Нууц мэдээллийн уурхай

Хөлөнбуйр сум байгуулагдсаны 70 жилийн ойд: Баргуудын сүүлчийн их нүүдэл

Нийтэлсэн: 2015-07-10 06:24:24

 Баргуудын хамгийн сүүлчийн их нүүдэл 1945 оны чөлөөлөх дайны дараа болсон. БНМАУлсын Бага хурал, Засгийн газар 1945 оны 8-р сарын 10-нд Японд дайн зарласан тунхаг бичигт “ Монгол овогтон нэгэн улс гэр болж, айл зэргэлдээ ардчилсан улсуудтай найртай сайхнаар оршин суухыг хүсэж  ирсэнийг үндэслэж “...дайнд оролцох болсноо илэрхийлснийг XX зуунд Монгол овогтон нэгдэн нийлэх сүүлчийн боломж гарлаа гэж Баргууд гүнээ ухамсарлаж талархан хүлээн авсан. (Д. Дамдинжав, “Барга буриадын түүхэн сэдэв 2012 он)

     Энэ үед Монгол улстай нэгдэн нийлэхээр зорин тэмүүлэгч Барга ястнуудыг төлөөлөн Шинэ барга Зүүн хошууны төв Амгалан балгад дээр тус хошууны ерөнхий хэлтсийн дарга Я. Шаарийбуу тус хэлтсийн санхүүгийн тасгийн дарга Сономын Гомбо, Хөлөнбуйр аймгийн малжилын газрын дарга Жодов, Хөвөө цагаан Хошууны орлон хөөгч Ерөөлт, Хөөгч Хөхөөнтай, Гарамширын Ганжуур зэрэг хүмүүс сэм цугларч Монгол улстай нэгдэх тухай ярилцсан. Мөн 1945 оны 8-р сарын 25-26ны өдөр Шинэ барга Зүүн хошууны Енгүн (Инбулаг) гэдэг газар хуралдсан Хөлөнбуйрын Ардын их хурлаас Бүх монгол угсаатан нэгдэх тухай гаргасан уриалгын дагуу Монгол улсын төр засагт дагаар орох тухай шийдвэр гаргасан. Гэтэл Орос Хятад Япон улсууд Ялтад нууц зөвлөлгөөн хийж Ар Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрснөөр монгол угсаатан нэгдэн нийлэх боломжгүй болсон байна. Энэ үед Хөлөнбуйрын баргачууд нийт монгол угсаатан нэгдэн нийлэх сайхан цаг ирлээ хэмээн итгэн найдаж 2000 орчим өрх айл нийтээрээ нүүдэллэн Монгол улсын хил Буйр нуурын хойд тал Булан дэрсний орчим ирээд байсан. Гэвч БНМАУлсын төр засаг, цэргийн командлал хэт болгоомжилсон, хилийг удалгүй хаасан, зарим талаар нүүдэллэн ирэгсдийг хүлээн авахдаа алдаа гаргаснаас болж 1000 гаруй өрх айл буцаж нүүсэн байна.
     Тухайн үеийн цаг төрийн хүнд хэцүү үед Шинэ барга Зүүн хошууны хэсэг айл зорисон хэргээсээ буцалгүй Монгол гал голомтоо зорин тэмүүлж, Монгол улс руу нүүж орохоор шийдэн Өвөрмонголын Хөвөөт цагаан хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ард иргэд Буйр нуур Зэргэмж зэрэг газраар 1945 оны 11 сараас 1946 оны 1-сарын хооронд 2 хэсэг болон нүүж орж ирсэн.
Ингэж нүүдэл хийхдээ тэр үеийн харгис хатуу хяналт шалгалтаас нуугдан үүр шөнийн заагаар гэнэт нүүдэллэсэн учир зарим нь аав ээж, ахан дүүс, үр хүүхдүүдтэйгээ ч уулзаж чадалгүй яаран сандран нүүж байсан. Тухайн үед ард үлдсэн аав, ээж, ах дүү, төрөл садан, төрсөн нутаг усаа санагалзан:
Могой шинжийн Оршуныг
Модон гүүрээр гарлаа даа
Мунхаг муудаа нүүсэнгүй
Монгол угсаатнаа дагалаа даа
Өндөр харыгаа барилаа даа
Өөрийн бие минь ч шийдлээ дээ
Өнчин гурван дүүгээ
Үнсээ ч үгүй мордлоо доо
Агсан харыгаа барилаа даа
Амин бие минь ч шийдлээ дээ
Аав, ээж л хоёроосоо
Асуугаа ч үгүй л гарлаа даа хэмээсэн дуу зохион дуулсан байдаг. Энэ дуу бол Хөлөнбуйр сумын баргуудын Монгол угсаатнаа хичнээн их зориж, тэмүүлж ирсэний чин сэтгэлийн илэрхийлэл юм. Хилээр нүүж орж ирсэний дараахан удалгүй Монгол улсад дагаар орохыг хүссэн өргөдөл бичиж явуулсны дагуу БНМАУлсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 4-р сарын 24-ний өдрийн 23-р тогтоол гарч Монгол улсын харьяат болгон баталсан.
     Энэ нүүдлээр нийт 234 өрхийн 991 хүн ам, үүнээс 257 хүүхэд 60 гаруй мянган толгой малтай 2322 хөсөг тэргээр нүүж ирсэн байдаг. Тухайн үед мал хөрөнгө хөсөг тэрэг ихтэй ирсэн учраас “ Баян баргууд” гэдэг байсан бөгөөд эхнэр хүүхнүүд нь алт мөнгө шүр, сувдаар чимэглэсэн эртний зүүсгэл гоёлтойгоо ирж байсан. Баргууд ийнхүү олон зуун дамжин алс холын нүүдэл хийж байснаас ихээхэн тарж бутарч, олон улс орнуудад хуваагдан аж төрж байгаагаас Монгол улсад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг 16 аймагт барга овгууд тархан суурьшсан байна.
3.    Барга ястны хэл соёл
Баргууд нь нилээн эртний аялгаар ярьж, эртний үг хэллэгүүдийг өнөөдрийг хүртэл аман яриандаа хэрэглэсээр байна. Рашид-Ад-дины “Судрын чуулган” зохиолд “Баргужин аймгийн үг хэл бол Ихрэйд, Булгадын аман аялгуутай нэг гаралтай” гэсэн байна. Мөн эртний Баегү (барга) нар МЭV зуун буюу 464 оноос бичиг үсэгтэй болж он тооллоо тэмдэглэж ирсэн тухай бичигдэн үлджээ.
     “Монголын нууц товчоо” зхиогдож байсан үе буюу 13-р зууны үед хэрэглэгдэж байсан зарим үг хэллэг одоогийн барга ястнуудын дунд тэр хэвээрээ хэлэгдэж  байгаа нь сонирхол татаж байна.
     Тухайлбал МНТовчооны I бүлгийн 35, V бүлгийн 169-д байгаа “тугаар”,                                                   I бүлгийн 56-д байгаа “гилэх”, I бүлгийн 31, II бүлгийн 85-д байгаа эсэг (цэгээ) зэрэг үгнүүдийг өргөн хэрэглэсээр байна.Мөн МНТовчоо зохиолын I – 55д Есүхэй баатар Өүлэн үжинтэй анх уулзах үед Өүлэн үжин мухлаг тэргэнд сууж явсан. Энэ тэрэгний эртний дуудлага нь “Мухлиар” тэрэг бөгөөд баргууд яг энэ үгээр нь нэрлэж байна.
     Баргууд өнөөдөр “Ши тугаар энээгүүр мухлиартий ирээд цэгээгээ уугаад үнээгээ гилээд яваа гүү” гэх мэтээр ярьдаг. Энэ өгүүлбэрт одоогоос 800 гаруй жилийн өмнө монголчуудын хэрэглэж байсан дээрхи үгнүүд орсон байна.
Мөн хүлээр (чингэлэг тэрэг), hажаах (дууриах), буритах (хөгцрөх), мийн(зүгээр),  hундалдах (МНТVI -173) гэх мэт нилээд эртний үг хэллэгүүд одоо ч баргуудын дунд хэрэглэгдсээр байна. Энэ бүхнээс үзвэл баргын хэл, аялага нь одоогийн барга ястнууд монголын эртний овог аймгуудын нэг  байсныг баталж байна. Баргуудын түүх соёлын салшгүй нэг хэсэг нь дуу, шүлэг, яруу найраг юм. Баргын ард түмэн Монгол эх орноо магтан дуулж, өвөг дээдэс, үндэс угсаагаа шүлэг найраг дуу хөгжмөөр үүрд дурсан санаж ирсэн түүхтэй.Баргуудын тухай олон сайхан дуу, шүлэг байдгаас Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Дулмаагийн “Баргууд” хэмээх яруу найргийн хэсгээс товчлон хүргэе.
Хөх Монголын үеэс эр зоригоо гайхуулж
Хөлөнбуйрын тэнгэр дор эмээл дээрээ ханхайж
Хүйтэн халуун хоёрт эмтрээ нь үгүй явсан
Хүмүүнлэг сайхан сэтгэлт барга түмнээ дуулмуу
Алунгуа хатны ураг, алдарт Чингисын удам
Алтан эмээлийн домог, агуу дээдсийн цэрэг
Аливааг эргэн дурсахуйд баргын түүх тодроно
Амгалан дөлгөөн хүмүүсийн сайхан дүр дурайна
Хойшоо урагшаа нүүсээр зуун зууныг туулсан ч
Хоёр гурав тасарч зуурдын зовлон амссан ч
Хорвоогын монгол туургатанд халуун элгээрээ багтах
Холын их бодолтны хатан зоригийн түүх бий
Хан буурал өвгөд нь энхрийхэн үрсээ сургадаг
Хацар гоо охид нь эрийнхээ хийморийг дээдэлдэг
Хайлган сэтгэлт үрс нь ээжийнхээ ачийг санадаг
Халуун элгэн саднаараа эх орноо хайрладаг
Дэлхийд цөөхөнч баргууд дээдсийн халуун угсаа
Дэлгэр уудам сэтгэлтэй, дэгтэй явсан хүмүүс
Ээжийнхээ аргыг үүрэлцэж охид нь даруухан өссөн
Эцгийнхээ уургыг тагнайдаж хөвгүүд нь дуулгавартай сурсан
Сарьханаг тоонотой гэр нь салхинд унаж байгаагүй
Сайхан төрсөн хүүхнүүд нь салан задгай яваагүй
Санаа гүдэсхэн эрчүүд нь  самуун хэрэг тариагүй
Сар нартай хорвоод хүмүүн чанараа гээгээгүй
Морин дэл дээр дарцаглаж хийморьтой явдаг улс
Монголоо гэсэн сэтгэлээ хэзээч гээгээгүй хүмүүс
Малчин монголын үрс баргын халуун амь
Мах цусан төрлөө мартаж байсан удаагүй
Баргууд гэдэг үнэндээ монгол зүрхний тасархай
Бахдаж дээдлэн өгүүлбэл мохошгүй зоригтны хэлтэрхий
Байглаас цааших нутагтай эцэг дээдсийн ураг
Барин тавин хэлэхэд эзэн Чингисийн өвөг
4.    Баргуудын шашин шүтлэг, сүм хийд
Баргуудыг нүүж ирсэний дараа эхний жилүүдэд ард түмний сүсэг бишрэлийг хүндэтгэх үүднээс Гандан самданлин хэмээх хийд байгуулагдсан байдаг. Энэ хийд ӨМӨЗОрны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошууны Баянцагаан хэмээх газар байгаад 1945 оны 10-р сард одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг Баян уул гэдэг газар монгол гэр барьж сүмийн дугана байгуулан хэдэн жил болсон. Үүний дараа 1948онд Чойбалсан аймгийн (Дорнод аймаг) Баян уул сумын мужаан Махаартан гэдэг хүн 20-иод хүний хамт ирж модон дуган барьсанаар хурал номоо хурах болжээ. Баргууд буддын шашин, уул усаа шүтэн биширдэг тул Баргын богд уул, Хөвөөт цагаан хошууны Баян цагаан, Дааган дэл зэрэг уулаа тахин шүтдэг байсан. 1945 оны баргуудын их нүүдлээр 109 лам, сүм хийдийн зэмсэг хэрэгслэлүүд, бурхан шүтээн, хурал номын хэрэгслэлүүдийг авчирсаны дээр жасын нярав даамлууд нилээд олон тооны мал хөрөнгийн хамтаар ирсэн.
     Сүм хийд ба уул овооны тахилгын Лувсанжалбуу, Цогчин, Дарь эх, Ялаачин зэрэг долоон төрлийн жасын хөрөнгө нь 1946 оны 7-р сарын байдлаар тэмээ 31, адуу 86, үхэр 219, хонь ямаа 4252 бүгд 4369 толгой мал сүрэг болсон байв. Гандан Самданлин хийдэд 87 лам ном хурж байсны 17-оос доош насны 13, 18-45 насны 43, 46-аас дээш насны 31 лам байсан. Тус хийдийн хамба лам Лувсан гэдэг барга ястан 7 настайгаасаа лам болж Лхас оронд шашны ном үзэж, мөргөлийн ажлаар Төвд оронд олон жил болсон хошууны хийдийн цогчин дуганд 10 гаруй жил хурал хурж Шилийн голын Арьяа бандидын хийдэд аграмбын мяндаг хүртэж 44 жил суусан. Хөлөнбуйрын хийдэд ширээт ламын хэргэмтэй том лам байсан. Мөн даа лам Гомбын Хаянхярваа, Найдангын Жамба нар гавж цолтой, Унзад Билэгтийн Чойнбол, Гомбын Түвдэн, Жасын нярав Ишийн Самдан, Лам Дондогын Долгор нарын өндөр хэргэм цолтой лам нар шавилан сууж байжээ. 1961 онд Гандан тэгчилэн хийд дахь шашны төв захиргааны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Хөлөнбуйр сум дахь Гандан Самданлин хийдийн ширээт лам Лувсанд үнэн зоригт цол олгосон.(Ж.Өлзий Барга монголын түүх)
     Хөлөнбуйр сумын барга зон олны гол шүтээн нь Гомбо махгал бурхан бөгөөд 19-р зууны сүүлээр энэтхэг, Төвдөөс залан авчирч Хөвөөт цагаан хошууны Гандан Самданлин хийдийн гол шүтээн болгон залсан байна. Дараа нь 1945онд Баргуудын монголд ирэх нүүдлийн хамт тус хийдийн хамба Лувсан өөрийн лам хуврагуудын хамт Махгал бурханаа үхэр тэргэнд ачин зам мөрөө заалган нүүж ирээд Хөлөнбуйр суманд шинээр хийд байгуулахад тэнд залжээ. Махгал бурхан урьд нь цагаан хулгана жилийн үймээн, 1917 оны могой жилийн дүрвэлтээр халхын Цэцэн хан аймгийн нутагт хоёр удаа орж ирэн баргуудыг эргэн нүүхэд хамт буцаж байсан бол 1945 онд ийнхүү гурав дахь удаагаа монгол нутагт орж ирсэн байна. Хөлөнбуйр сумын Гандан Самданлин хийд 1960 оны 7-р сард татан буугадахад Махгал бурхан Улаанбаатар хотод Гандантэгчилэн хийдэд залагдсан бөгөөд Махгал бурханаа дагаж таван лам тус хийдэд шавилан суусаны нэг Г.Түвдэн лам дэд хамба болж 1997 он хүртэл суужээ.(Д.Дамдинжав Барга буриадын түүхэн сэдэв 2012он) Одоо баргуудын гол шүтээн Махгал бурхан Азийн бурхан шашны төв Гандан тэгчилэн хийдэд заларч билгийн тооллын сар бүрийн 26нд уг бурханы шилэн гүнгэрвааг нээж  их дүйчэн өдөр  бүх лам хуврагууд хурал хурж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.
 
 
                                                                         Дорнод аймгийн тө захиргааны ахмад ажилтан, Хөбдүүд Буяндэлгэрийн Балдан
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших