НАМЗХ-ны Г.Тэмүүлэн “Тэнгри” компаний Д.Анхбаярын эсрэг мэдүүлэг өгч байжээ
ГТГ-ын дарга асан Д.Амарсайхан 2013 оны 5-р сарын 13-нд Ганц худагын урьдчилан хорих төвийн уулзалтын байранд нас барсан. Тухайн үед талийгаач нь ахтайгаа уулзсан гэдэг ч хажууд нь мөн л хоригдож байсан “Тэнгри” компаний ерөнхий захирал Д.Анхбаяр болон ахынх нь төрсөн хүү Ц.Чандмань нар хамт байсан. Талийгаачийн төрсөн ахынх нь хүү Ц.Чандмань нь “Тэнгри” компанид ерөнхий менежерээр ажиллаж байсан. ГТГ-ны газрын дарга асангийн толгойг түшицсэн Д.Анхбаяр нь тэр тухайгаа шүүхэд өр өвтгөм мэдүүлэг өгчээ. Тэрээр “би ухаан алдан унасан нөхрийнхөө толгойг түшээд Чандманы хамт эмч хүлээгээд хүйтэн шалан дээр өвдөглөн сууж байхдаа үгээр илэрхийлж боломгүй бухимдалд гомдолд автсан, тэр өдөр ухаан алдаад босож ирээгүй найзыг минь хэн ч босгож чадахгүй, талийгаачийн нэрийг сэвтүүлэхгүй гэдэгтээ итгэлтэй байна, учир нь энд хийсэн хэрэг буруу үйлдэл байхгүй” гэсэн боловч шүүхийн шийдвэр эсрэгээр гарсан. Монголын шүүх анх удаа нас барсан хүнийг ялласан хэрэг энэ үеэр болсон. ГТГ-ын дарга асан талийгаач Д.Амарсайханг онц их хэмжээний хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бол бусад холбогдогч болох “Тэнгри” компаний ерөнхий менежер Н.Отгонболд, Ц.Чандмань нарыг цагаатгажээ. “Тэнгри” компаний ерөнхий захирал Д.Анхбаярыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авч борлуулсны орлогын албан татвар болох 3.6 тэрбум төгрөгийг суутган авч төсөвд төлөлгүй онц их хэмжээний албан татвар төлөхөөс зайлсхийсэн, газрын тосны тендерт “Тэнгри групп” компанийг ялуулсны төлөө Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханд “Роял Грийн Вилла” хотхон дахь 494 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг автомашины хоёр зогсоолын хамт төрсөн ахынх нь хүү Ц.Чандманий нэр дээр шилжүүлэн хээл хахууль өгсөн хэрэгт буруутгасан. Хэргийн гол холбогдогч Д.Анхбаяр нь 1990 онд “Жуулчин” компаний нэр дээр Германд сурсан гэнэ. Төгсөж ирээд “Жуулчин” компанидаа ачигч, оручуулагч, менежер зэрэг ажил хийж байгаад 1997 онд Берлин хотод компаний баруун Европын зах зээл хариуцсан суурин төлөөлөгчөөр томилогдон очжээ. Гурван жилийн дараа Германд “Монгол Райзен” компаниа үүсгэн байгуулжээ. 2006 онд буцаж ирээд “Тэнгри” компаниа байгуулаад групп холдинг болтол нь томруулсан гэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татах зорилгоор идэвхитэй ажиллан хөрөнгө оруулалт, урт хугацааны зээл олж иржээ. 2006-2013 оны хооронд Герман, Швейцарь, Америк, Австрали зэрэг орноос нийтдээ 70 гаруй сая доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж том том төсөл хэрэгжүүлж байжээ. Д.Анхбаярыг 2013 оны 7-р сарын 9-нд мөнгө угаасан гэх хэргээр цагдан хорьжээ. Дараа нь Ашигт малтмалын газрын албан тушаалтнуудтай бүлэглэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө хууль бусаар сунгуулан эзэмшиж байсан гэж байцааж. Цагдан хоригдсноосоо хойш нийтдээ долоон удаа байцаагдсан агаад эхний удаад л компанийх нь үйл ажиллагаа, лицензийн талаар нь байцаалт авч. Харин хоёрдахь удаагийн байцаалтаас эхлэн нэр бүхий хоёр улстөрч болон зарим өндөр албан тушаалтан тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой асуудлаар байцааж эхэлжээ.
“Тэнгри” компаний ерөнхий захирал Д.Анхбаярыг ямар тендерээр буруутгасан бэ ?
Ингэхдээ 2009 онд ГТГ-аас шалгаруулсан Шарга-3, Нэмэгт-6 гэдэг газрын тосны талбайд хайгууль явуулан бүтээгдэхүүн хуваах тендерт “Тэнгри групп” ялсан тухайг нь сөхжээ. Тухайн үед Үйлдвэр худалдааны сайд байсан Х.Наранхүү тушаал гаргаж дээрхи талбайд тендер зарлан сонгон шалгаруулалт явуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгчээ. Уг тендерт Д.Анхбаярын компани ялсан ч Х.Наранхүү сайд “Тэнгри групп”-тэй байгуулах гэрээг Засгийн газрын хуралдаанаар батлуулаагүй тул ажил эхлээгүй өдий хүрсэн гэнэ. Гэсэн ч уг хэргээс мөрдөгчид яаж ийгээд “но” олсон байж. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү 2008 оны хавар Д.Анхбаярыг тухайн үед АМГТГ-ын дэд дарга байсан Д.Амарсайхантай танилцуулснаас хойш дарга бизнесмэн хоёр нөхөрлөж бүр гэр бүлийн найзууд болжээ. Дараа жил нь Газрын тосны газрын даргаар Д.Амарсайхан томилогдоход нөгөөх Шарга-3, Нэмэгт-6 талбайн зарлагдсан олон улсын нээлттэй тендер ГТГ-д шилжин иржээ. Уг тендерийн материал хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар АМГТГ-ын Гэрээлэлтийн хэлтсийн дарга Газоригийн Тэмүүлэн, харин тендер шалгаруулах Үнэлгээний хорооны даргаа ГТГ-ын дарга Д.Амарсайхан ажиллажээ. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн нь “Тэнгри гурппын материал дутуу тул Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтэн З.Бат-Оргилоор дамжуулан бүрэн бүрдүүлж өгөхийг шаардаж байсан, миний санаж байгаагаар Д.Амарсайхан дарга энэ группийг дэмжих боломжтой юу хэмээн асууж байсан, мөн материал нь ямаршуу юм байна хэмээн лавлаж байсан, ажлын хэсгийнхэн хоорондоо Тэнгрийг Д.Тэрбишдагва сайдын компани гэдэг байсан” гэж мэдүүлжээ. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан С.Сансар “Тэнгри нь газрын тосны чиглэлээр хайгуулын үйл ажиллагаа явуулах туршлагагүй, тоног төхөөрөмжгүй байсан, хөрөнгө чинь хүрэхгүй гэхээр олон охин компаниасаа хөрөнгө татах боломжтой гээд баахан компаний танилцуулга үзүүлдэг байсан, ажлын хэсэг болон Үнэлгээний хорооны гишүүдийн дунд Тэнгрийг Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр Цолмонгийн компани гэсэн яриа тархсан байсан” гэжээ Энэ мэтээр “Тэнгри групп”-ийг санхүүгийн тайлан зөрүүтэй, алдагдалтай ажилладаг, аудит хийлгээгүй зэрэг олон шалтгааны улмаас хоёрын хоёр талбайд зэрэг хайгуул хийх чадваргүй гэж Ажлын хэсэг болон Үнэлгээний хорооны гишүүд үзсэн ч яагаад ч юм хамгийн өндөр оноо авч ялжээ. Энэ явдлын дараахан Д.Амарсайхан агсны ахын хүү болох Ц.Чандмань “Тэнгри групп”-д ерөнхий менежерээр ажилд орж Д.Анхбаяр нь түүнд “нийгмийн асуудлыг шийдэх” хүрээнд “Роял Грийн Вилла” хотхон дахь 494 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг автомашины хоёр зогсоолын хамт өгчээ. Удалгүй тэр байрыг тухайн үед ганцаараа амьдарч байсан ГТГ-ын дарга нь төрсөн ахынхаа хүүгээс “түрээслэн” суух болсон нь АТГ-ын хараанд өртсөн гэдэг.
NUUTS.mn