ТӨХ, БСШУЯ циркийн хувьчлалын асуудлыг хэлэлцэхээс яагаад зайлсхийсэн бэ ?
Нийтэлсэн: 2015-06-15 04:22:26
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай болон Асашеёорюү Дагвадорж аваргын тэмцлийг Монгол даяаар мэднэ. Дарга асан нь 2014 оны 2-р сард аваргын циркэд шаардлага хүргүүлж нөгөөдөх нь гал цогтой хэвлэлийн бага хурал хийн хариу барьж байлаа. Хэдийн О.Магнай буусан ч шинэ дарга Д.Аюурсайхан нь шаардлагаасаа татгалзсангүй. ШӨХТГ-ын байцаагчдын анхын шалгалтаар "Аса консалтинг" буюу "Аса цирк" нь бүр 2011 онд нэрээ “Рояал плаза” болгон өөрчилсөнийг тогтоожээ. Өдгөө захирлаар нь Д.Сэрбүдээ ажиллдаг гэнэ. О.Магнайн байцаагчдын дүгнэлтэнд дурдсанаар “Рояал плаза” нь “Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах” нөхцөлтэйгөөр Улсын циркийг хувьчилж авсан гэрээний үүргээ ноцтойгоор зөрчжээ. Үүнд Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд тусгасан жил бүр хийгдэх циркийн урлагийн тоглолтын хэмжээнд хүрэхүйц тоглолт хийгээгүй, циркийн ажилчдын тоог 65-аар цөөрүүлж, циркийн сургуультай мал, амьтанг үгүй болгож хувьчлахаас өмнөх циркийн үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулсан, циркийн барилга байгууламж, эзэмшил газрын дийлэнх хэсгийг циркийн урлагийн үйл ажиллагааны бус зориулалтаар бусдад ашиглуулсан гэжээ. Шалгалтаар циркийн барилга байгууламжид РС тоглоомын газар ажиллуулсан, циркийн ажилчдын байранд авто засварын оношлогооны төв, банк, худалдааны дэлгүүр, хоолны газар зэргийн ажиллуулсан нь тогтоогдож. Мөн гадаа талбайг худалдааны зорилгоор түрээсээр ашиглуулах үйл ажиллагаа явуулж байсан байна. Ингээд “Рояал плаза” компанид хугацаатай шаардлага хүргүүлсэн ч юу ч хийгээгүй тул шийдвэртэй арга хэмжээ авч ТӨХ-д циркийг хувьчилсан шийдвэрээ цуцлах талаар санал хүргүүлж. ТӨХ нь аргагүйдэн асуудлыг авч үзэхэд хүрч. Гэхдээ ШӨХТГ-ыхны хэлж байгаагаар “дургүйд хүчгүй” гэсэн байдлаар хандсан гэнэ. Эхлээд хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Дараа нь ажлын хэсэг “Рояал плаза”-гаас нөхцөл байдлыг тодруулсан тайлбар авах шаардлагатай гэж үзсэн тул албан бичиг явуулж. Мөн салбар хариуцсан БСШУЯ-наас ажлын хэсэгт төлөөлөл оруулах нь зөв гэж тогтжээ. Ингээд 2-3 зохих түвший албан тушаалтнаа оруулах хүсэлт явуулаад ажил нь үндсэндээ зогсжээ. Учир нь яамыхан ажлын хэсэгт оруулах хүний нэрээ өгөөгүй гэсэн шалтгаанаар одоо болтол ажил нь урагшаа ахисангүй. Энэ түүхийг сөхвөл нэлээд сонирхолтой явдал болжээ. Ажлын хэсэгт орох тухай анхны хүсэлтийг 2012 онд Боловсрол соёл шинжлэн ухааны яам буюу Ц.Оюунгэрэлийг сайд байхад хүргүүлсэн гэнэ. Гэтэл яам энэ асуудлаар хамтран ажиллах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Яагаад хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа тайлбарласангүй. Өөрөөр хэлбэл Ц.Оюунгэрэл О.Магнайг дэмжихээс шууд татгалзжээ. Ингээд ТӨХ, ШӨХТГ-ын хамтарсан ажлын хэсэг циркийн хувьчлалыг хүчингүй болгуулахаар дангаараа ажиллаж. Гэтэл ТӨХ-д .”бүтцийн өөрчлөлт” гэгч зүйл болж ажлын хэсгийн ахлагч М.Батгэрэл чөлөөлөгджээ. Нэг хэсэг даргагүй яваад Болормаа түр ахалж. Энэ үед циркийн хувьчлалын асуудлаар хоёрхон удаа л хуралдсан гэнэ. Удалгүй Ц.Оюунгэрэл сайдаас бууж яам БСШУЯ болон өөрчлөгджээ. Ингээд Л.Гантөмөр сайдад ажлын хэсэгт төлөөллөө оруулна уу гэсэн албан бичг ахин хүргүүлж. ТӨХ нь энэ мэтээр өөрийн чадлаараа ажилласан гэдэг ч ШӨХТГ нь та нар олигтой хөдөлсөнгүй гэж буруутгажээ. Сүүлдэээ цирк үзэх гэсэн хүмүүсийн хүслийг “Рояал плаза” болон ТӨХ, яам санаатай хааж байна гэх хэрүүлд гарч байдал хурцадсан гэнэ. ТӨХ нь заавал яамны төлөөллийг оруулж байж циркийн хувьчлалыг хэлэлцэнэ гэдэг бол ШӨХТГ нь бусад яамнаас хүн оруулахгүйгээр дангаараа хэлэлцээд циркийн хувьчлалыг хүчингүй болгож болно хэмээн зүтгэсээр байгаа аж. Харин “Аса цирк” буюу “Рояал плаза” нь хувьчлалыг хүчингүй болгодог нь ШӨХТГ биш хэмээн тоохгүй яваа. Гэхдээ л Аса аваргын гэр бүлийн өмч болсон циркийн дээр хуримтлагдсан бөөн хар үүл арилаагүй л байна.
NUUTS.mn