2005 онд цагдаагийн хурандаагийн хүүд зодуулсан иргэн хуулийн байгууллагуудаас 20 сая төгрөг нэхжээ
Нийтэлсэн: 2015-05-16 10:31:37
Олон нийтийн дунд цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэсэн ойлголт явдаг. Үүний цаана суудалдаа дархлагдсан хэнд ч дийлдэшгүй хуулийн томчуудын хаалттай ертөнц бий гэсэн хардлага байдаг. Иргэн Т.М нь 2005 оны 6-р сарын 7-ны шөнө “Коллектив” бааранд бусдад зодуулж үүдэн шүдээ хугалуулжээ. Тухайн үед зодсон этгээдийг иргэний бичиг, баримттай нь хамт Баянгол дүүргийн цагдаад аваачиж өгч. Үүдэн шүд нь хугарсан тул Солонгсд явж эмчлүүлж төлбөрийг нь тэнд ажил хийж төлжээ. Гэтэл Монголд ирэхэд нь түүнийг зодсон хэрэг нь сэжигтэн олдохгүй байна гэсэн үндэслэлээр хаагджээ. Тэрээр шат шатанд өргөдөл гаргасаар дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн ч мөн л сэжигтэн олдохгүй байна гээд түдгэлзүүлсэн. Прокурорын байгууллага тухайн үед хэрэг хариуцсан мөрдөн байцаагч, прокурор буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн хэрэгсэхгүй болгожээ. Хохирогч ингэж хэргэ шалгагдахгүй он удсан шалтгааныг “би цагдаагийн том эрх мэдэлтэй хүний хүүхдэд зодуулсан” хэмээн тайлбарлаж байгаа гэнэ. Үүнийг ч болсон явдал баталж. Зодуулсан өдрөө цагдаад өргөдөл гаргажээ. Шүүх шинжилгээний үндэсний төвд гэмтлийн зэргээ тогтоолгох бичиг авч. Журам ёсоороо Шүүх шинжилгээний төв дүгнэлт хийж цагдаагийн хэлтэс рүү албан тоотоор явуулах ёстой. Гэтэл цагдаагийн хэлтсээс шинжээчийн дүгнэлт гарсан уу гэж асуухад шинжилгээний төв дүгнэлт өгөхгүй байна гэдэг хариу өгсөөр хоёр гурван сар өнгөрч. Тэр хооронд Солонгос яван шүдээ хийлгэжээ. Ирэхэд нь сэжигтэн олдохгүй байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан байжээ. Ингээд зодуулсан иргэний хуулийн байгууллагатай хийсэн олон жилийн зарга эхэлжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар зодсон хүнээ олоод ир, ажиллагаа хийе гэж хэлдэг харин цагдаа эрэн сурвалжлуулах ажиллагааг байнга хийж байна, олдохгүй байна гэдэг гэнэ. Гэтэл тухайн үед хэрэг гарсны дараа талуудыг бүртгэсэн хуудсан дээр хурандаагийн хүүгийн овог нэр ч байхгүй, 17-р хороо гэх бичилт л байдаг хэмээн хохирогч гомдолложээ. 10 жил болоход зодуулсан хэргийг нь шийдэж өгөөгүйд тэрээр УЕПГ, Дүүргийн Прокурорын 2-р хэлтэс, ЦЕГ, Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс тус бүр нь таван сая буюу нийт 20 сая төгрөгийг төрийн байгууллагын учруулсан гэм хорын хохиролд нэхэмжилжээ. Үүнээс тал нь сэтгэл санааны хохиролын нөхөн төлбөр гэнэ. Хуулийн байгууллагууд мэдээж мөнгө төлөхөөс татгалзаж. Бүгд л тухайн хэрэгт хуулийн дагуу холбогдох ажиллагааг бүрэн авч гүйцэтгэсэн гэж маргажээ. Энэ нь прокурор, цагдаагийн байгууллагыг хариуцагчаар татаж нөхөн төлбөр нэхэмжилсэн анхны хэргийн нэг гэнэ.