Л.Гансүхийн “Нүүрс” хөтөлбөр гэж анхнаасаа байгаагүй гэдгийг Ч.Сайханбилэг баталжээ
Шинэчлэлийн Засгийн газар “Нүүрс” хөтөлбөр гэж батлаагүй болохыг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Л.Гансүхийн хэрэгт гэрчээр байцаагдахдаа баталжээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхийг байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Монгол Улсын засгийн газраас “Нүүрс” гэх хөтөлбөр батлагдан гараагүй байхад найз М.Сүхбаатарын үүсгэн байгуулсан “Эм Жи Эл Эс Би” компанийг сонгон, өөрийн туслахаар ажиллаж байсан Л.Эрдэнэбулганыг гүйцэтгэх захирлаар, эхнэр З.Уранчимэгийн дүү З.Урангуагийн охин Б.Мөнгөнтуяаг ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилуулан, урьдчилан үгсэн тохиролцож “Эм Жи Эл Эс Би” –ийг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжүүлэгч компани гэж “Багануур”ХК-д танилцуулан, 2012 оны 11-р сарын 01-ний өдөр “Багануур” ХК-д алдагдал учруулахуйц нүүрс худалдах худалдан авах тухай 12/02-570 тоот гэрээ байгуулан, 2013 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллуулж, “Багануур” ХК-д нүүрсний жингийн зөрүүнээс 331.900.000 төгрөг, нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардалд 171.100.000 төгрөг, тоног төхөөрөмж түрээсэлсний зардалд 63.900.000 төгрөг, нийт 566.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан нь зөв байжээ. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...таны харж байгаа шиг Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөр гэж албан ёсоор гарсан зүйл байхгүй. Засгийн газрын хуралдаанаар “Нүүрс” хөтөлбөр гэж хэлэлцсэн асуудлыг санахгүй байгаа учраас тийм асуудал байхгүй. “Нүүрс” хөтөлбөр гэдэг чинь “условный” л нэр явж байгаа шүү дээ, нүүрсийг хямдруулж ард иргэдэд олгох асуудал хэзээ яаж үүссэн бэ гэхээр Ерөнхий сайд дээр өглөө болгон бид нар зөвлөхүүд орсон ажлын алба орсон шуурхай болдог юм. Тэр шуурхай дээр 7 хоногийн мягмар, пүрэв гарагт 11-11 төвийн мэдээллийг танилцдаг юм. 11-11 төв гэдэг нь Засгийн газрын ордны хойно хуучин иргэдийг хүлээн авах газар байгуулагдсан. Иргэдээс 10 янзын каналаар мэдээлэл авах ийм төв. Энэ 11-11 төвөөс орж ирсэн Ерөнхий сайдад хандсан асуудлуудыг 2 дахь, 4 дэх өдрүүдийн шуурхай дээр ярьдаг. Таны асууснаар 7 сарын ч асуудал биш өвөл, намар сэрүү ороод ирэх үед хүмүүс нүүрсний үнэ нэмэгдлээ тонн нь 200.000 төгрөг боллоо, шуудай нүүрс тэдэн төгрөг боллоо, үнэтэй байна гэдэг саналууд олноороо орж ирдэг. Тэр үед нь энэ үнийг яаж буулгах вэ гэдэг асуудал ярихаар ер нь бол энэ Багануурын нүүрсний уурхайгаас нүүрс орж ирдэг юм байна. Энэ нүүрсний үнийг нь сайн зохион байгуулах юм бол одоо тонн нь 200.000 төгрөг хүрээд байгаа тухай Ерөнхий сайд шуурхай дээр ахлах зөвлөх Л.Гансүхэд энэ чиглэлээр ажиллаадах гээд үүрэг өгсөн байгаа юм. Тодорхой хугацааны дараа нь ахлах зөвлөх Л.Гансүх 1 тонн нь 200.000 төгрөг байгаа нүүрсийг 80.000 болгож иргэдэд хүргэх бололцоо байгаа юм байна гэсэн. Ингэхийн тулд бид нарт эхний ээлжинд Засгийн газрын нөөцөөс эргэлтийн хөрөнгө гаргаад өгөөч ээ, дараа нь бид нар үүнээсээ эргээд төлчихнө гэсэн зүйл бол ярьсан. Ингээд наад асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулаад ир гэдэг зүйл өгөөд би одоо дахиад хугацааг нь санахгүй байна тэр оныхоо намрын Засгийн газрын хуралдаан дээр орж ирж нөөцөөс хэд билээ 800 билүү 900 сая төгрөг гарсан. Ерөнхийдөө нүүрс ажиллагаа, хөтөлбөр, операци юу ч гэж нэрлэдэгийн, тэр утгаар л ярьж байгаа юм, тэрнээс биш сонгодог Засгийн газрын хөтөлбөр биш ээ гэдгийг хэлж байгаа юм...” гэж мэдүүлжээ. Үргэлжлүүлэн УИх-ын гишүүн С.Оюун, Сангийн сайд асан Ч.Улаан, Эх-ний сайд асан М.Сонмпил нар ямар мэдүүлэг өгсөнийг хүргэнэ.