Гадаад үнэртэй “Хожлын нүүдэл” кино “хожигдож”, үндэсний үйлдвэрийн бүтээл “Такси” кино хожлоо
Нийтэлсэн: 2015-09-13 07:19:54
Сүүлийн үеийн манай инээдмийн кино бол тэр чигээ гадны дэлгэцийн бүтээлийг дууриаж, хумсалдаг уламжлал тогтсон тухай шүүмж судлаач П.Батхуяг бишгүй л хүүрнэсэн. Сайн дурын уран сайханчид кино урлаг рүү мөнгө хөөж ороод ийнхүү агуу урлагийн нэр хүндийг сэвтүүлж байгаа нь харамсалтай. Жүжигчний сургууль төгсөөд мэргэжлээрээ ганц нэг жил ажиллаагүй атлаа их урлагийг хэтэрхий хялбарчилах гэж яваа нөхдийн нэгийг телевизийн хөтлөгч Г.Анхбаяр гэсэн яриа явдаг. Тэрбээр ноднин жил “Давхар цохилт” нэртэй дэлгэцийн бүтээл хийсэн нь Холливудын од жүжигчин, зодооны урлагийн мастер Жан Клод Ван Даммын “Двойны удар” буюу “Давхар цохилт” гэдэг америкийн кинотой нэлээд төстэй болсон. Энэ удаа хөтлөгч Г.Анхбаяр “Хожлын нүүдэл” нэртэй инээдмийн кино хийсэн аж. Монголын нийгэмд огт үзэгдээгүй, барууны болоод солонгосын комедиг зуурсан тэрхүү киног үзсэн хүмүүс инээх нь битгий сэтгэл санаа нь тавгүй болоод гарч байлаа. Киноны гол дүр болох аав хүү хоёр сав л хийвэл “Хуц, солиор” гээд гудамжны жаргон үгээр хэрэлдэнэ. Топ модель хүүхнийг гол дүрдээ тоглуулж, драмын жүжигчдээр багаа бүрдүүлэн мэргэжлийн бус найруулагч ажилласан болоод ч тэр үү, инээдэм гэхээсээ илүү аймгийн театрын уран бүтээлчид тоглосон хошин шог л үнэртэж байлаа. Инээдмийн кино бол жүжигчнээс мэдрэмжээр дамжсан тоглолт шаарддаг. Эцгийгээ бурхан болоход ямар ч монгол хүн дээшээ тэнгэр лүү хараад араатны хаан Симба арслан лугаа чангаар хашгирч, орилохгүй биз дээ. Г.Анхбаяр яг л орой бүр зурагтаар гардаг солонгосын сериалын хэтрүүлэгтэй жүжиглэлтийг үзүүлэж байх юм. Талийгаачийн дэргэд чимээгүй байх зан үйлийг таван настай хүүхэд ч мэднэ дээ. Киноны хувьд логик дараалал алдагдсан, эхлэл байгаа хэрнээ өрнөл байхгүй төгсгөл нь соц реализм үнэртсэн гол нь сужет хөөгдөхгүй байгаа зэргээс харахад үнэхээр л сайн дурын уран сайханчид кино урлагаас савраа татах цаг болсныг харуулж байв. Ийм л нэг инээдмийн гэхээсээ бухимдал төрүүлэм кинонуудыг эдийн засгийн хямралтай жилд битгий л олон үйлдвэрлээсэй гэж хүсч байна. Сүүлдээ тэдний гараас тэнэг мафийн толгойлогч, бүтсэн бүтээгүй хайр, нууц амраг, насны доройтолд орсон эмээ, өвөө зэргээс хэн хүнгүй залхаж эхэлсэн. Харин түүний дэргэд саяхан нээлтээ хийсэн “Такси” нэртэй инээдмийн кино үзэгчдийн талархлыг багагүй хүлээжээ. Хэд хэдэн уран сайхны киноны ард гарсан “Ихэр” фильмийн найруулагч Г.Дарханбаяр, Г.Дарханбат хоёр энэхүү дэлгэцийн бүтээлээрээ нийгэмд байдаг энгийн зүйлийг харуулахыг зорьжээ. Тэр нь юу вэ гэвэл бидний өдөр тутмын амьдралд таардаг таксины жолооч, булан тохоо бүрт байдаг ууж идэж, унтаж, заримдаа агсарч байдаг архичид. Архинаас ангижрахын тулд таксины жолооч болсон Сөрөлт балгууш найзыгаа хараад “10 литрийн канистр хулгайлчихаж. Энэ чинь 1 шил архи, 20 канистр чинь 2 шил архи болно ш дээ” гэдэг ч юм уу жүжигчин Өнөрөө эрүүлжүүлэхээс нүцгэн зугтаж яваад найзтайгаа таарахдаа “Эрүүлжүүлэхэд 3 удаа орчих юм бол шууд 111 шууд ачигдана ш дээ. Чи миний аминд ор, хувцсаа өгчих!” гэхэд үзэгчид алга ташиж байсан. УИХ-ын гишүүний согтуу хүүхдүүд жийп хөлөглөж яваад замын цагдаад баригдана. Согтуу залуу томорч цагдаа торгох гэтэл түүний гар утас дуугардаг. Замын цагдаа “Мэдлээ гүйцэтгэе, за хүүхдүүд аятайхан яваарай” гээд хуулийн дагуу ажиллаж чадахгүй үлдэж байгаа шигтгээ бидний амьдралд байдаггүй гэж хэн ч хэлэхгүй. Яг л амьдралд байдаг адармаатай, асуудалтай зүйлийг уран сайхны аргаар харуулсан ийм л киног үзэгчид сүүлийн хэдэн жил хүлээсэн юм. Тэрнээс бус солонгос, францын таксины жолооч юу бодож явдгийг монголын үзэгчид сонирхохгүй. Таксины жолооч Сөрөлтийн машинд таньдаг хөрш эмэгтэй нь суугаад мөнгөө өгөхгүй байхад, төлбөрийнхөө оронд биеэ үнэлэх санал тавьж байгаа охин ч таардаг. Ийм нэг монгол ахуй нэвт үнэртсэн инээдмийн болоод бусад төрлөөр бүтээсэн уран сайхны киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа шүү гэдгийг кино зохиолч, найруулагчдад хэлэхийг хүслээ. Нэг үгээр их урлагийг хэтэрхий хялбарчилан “Хожлын нүүдэл” хийх гээд хожигдож, харин монгол хүний тархиар бичигдсэн “Такси” инээдмийн уран сайхны кино “хожиж” байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг энэ дээ. Та ч гэсэн цаг заваа зохицуулаад үндэсний үйлдвэрээ дэмжээд “Такси” киног нэг харчихаарай.