Байр авдаг ахмад дайчны үнэмлэхээс болж ах дүү хамаатан муудалцсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-04-29 05:12:49
Дайнд оролцогчдын тоо хорвоогийн жамаар цөөрч түүний хамт тэдэнд үзүүлдэг төрийн халамж нэмэгдэхийн хэрээр ахмад дайчны үнэмлэх нь тун чухал баримт бичиг болон хувирчээ. Өдгөө байрны үнэнд хүрэх болсон энэхүү бичгээс болж ах дүү хамтаатан муудалцаж тангараг тасрахдаа хүрсэн гэнэ. Ерөнхийлөгчийн 2008 оны зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу НХХЯ БХЯ хамтран “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох журам батлах тухай” 108/242/193 дугаар тушаалыг гаргасан. Үүний дагуу ахмад дайчид холбогдох баримтуудаа харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлснээр орон сууц олгосон. Энэ орон сууцнаас болж ах дүү хамаатнууд муудалцан шүүхээр маргаанаа шийдвэрлүүлжээ. Талийгаач аавынхаа ахмад дайчны үнэмлэхийг алдсан гэх тал нь “…Миний аав Шаравхүүгийн С нь ХИ13070114 регистрийн дугаартай, 1913 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Тэрээр 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Архангай аймгийн Батцэнгэл сумаас цэргийн албанд татагдаж, 7-р дивизэд минёмотчиноор үүрэг гүйцэтгэсэн. Байлдаанд оролцогч ахмад дайчны №0902 үнэмлэхтэй. 1946 онд Зөвлөлт Холбоот Улсын мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын "Бид ялав" болон бусад ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан. Эдгээр медаль нь зөвхөн дайнд оролцсон хүмүүст олгогдож байжээ. “Амьд ахуй үедээ 1982-1989 оныг хүртэл ахмад дайчны байр хүссэн өргөдлийг бичиг үсэггүйн улмаас үр хүүхэд биднээр уламжлан бичүүлж Улаанбаатар хотын Захиргаа болон ажиллаж байсан газартаа жил бүр өгч байсан” гэжээ. Гэтэл эхнэрийнх нь төрсөн дүү нэр нэгт С-ын С нь аавыг маань нас барсны дараа биднээс ахмад дайчны үнэмлэхийг нь "юм үзээд өгье,автобусанд үнэгүй суух гэсэн юм" гээд гуйж аваад одоо хүртэл өгөхгүй байгаа болохыг ах, дүү, төрөл, садангууд бүгд мэднэ гэж нэхэмжлэлдээ дурдаж. Улмаар гэрт нь очиж аавынхаа ахмад дайчны үнэмлэхийг нэхэхэд охин нь "Та нар яаж ч чадахгүй, чаддаг юм бол хөлөө хүрэх газраа хүртэл заргалдаад яваарай, юу ч олж долоохгүй шүү” гэж хэлээд хөөгөөд гаргасан гэнэ. Нагац ах нь 2003 оноос эхлэн Баянгол дүүрэг, 2009 оноос Баянзүрх дүүргийн Халамжийн хэлтсээс ахмад дайчны тэтгэлэг авч байгаа болохыг Баянзүрх дүүргийн ахмад дайчин хариуцсан халамжийн мэргэжилтэнтэй уулзан тодруулж. Холбогдох материалыг хувилан автал аавынх нь №0902 дугаартай ахмад дайчны үнэмлэхний дугаар таарч байсан гэнэ. Эх хувь нь аавын маань үнэмлэх мөн байснаар барахгүй, цээж зургийг нь өөрийнхөө цээж зургаар сольж наан, наториатаар батлуулан ургийн овгоо хүртэл ижил болгон өөрчлүүлж, ижил нэртэйгээ ашиглан "цэргийн алба хаагаагүй атлаа" улсаас манай аавд олгогдсон байрыг өөрийн нэр дээр авч эх орныхоо төлөө тэмцэж явсан аавын минь зүтгэл болон үр хүүхэд бидний эрх ашгийг ноцтой хохироосон хэмээн заргалджээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн тогтоол гарахад амьд сэрүүн байгаа ахмад дайчинд л байр олгох журамтай гэнэ. Үнэмлэхээ алдсан гэх Ш.С нь 1990 онд нас барсан ч БХЯ-ны лавлагаагаар 1913 онд төрсөн, 21-р хороо, 7-р дивизэд менёмотчингоор үүрэг гүйцэтгэсэн, чөлөөлөх дайны 0902 дугаарын үнэмлэхтэй байсан нь батлагдаж. Мөн 1989 оны 10 –р сарын 8-ны өдрийн Сүхбаатарын районы АДХ-ын Депутатын 21-р хэсгийн депутатуудын хурлын проткол, 0902 дугаартай 1945 оны чөлөөлөх байлдаанд оролцож явсаныг нотлох ахмад дайчны үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар дайнд оролцож явсан нь нотлогджээ. Харин үнэмлэхийг авсан гэх хүний тухайд 1945 оны чөлөөлөх дайнд биечлэн оролцсон дайчдын нэрийн бүртгэлүүдийг шүүн үзэхэд нэр нь гараагүй гэнэ. Түүнээс гадна ургийн овгоо болон эцгийн нэрээ удаа дараа Ш болгон сольж өөрчилж байсан нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбарууд болон бусад нотлох баримтуудаар нотлогдож. Иймд ХАХНХЯ болон БХЯ нь хуурамч бичиг баримт ашиглан ахмад дайчинд төрөөс олгосон орон сууцны дэмжлэгт хамрагдсан байж болзошгүй явдал гарсаныг үгүйсгээгүй гэнэ.
NUUTS.mn