Д.Цэрэнчимэг: Дорнодод хөгжих олон боломж бий, гагцхүү зөв менежмент үгүйлэгдэж байна
-АН эрх барьсан энэ хугацаанд та Дорнод аймагт АН-ын даргаар ажиллалаа. Мэдээж эрх баригч намын бодлого шийдвэрийг сурталчилж, тэр хэрээр аймгийн хөгжил дэвшлийн талаар санаа оноогоо уралдуулж ирсэн нь дамжиггүй. Өнгөрсөн хугацаанд Дорнодын хөгжил хэр зөв замаар урагшлав гэдгээ хоёулаа ярилцлагаа эхэлье? -Манай аймаг газар зүйн байрлал, эдийн засгийн нөөц боломж, дэд бүтцийн бааз суурь сайтай, өөрийгөө санхүүжүүлээд, улсын төсөвт хураамж төлөөд явах бүрэн боломжтой аймаг гэж үздэг. Дархан, Эрдэнэт хотыг эс тооцвол 21 аймагт дулааны цахилгаан станцтай манайх шиг аймаг байхгүй. Зүүн 3 аймгийн 36 баг сумыг цахилгаанаар, Чойбалсан хотын иргэдийг дулаанаар бүрэн хангах хүчин чадалтай. Сүүлийн үед газрын доорх эрдэс баялгийн үйлдвэрүүд олноор бий болж байгаа. Тэр ч утгаараа Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн асуудал яригдаж эхэлсэн. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад өндөр хүчин чадалтай цахилгаан хэрэгтэй байгаа юм. Тиймээс л ойрын үед өргөтгөл хийх шаардлагатай болсон. Яг одоо байгаа нөөц бололцоогоор аймгийн иргэдийг хангаад явах бүрэн боломжтой. Дулааны цахилгаан станц нүүрсний ордоосоо 6 кмт засмал замаар холбогдсон байдаг нь бидний давуу тал. Тиймээс ч өртөг зарлага багатайгаар дулаан, цахилгаанаа үйлдвэрлэдэг гэсэн үг. Дорнодын нэг онцлог нь аймгийн төвд нийт иргэдийн 60 хувь нь буюу 40 гаруй мянган хүн амьдардаг. Тиймээс бусад аймгуудыг бодвол нэлээн хотжилт явагдсан аймаг. Мэдээж орон нутгийн хөгжилд удирдлагуудын үүрэг маш чухал. Тухайн аймаг хэрхэн хөгжих, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэх эрхийг улс төрийн намууд сонгуулиар олж авдаг. Өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д МАН олонхи болсон. Тиймээс Дорнод аймагт тус намын бодлого хэрэгжиж байгаа юм. Дээр хэлсэнчлэн, манай аймагт маш их нөөц бололцоо байгаа ч хангалттай хэмжээнд хөгжиж чадахгүй байна.
-Хоёр ч улстай хил залгаа онцлог аймгийн хувьд хөгжих гарц олон байгаа байх. Хангалттай хэмжээнд хөгжиж чадахгүй гэхээр гарцаа зөв харж чадахгүй байна гэсэн үг үү?
-Хоёр улстай хиллэдэг гэдгээрээ манайх давуу талтай гэдэгт таньтай санал нэг байна. ӨМӨЗО-ы хоёр аймаг, хойгуураа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаартай хиллэдэг. ОХУ-тай төмөр замаар болон автомашинаар хиллэдэг байнгын ажиллагаатай хоёр боомттой. Харин БНХАУ-тай гурван боомтоор холбогддог, агаарын олон улсын нислэгтэй. Үнэхээр давуу тал байгаа биз. Дорнод аймагт газрын доорх эрдэс баялгаа ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн боловсруулж өмнөд хөршийн зах зээлд гаргах боломж бий. Зах зээл нь ойрхон, нөгөө талаар дэд бүтэц хөгжчихсөн. Газрын тосны хоёр ч цооногоос бүтээгдэхүүн экспортолж байгаа. Одоогоор түүхий нефт экспортолж байгаа ч, цаашид боловсруулж гаргах бүрэн боломжтой юм. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани өнгөт металл, хар тугалга, цайрын хүдэр боловсруулж баяжуулан гаргаж байна. Энэ үйлдвэр байгальд ээлтэй технологи хэрэглэх үүднээс өргөтгөл хийж байгаа юм билээ. Уг үйлдвэр газрын доорх ашигт малтмал ашигласан болон усны төлбөр гээд орон нутгийн төсөвт нэлээд их хэмжээний мөнгө төлдөг. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр том хувь нэмэр оруулдаг. Баялгийг ашиглуулж болох ч эргээд энэ нь орон нутгийнхаа эдийн засагт үр өгөөжөө өгдөг, ажлын байр бий болгодог байвал хөгжих гарц олон бий. Ураны орд, нүүрс, жонш, газрын тос гээд баялаг арвин ч үүнийгээ зөв ашиглах тал дээр учир дутагталтай явж байгаа. Ер нь цаашдаа Монгол Улсын тэр тусмаа зүүн бүсийн болоод эдийн засгийн хөгжилд Дорнод аймаг тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төдийгүй зүүн хойд Азийн бүсийн буюу хотуудын хэмжээнд Чойбалсан хот хувь нэмрээ оруулна гэсэн бодолтой явдаг. Ийм болохын тулд мэдээж зөв удирдлага, зөв шийдвэр гаргах л чухал.
-Бидний ярианд зөв удирдлага, зөв менежментийн талаар нэлээдгүй яригдлаа. Өнгөрсөн дөрвөн жил, за тэгээд өмнөх жилүүдэд энэ аймагт зөв удирдлага, зөв менежмент хэрэгжиж ирж үү. Орон нутгийн удирдлагуудад та ямар дүгнэлт өгч сууна?
-Энэ асуудлыг ярихаас өмнө бид орон нутгийн удирдлагууд нь аймгийнхаа хүн амын хөгжилд хэр анхаарсан, эдийн засагт бодит хувь нэмэр оруулах талаар ямар хэмжээнд ажиллаж чадаж байгаа вэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болно. Миний хувьд харамсалтай нь таны асуултад “үгүй” гэж хариулах байна. Шалтгааныг олон янзаар тайлбарлаж болно. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бие даагаад ажиллах боломж бололцооны асуудал. Мэдээж улс төрийн намаар дамжуулж, орон нутгийн удирдлага сонгогдож байгаа ч удирдлагын чадамжид олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Түүнчлэн орон нутгийн эрхийг барьж байгаа МАН-ынхан хэр төлөвшиж байна гэдгийг ярихгүй өнгөрч болохгүй. Улс төрийн намуудын тухай хууль өнөөгийн байдалд зохицож байгаа эсэх гээд олон зүйлийг дурьдаж болно. Манай аймагт 2012 оны сонгуулиас хойш дээр дурьдсан нөөц бололцоо, давуу талаа ашиглаад хөгжих, олон ч ажил эхлүүлэх, хэрэгжүүлэх боломж байсан. Харамсалтай нь тийм зүйл болоогүй. Санасан хэмжээнд ажиллаж чадахгүй явсаар өнөөдрийг хүрч байна шүү дээ.
-Боловсролын болоод эрүүл мэндийн асуудал Дорнодод дандаа шүүмжлэл дагуулдаг. Эрх баригч нам энэ асуудалд анхаарч ажиллана гэсэн. Хэдийгээр орон нутагт сөрөг хүчин олонхийг бүрдүүлсэн ч эрх баригч намын энэ бодлого хэрэгжих алхам хийгдэв үү?
-Улс үндэстнийг хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл нь боловсролтой иргэд, иргэд нь эрүүл мэндийн үйлчилгээг ямар төвшинд авч байна вэ гэдгээр тодорхойлогддог. Дорнод аймгийн хувьд улсын дунджаас халдварт өвчний гаралт өндөр, хавдрын өвчлөл их байдаг. Эрүүл мэндийн талаар шүүмжлэл сонсдог гэсэн таны үг үнэн. Энэ нь олон учир шалтгаантай. Тухайлбал хотжилт өөрөө төвлөрлийг бий болгож эргээд орчны бохирдол үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Манай аймгийн төвд 50 мянга орчим хүн төвлөрөн суурьшсан учир орчны бохирдол халдварт өвчний тархалтад нөлөөлдөг байж болзошгүй. Ер нь бие дааж хөгжих, бүс нутгийн сонирхoлыг хангах, нутгийн иргэдийн аж амьдарлыг дээшлүүлэх асуудлаар орон нутгийн удирдлага, эрх барьж байгаа нам маш оновчтой бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллах ёстой. Харамсалтай нь ийм байдлаар ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа ялангуяа хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүд олон байгаа. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр иргэд өөрсдөө санал өгч бүтээн байгуулалт хийдэг болсон нь амжилт. Орон нутгийн хөгжлийн сангаар 10 гаруй тэрбум төгрөг Дорнод аймагт нэг жилд очдог болсон. Үүнийг ИТХ-аар хаана зарцуулж болох шийдвэр гаргаад, бүтээн байгуулалт хийгдээд явж байна. Мөн сайдуудын багцаас хөрөнгө оруулалт нилээдгүй хийгдэж байна. Энэ мэтээр эрх барьж буй АН-ын мөрийн хөтөлбөр Засгийн газраас болон Орон нутгийн хөгжлийн сангаар дамжиж хэрэгждэг. Гэхдээ хэрэгжилт ямар байгаа, ямар ажлууд хийгдэж байгаа талаар нутгийн иргэд маш бага мэдээлэлтэй байдаг. Энэ нь ИТХ гэдэг иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдэд мэдээлэл өгөх ажилд хэтэрхий хайнга ажиллаж байгаа асуудал. Иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай ИТХ-ын төлөөлөгчид нь өөрсдийнхөө цөөхөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалдаг, өөсдийнхөө бизнесийн дэмжих шат болгон ашигладаг болоод удаж байгаа шүү дээ.
-Төр засгийн хэмжээнд Дорнод аймгийг онцолж хөгжүүлэх тухай ярьдаг болсон нь таны яриад байгаа эдгээр бүх давуу талуудтай холбогдох нь дамжиггүй. Тэр олон шийдвэрийн нэг нь Халх голд чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоол батлагдсан явдал. Гэтэл орон нутгийн иргэд хоёр хуваагдсан гэх мэтээр энд сууж байгаа нутгийн онцлогийг мэдэхгүй хүмүүс л хэвлэлийн хурал хийж, жагсч цуглаж эсэргүүцэх юм. Та орон нутагт нь амьдарч байгаа хүний хувьд тодорхой байр суурь илэрхийлээч?
-Халх голын сав газар үржил шимтэй сайтай хүрэн хөрстэй, олон арван жил улаанбуудай тариалж ирсэн газар тариалангийн бүс нутаг. Газар тариалангийн бүс нутгийг Чөлөөт бүс болгох тухай УИХ-ын тогтоол гарсан. Миний хувьд Халхголд чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг зөв эсвэл буруу гэж яримааргүй байна. Иргэд Чөлөөт бүсийг байгуулахыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь чухал юм. Сүүлийн үед улаанбуудай гэхээсээ илүү хөрсний эвдрэлд оруулдаг рапс тариалж, хөрс их эвдэрч байна. Тиймээс газар тариалангийн бүс нутгийг чөлөөт бүс болгох талаар орон нутгийн иргэдийн үгийг зайлшгүй сонсох ёстой юм.
-Өмнө нь Дорнод аймаг нэлээн олон үйлдвэртэй байсан. Мал экспортолж байсан гэсэн. Үйлдвэрлэлээ эргэж сэргээх, хөгжүүлэх боломжтой юу?
-Дорнод аймагт 1990 оноос өмнө маш олон үйлдвэрүүд ажилладаг байсан. 1970-аад оны сүүл хүртэл Дорнод аймгаас хөлөөр нь мал экспортолдог байлаа. Түүний дараа Болгарын Засгийн газрын тусламжаар “Мах комбинат” баригдсан. Тухайн “Мах комбинат” нь ОХУ-тай төмөр замаар холбогдчихсон боловсруулж, ангилсан мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд экспортолдог байлаа. Эдгээр үйлдвэрүүд одоо ажиллахгүй байгаа юм. Ер нь монголчууд далайд гарц байхгүй. Тиймээс ямар нэгэн юм үйлдвэрлэсэн ч хэрэглэгчдэд хүрэхэд хүнд гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Харин би үүнтэй санал нэгддэггүй хүн. Үнэхээр зөв бодлого явуулаад, гадны зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал экспортлох боломж бий. Тухайлбал, малын органик мах махан бүтээгдэхүүнийг худалдаж авахад бэлэн, олон мянган хэрэглэгчтэй зах зээл бидний хойно, урд байна. Зөв бодлого явуулж чадвал үйлдвэрлээд экспортод гаргачихна. Харин бэлчээрийн даац болон бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэх л асуудал гарч ирнэ. Түүнээс зах зээлгүй, хүлээж авах хэрэглэгч байхгүй гэдэг асуудал байхгүй. Бас л дээр хэлсэнчлэн орон нутаг дахь зөв бодлого, менежмент хэрэгтэй байгаа юм. Иргэд рүү чиглэсэн зөв бодлого явуулах, яаж ашиг орлоготой болгох, хэрхэн төсвөө бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй.
-Ярилцлагын сэдвээ аймгийн асуудлаас арай өөр тал руу чиглүүлье. Та АН-ын анхны партизануудын нэг. 23 жилийн өмнө баталсан хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудал өнөөдрийн хамгийн анхаарал татсан сэдэв болчихоод байна. Бидний ярианд ч Үндсэн хуулийг өөрчлөх тухай их яригдлаа шүү дээ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол бид засаглалын хямралд орчихоод байгааг ганц би хэлж байгаа юм биш. Засаглалын хямралд орчихсон Гүйцэтгэх засаглал өөрөө эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх бодлого явуулж чадахгүй байгаа. Нэгэнт засаг нь хямарчихсан юм чинь эдийн засаг нь дагаад хямарч таарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь бодлогоо хэрэгжүүлэх боломж алга. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахын тулд бүх нам, эвсэл нэгдсэн зорилготой байх шаардлагатай байгаа юм. Яг одоогийн байдлаар хүчтэй сөрөг хүчин болох МАН болоод бусад намууд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр нэгдэж байгаа ч цаг хугацаа нь болоогүй гэж ярьж байгаа. Цаг нь болоогүй гэж суугаад байвал төр хямралаас гарч чадахгүй, эдийн засгаа өөд нь татах бодлого хэрэгжүүлэхэд цаг алдана. 1992 онд батлагдсан Үндсэн хууль тухайн үедээ шилжилтийн шинж чанартай байсан. Бидний мэдлэгийн төвшин болоод мэдээллийн төвшин ч урт настай Үндсэн хууль баталж чадах хэмжээнд байгаагүй гэж үзэж байгаа юм. Тиймээс одоо Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ удаад хэлбэр төдий өөрчлөлт оруулаад Үндсэн хуулиа байнга өөрчлөөд байж болохгүй. Алсыг харсан чанартай өөрчлөлтүүдийг хиймээр байгаа юм. Энэ парламентын хамгийн гол хийх ажил нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад засаглалыг хямралаас гарах нөхцлийг бүрдүүлж өгөх явдал гэж үзэж байна.
-Үндсэн хуульд хэлбэр төдий өөрчлөлт хийхгүй гэхээр мэдээж маш том өөрчлөлтүүдийг хийх болж байгаа. Тухайлбал, 99 гишүүнтэй байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно гэх мэт өөрчлөлтүүд яригдаж байна. Гэтэл цөөхөн хүн амтай манайх шиг жижиг улсад энэ олон УИХ-ын гишүүд хэрэггүй гэх зэрэг шүүмжлэл гарч эхэллээ?
-Үндсэн хуулийг өөрчлөх хэдэн зарчим байдаг. Тухайлбал, сонгодог парламентын жишигт хүрсэн өөрчлөлт хийх нь зайлшгүй зүйл. Түүнчлэн гүйцэтгэх засаглалыг маш хүчтэй болгож өөрчлөлт хийх ёстой. Нэгэнт парламентын засаглалыг сонгож байгаа юм бол Ерөнхийлөгчийн одоо байгаа эрх мэдлийг хязгаарлах, бэлгэдлийн шинж тэмдэг рүү нь илүү ойртуулах зэрэг үндсэн зарчмын өөрчлөлтүүдийг хийнэ. Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой олон нийтийн санал асуулга явуулна гэж байна. Үндсэн хуулийн судлаачид, хуульчид ч олон санал гаргах болов уу. Миний бодлоор одоо байгаа төсөл дээр санал нийлэхгүй хэд хэдэн зүйл байгаа юм. Тухайлбал, гүйцэтгэх засаглалын тэргүүн парламентыг тараах хэмжээний эрхгүй байвал энэ нь гүйцэтгэх засаглалыг хүчтэй болгож чадахгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг өргөтгөсөн парламентаар сонгох гэсэн зарчим явж байгаа нь зөв. Гэхдээ УИХ-ийн гишүүд, аймгуудын ИТХ-ын дарга нар, хотуудын удирдлагууд нийлж байгаад Ерөнхийлөгчийг сонгоно гэж оруулсан юм билээ . Гэтэл аймгуудын ИТХ-ын дарга нарын статус УИХ-ын гишүүний төвшинд хүрэхгүй. Үүнийг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх хэрэгтэй болов уу. Ерөнхийлөгчийг сонгодог төлөөлөн сонгогчдыг УИХ-ын гишүүдийн хамтаар сонгодог хувилбар байж болох юм.
-2016 оны сонгууль дөхчихлөө. Гэтэл гурван намын бүлгээс гурван ч Сонгуулийн хуулийн төсөл орж ирээд байна. Энэхүү хуулийн өөрчлөх эсэх асуудалд Дорнод аймгийн АН-ынхан ямар байр суурьтай байгаа бол?
-Сонгуулийн нэгдсэн хуультай болох сонгуулийн системийг бүтнээр нь өөрчлөх гэх мэтээр янз бүрийн л өөрчлөлт яригдаж байгаа. Миний хувьд Сонгуулийн нэгдсэн хуультай байх зөв гэж боддог. Нөгөө талаар сонгууль болгоноор хууль өөрчлөх нь учир дутагдалтай. Сонгуулийн хуулийн төсөлд орон нутгийн төвшинд намууд оролцохгүй. Иргэд өөрсдөө сонгуулиа хийнэ гэсэн байсан. Улс төрийн намуудын төлөвшлийн энэ 25 жилийн хугацаанд улс төрийн намаар дамжуулан төрийг барихаас өөр арга бидэнд байгаагүй. Цаашдаа ч энэ замаар л явна. Орон нутагт буюу анхан шатны нэгж дээр ах, дүү хамаатан садан, найз нөхдүүд намаараа талцаад байгааг үгүй болгох гарц хайж л ийм төсөл оруулсан гэж харж байгаа. Гэтэл улс төрийн нам сонгуульд оролцохгүй бол сонгууль нь өөрөө утга учраа алдана биз дээ. Нэгдсэн бодлого байхгүй. Хариуцлага үүрэх хүчин байхгүй болно. Зарим улс орон үүнийг туршиж үзээд болохгүй гэдгийг нотолчихсон байна. Тийм байхад яагаад бид заавал энэ замаар явах ёстой гэж. Ямар ч байсан улс төрийн нам өөрөө хариуцлагатай, нэгдсэн бодлого боловсруулдаг, онолын хувьд ч тэр гишүүд нь намд нэгдэж, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, итгэл үнэмшилтэй, эргээд хариуцлага хүлээх зарчимтай байна гэдэг утгаараа бүх шатанд намууд оролцох ёстой.
-Улс төрд байгаа эмэгтэйчүүд хэт цөөхөн байна гэх шүүмжлэл байдаг. Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн квотыг багадаа 30 хувьд хүргэх асуудал яригдаад эхэллээ. Энэ талаар таны бодол?
-Эмэгтэй хүнийг эрчүүдтэй харьцуулахад нийгэмд хөдөлмөрлөх хугацаа нь бага байдаг. Учир нь ар гэрээ зохицуулах, үр хүүхэд төрүүлэх гээд гэр бүлийн ажил ихтэй. Тиймээс ч шийдвэр гаргах төвшинд оролцож чаддаггүй. Харин сүүлийн үед эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар их ярих болсон. Эмэгтэйчүүд илүү зөв шударга, энэрэнгүй гэдэг утгаараа хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн рүү чиглэсэн хууль гаргахад нэмэртэй байна гэж дэлхий нийтээрээ ярьж эхэллээ. Манайх энэ удаагийн парламентад эмэгтэйчүүд нэлээд олуулаа суусан. Нэр дэвшигчдийн 30 хувь гэсэн квот байгаа. Тэгсэн хэрнээ яг парламент дахь 30 хувиа хамгаалах тал дээр хууль байдаггүй. Нэгэнт квот тогтоосон бол нэр дэвшихэд биш. Сонгогдох зарчим дээр хадгалдаг болох хэрэгтэй. Энэ талаар хуульд тусгавал илүү үр дүн гарна.
-Сонгууль дөхчихлөө. Дорнод аймагт сонгуультай холбоотойгоор гишүүдээ идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна уу?
-Сонгууль хаяанд ирчихсэн байна. Мэдээж сонгуультай холбоотойгоор улс төрийн нам, бүлгүүд үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг. Дорнод аймгийн АН-ын хувьд ямар бодлого боловсруулж, сонгогчдын саналыг авах эсэхээр иргэд болоод намын гишүүдийн саналыг авч эхэлсэн. Бүх саналуудыг төвлөрүүлж, бодлогоо боловсруулж тавина. Дорнод аймагт үнэхээр АН-ын бодлогыг дэмжихгүй байна уу гэхээр бас тийм биш. Орон нутгийн сонгуулийг харвал “Аль намыг дэмжиж байна вэ” гэсэн санал асуулга дээр “Ардчилсан намыг дэмжиж байна” гээд 50 гаруй хувь санал өгчихсөн байдаг. Бид яагаад орон нутагт эрх барьж чадаагүй. Бодлогоо хэрэгжүүлж чадаагүй байна вэ гэдэгт өнгөрсөн хугацаанд анализ хийж, алдаа оноогоо дүгнэж цэгнэлээ. Мэдээж эхний удаад нэр дэвшигчидтэй шууд холбоотой гэж үзсэн. Тиймээс туршлага дээрээ дүн шинжилгээ хийгээд, ирэх сонгуулиар орон нутагтаа нэр хүндтэй, намын бодлого хэрэгжүүлэх боловсон хүчинг нэр дэвшүүлнэ гэж бодож байна. Ер нь УИХ-ын гишүүд ч тэр орон нутгийн өөрөө удирдах төвшиний төлөөлөгчдөд ч нэр дэвшүүлэхдээ бид хаа хаанаа анхаарах хэрэгтэй юм билээ. Өөрөөр хэлбэл, боловсон хүчиндээ илүү анхаарах нь чухал. Бусад улс орнуудын туршлагаас харж байхад боловсролтой эрдэмтэн, доктор, профессоруудыг намынхаа нэрээр нэр дэвшүүлэн гаргаж ирдэг. Улмаар парламентад, орон нутгийн сонгуульд олонхи болж чаддаг. Аль, аль төвшинд олонхи болчихвол өөрсдөө гүйцэтгэх засаглалд орж, засаглалаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж болдог зарчим байдаг юм билээ. Тиймээс манай улсад парламентын гишүүдээ ч орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгохдоо ч энэ зарчмыг барьвал зүгээр санагддаг. Гэтэл амьдрал дээр онолын төвшинд гэхээсээ илүү бизнесийн ашиг сонирхлыг хамгаалсан бүлэглэлүүдийн төлөөлөгчид орж ирчихээд, тэр эрх ашгаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн хямралаас гадна өөр нэг хямрал бий болгоод байна. Байнгын ажиллагаатай парламент 25 жил болж байна. Энэ нь бид дөнгөж сурч байна, хөлд орж байна гэсэн үг. Тиймээс цаашаа улам боловсронгуй болоод явах нь ойлгомжтой.
Ж.Отгонмягмар