ХЭҮК-ийн №1 “дайснаар” Дорнодын Хэрлэн сумын Засаг дарга “Уулаа” П.Мөнхтөр тодорчээ
Монголд огт хэрэгждэггүй биелдэггүй зүйлийн нэг нь хүний эрх гэдэг. Монгол хүн алхам тутамдаа төрийн хүнд суртлын машинд хэрчүүлж эрхээ хязгаарлуулж нэр төр, цаг хугацаа, эд хөрөнгө сэтгэл санааны хохирл амсаж байдаг. Төртэй харилцах болгондоо иргэн хүн ямар нэгэн хэмжээгээр дарамл шахалтыг мэдэрдэг амсдаг болсон. Бүр хамгийн сайн дурын үндсэн дээр явагддаг гэх гэрлэлтэнд хүртэл төр оролцдог төрийн нэрийн өмнөөс эрхийг нь хязгаарладаг болжээ. Дорнод аймагт “Уулаа” П.Мөнхтөр гэдэг орон нутгийн хэмжээний лут “улстөрч” бий. Өдгөө Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаар “үр бүтээлтэй” ажиллаж байна. Энэ жилийг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан нь өөрөө сахилгатай хариуцлагатай байдаг л хүний хийдэг ажил байх. Гэтэл бүтэн жил дамнан үргэлжилсэн аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаацалдсан тэмцэлдээн, намын хагарал бутрал, зодоон нүдээн, ил далд явуулгаа харахад энэ намын хороонд хариуцлагатай байтугай сахилгатай ч хүн алга. “Уулаа” гуай өөрөө “хор найруулалтанд” идэвхитэй оролцоод аймгийн ИТХ-ын даргын суудалд хальт суугаад авсан. Орлогч нь гэх ганган залуу хүртэл дипломны асуудалд хутгалдсан гэхээр Хэрлэн сумын ЗДТГ-д сахилгатай хүн бараг л байхгүй гэмээр. П.Мөнхтөр сумын Засаг дарга болоод олон “ухаалаг” захирамж гаргаж олон нийтийн амыг ангайлгасан нь чадварынх нь түвшинг харуулж байгаа хэрэг гэнэ. Түүний нэг нь гэрлэж байгаа залуу хосуудын заавал байгуулах учиртай алдарт “Хамтын хариуцлагын гэрээ” юм. Засаг даргатаны 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/38 дугаар захирамжинд нэгдүгээрт; -Гэр бүлийн бат бөх байдлыг хадгалах, үнэ цэнийг өргөх, гэр бүл салалт, түүнээс үүсэн гарах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулж байхыг шинээр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж буй тус сумын иргэдэд уриалж, хоёрдугаарт; -Тус сумын иргэдээс шинээр гэр бүл болох, гэр бүлээ албан ёсоор батлуулахад гэр бүлийн хүлээх үүрэг хариуцлага, өмчийн болоод харилцааны эрх тэгш байдлыг хангасан “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулж, нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр бүртгэж байхыг сумын улсын бүртгэгч Г.Ариунсувд, Ч.Энхцэцэг нарт даалгаж, гуравдугаарт; -Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд зохион байгуулж, иргэд, олон нийтэд сурталчилж ажиллахыг багийн Засаг дарга нар түүний ажлын албадад үүрэг болгож, дөрөвдүгээрт; -Хүүхэд, өсвөр үеийнхэнд эцэг, эх, гэр бүлээ хайрлан дээдлэх, гэр бүлийн хүмүүжил, үнэ цэнийг таниулах талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж байхыг сургууль, цэцэрлэгийн ерөнхий менежерүүдэд үүрэг болгож, тавдугаарт; -Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулж, ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Наранцэцэгт даалгасан байсан. Тус захирамжийн 2 дахь заалтад зааснаар Хэрлэн сумын иргэд шинээр гэр бүл болох, гэр бүлээ албан ёсоор батлуулахдаа заавал “хамтын хариуцлагын гэрээ” байгуулж, нотариатаар баталгаажуулах бөгөөд энэг гэрээг үндэслэн гэрлэлтийг нь бүртгэж байхыг сумын улсын бүртгэгч нарт даалгасан гэнэ. Энэ нь иргэдийг гэрлэлтээ бүртгүүлэхээсээ өмнө “хамтын хариуцлагын гэрээ” байгуулахыг үүрэг болгосон, хэрэв гэрээ байгуулаагүй бол гэрлэлтийг нь бүртгэхгүй байх эрх зүйн үр дагаврыг бий болгосон заалт гэдэг нь ойлгомжтой байна. “Хамтын хариуцлагын гэрээний” захирамж гарсан даруйдаа Дорнод аймагт болон ХЭҮК болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бөөн шуугиан тарьжээ. ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж сумын Засаг даргынхаа хууль бус захирамжийг цуцлах шаардлагыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд хүргүүлсэн боловч зөрчлийг арилгахын тулд Комиссын гишүүний шаардлагын дагуу авсан арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгөлгүй таг чиг болжээ. Тэгээд ч Бадамаа нь Уулаадаа юм хэлж чадахгүй гэдгийг хотод суугаа комиссынхон мэдэх биш. Харин улсын бүртгэгч нар хүнд байдалд оржээ. Нэг талаасаа ширүүн Засаг даргын захирамжийг биелүүлэх болоод байсан тул арга ядахдаа төвдөө мэдэгдэж удирдамж хүссэн гэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Дорнод аймгийн бүртгэлийн хэлтэст албан бичгээр чиглэл хүргүүлж “Хамтын хариуцлагын гэрээ заавал байгуулсан байх шаардлагыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин Иргэний хуульд заасны дагуу гэрлэгсэд нь эд хөрөнгийн болон хариуцлагын талаар хоорондоо гэрээ байгуулж болохыг иргэдэд тайлбарлаж байх нь зүйтэй байна” гэжээ. Гэсэн ч Уулаагийн захирамж цулагдсангүй. Харин ч шинээр гэр бүл бологсодод хуулиар заагаагүй шаардлага тавьж төрийн байгууллагын хүнд суртал чирэгдлийг улам ч нэмэгдүүлжээ. Уг нь сумын ЗДТГ-д нь Засаг даргынхаа гаргаж байгаа захирамжийг хууль зүйн талаас нь хэлж зөвлөдөг хуулийн мэргэжилтэн гэж баймаар юм. Байсан ч айгаад юм дуугараагүй байх магадлалтай. Засаг даргатай гэрлэлтийн талаар тун ч хоцрогдсон ойлголттой явдаг нь гаргасан захирамжаас нь харагдаж байна. Хүний эрхийн тунхаг гэдгийг мэддэг бол түүнд гэрлэгсэд нь чөлөөтэй, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрлэнэ, сайн дурын үндсэн дээр гэрлэлтийг эрх бүхий байгууллага албан ёсоор, бүртгэнэ гэж заасан байдаг. Мөн Гэр бүлийн тухай хуульд болон Иргэний бүртгэлийн тухай хуульд гэрлэлтээ батлуулахад бүрдүүлэх ёстой материалыг нэг бүрчилэн заагаад өгсөн. Түүнд л лав гэр бүл болоод бие биендээ үнэнч явна гэсэн гэрээ байгуул гэж заагаагүй. Дарга нарыг ямар хүн гэдгийг гаргаж байгаа захирмж шийдвэр нь тодоохой харуулаад өгдөг. Харин Хэрлэн сумын Засаг дарга гэрлэлтийг ямар ч асуудалгүй байдаг “социалист гэр бүл”-ээр л төсөөлдөг аж. Түүнээс гадна эргэн тойронд нь таны шийдвэр буруу байна гэдгийг хэлээд өгдөг, хэлчих зоригтон байхгүй тул ийм “онигоо” болсон захирамж гаргаад ХҮЭК-д хүртэл асуудал нь хүрээд явж байна. Иймэрхүү дарга нар өөрийнхөө бодлыг туйлын үнэн гээд хэт итгэчихсэн явдаг нь хөөрхийлөлтөй ч төрийн албанд аюултай юм. П.Мөнхтөр гэрлэгсэдээс хамтыг хамтын хариуцлагын гэрээ нэхэж суухаар ДОХ, БЗХӨ-ий шинжилгээ заавал хийлгэх захирамж гаргасан бол арай ухаалаг байх байсан. Аймаг нь улсын хэмжээнд энэ таагүй өвчлөлтийн тоогоороо тэргүүлсээр л байна.
NUUTS.mn