Ялалт-70 : Жуков Халхын голд…
Нийтэлсэн: 2015-05-01 04:14:03
1939 он. Халхын олын тулаан эхлэхэд 57-р тусгай корпусын захирагчаар Жуков томилогдон ирсэн. 8-р сарын 15-ны байдлаар түүний мэдэлд 57 мянган цэрэг, 515 онгоц, 542 их буу миномёт, 498 танк байсан нь японы 6-р армиас илт давуу болжээ. Зөвлөлт-Монголын цэрэг 8-р сарын 20-нд дайралтанд орж улмаар японы хүчийг бүслэн бут цохив. Энэ ялалтын улстөр цэргийн ач холбогдол үр дагавар өндөр байсан. Улаан Оросын хүчийг мэдэрсэн Токио дараагийн удаад Америкийн Номхон далай дахь хүч руу довтлохоор болсон. Жуков энэ ялалтын төлөө ЗХУ-ын баатар цолын алтан таван хошуу, Ленины одонгоор шагнагджээ. Сонирхолтой нь Жуков баатарын алтан таван хошуугаар шагнагдсан анхны хүн болж. Өмнө нь баатар цолд таван хошуу дагалдадгүй байжээ. Жуков Монголд онц бүрэн эрхтэй ирсэн. Тэрээр өөрийн үзэмжээр байлдааны цагийн хуулийн дагуу буудан алах эрх оноож харин тайлангаа Москвад илгээдэг л байж. Ирсэн өдрөөсөө эхлэн буудаж эхэлсэн нь Сталины цухлыг хүргэсэн гэдэг. Халх голын тулаан 140 өдөр үргэлжилсэн агаад энэ хугацаанд Жуков 600 хүнд буудан ялах ял оноосон нь өдөрт 5-6 хүн цаазалж байжээ. Ийнхүү хайр найргүй бууддаг харгис дарга ирсэн нь Улаан армийн дайчдыг японы шуурган галын өөдөөс дайрахад хүргэж ялалтын нэг нөхцөл болжээ. Жуковын “Дурдатгал бодол” номонд 1-р армийн бүлэг болж өөрчлөн зохион байгуулагдсан 57-р тусгай корпусын штабын даргын нэрийг ерөөсөө дурдаагүй байдаг. Энэ цаанаа нарийн учиртай хэмээн судлаач В.Суворов бичжээ. Учир нь Халхын голд Японы 6-р армийг бүслэн бут цохих байлдааны төлөвлөгөөг Жуков биш харин штабын дарга нь боловсруулсан гэнэ. 1-р армийн тусгай бүлгийн штабын даргаар 1939 оны 7-р сарын 15-наас 9-р сар хүртэл бригад командлан захирагч М.А.Богданов ажиллаж байсныг маршал М.В.Захаров баталжээ. Харин Жуковын “Дурдатгал бодол” номонд энэ хүний нэр огт дурсагдадгүй аж. Штабын дарга М.А.Богданов л япончуудыг үхтэл нь айлгасан тэрхүү гэнэтийн дайралтаар бүслэн бут цохих гайхамшигт төлөвлөгөөг боловсруулан удирдсан бол Жуковд цэрэг дайчдын дунд зохиогдох нам-улстөрийн ажил, залхаах цээрлүүлэх зэрэг үүрэг л оногддог байжээ. Иймд Халхын голын голын тулааны үеэр Жуков байлдааны ажиллагааг төлөвлөж удирдан зохион байгуулсан гэдэг нь хэтрүүлэг гэнэ.
NUUTS.mn