлаа аваагүй гүйцэтгэгч компаниуд мөнгөгүй сууж байгааг сая л нэг “олж мэдээд” 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 320 тоот тогтоолоороо зээлийн хугацааг нэг жилээр сунгасан гэнэ. Гэтэл Засгийн газрын энэхүү өөрийгөө бас гүйцэтгэгч компаниудыг ч хуурсан шийдвэр нь “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр компаний захирлуудыг баярлуулан гомдоогоод л дууссан. Засгийн газрын “авралын” тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө буюу 7-р сарын 30-нд Монголбанк нь зээлийн эх үүсвэрээ аль хэдийн буцаагаад татчихсан байжээ. Санхүүжилтгүй болсон хөтөлбөрийг мянган жилээр сунгаад ч хэрэгжихгүй. Нөөцийн махны бэлтгэлийн ажилд ҮХААЯ маш хангалтгүй хариуцлагагүй ажиллажээ. Ялангуяа сайд нь төсвийн тодотголийн үеэр багцаас нь чухал санхүүжилтийн мөнгө хасагдаж байхад түүнийг хамгаалахын тулд Халх голын чөлөөт бүсийн төлөө тэмцдэг шиг тэмцэл хийсэнгүй хаяжээ. Энэ тухай “Махимпекс”-ын гүйцэтгэх захирал нь “…Миний бие Засгийн газрын 320-р тогтоол гарсан учир компанид мөнгө олгогдох юм байна гэж ойлгосон. Тиймээс Голомт банкны нэмэлт, өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурсан. Хүүгийн үр дагаврыг сайтар ухамсарласангүй” хэмээн амаа барьжээ. Өнөөгийн ийм ороо бусгаа цагт Засгийн газарт тэр тусмаа ҮХААЯ-нд бүр сайдад нь итгэж болохгүй гэдгийг ухаараагүй л байна даа…