Хуурамч дипломоор хорих 429-р ангид эмчээр ороод эмчилж чадалгүй ялтны амь эрсдүүлсэн хэргийг шүүжээ
Нийтэлсэн: 2015-04-03 03:05:24
ШШГЕГ-ын хэмжээнд сахилга хариуцлага хяналт шалгалт суларсныг харуулсан хэрэг гарчээ. О.Даваасүрэн гэдэг эмэгтэй 2011 онд ЭМШУИС-ийн хүний их эмч, эм зүйч гэсэн мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдүүлэн 2012 оны 4-р сарын 12-ны өдрөөс Хорих 429 дүгээр ангид их эмчээр орж ажиллан байнга ашигласан, эмчийн мэргэжлийн бус байж эмчилгээ эрхэлсний улмаас эмчлүүлж байсан ялтан Э.А нь элэгний хатуурал өвчний улмаас нас барсан гэмт хэрэгтээ шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Тэрээр 2011 онд “Шуурхай зар” сонинд гарсан зарын дагуу холбогдоод Дариа гэх хүнд 2 сая төгрөг өгч хуурамч диплом гаргуулсан. Тэгээд зурагт болон сонингийн зараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд авах зарын дагуу шалгалт өгөөд 21 хоногийн сургалтанд суугаад ажилд орсон гэдгээ хүлээж. Хохирогчын ар гэрийнхэн Э.А-д сүрьеэгийн шинж илэрсэн, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр ирсэн гэдгийг дуулаад Зайсан дахь хорихын эмнэлэгт ирж уулзжээ. Дараа нь Тахир соёот дахь сүрьеэгийн эмнэлэгрүү ачигдсан гэнэ. Тэр үед царай зүс нь зүгээр байсан гэж баталжээ. Дараа нь 429-р хорих ангиас залгаад бие нь муу байна ирж уулз гэжээ. Эмнэлэгт ороход ухаангүй дусал залгуулсан байсан гэнэ. Эмчлэгч эмч нь дэслэгч Даваасүрэн гэж эмэгтэй байсан хэмээн ар гэрийнхэн нь мэдүүлж. Өвчний түүхийг үзье гэхэд та нарт үзүүлэх шаардлагагүй гэсэн гэнэ. Ингээд эрчимт эмчилгээнд оруулсан ч ухаан орохгүй байсаар нас баржээ. Шинжээч эмчийн дүгнэлтээр Хорихын нэгдсэн эмнэлэг болон Хорих 429-р ангид өвчтөн хүлээн авсан тохиолдолд үндсэн болон туслах шинжилгээнүүд /цус шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ/ хийх ёстой байдаг гэнэ. Элэгний хүнд хэлбэрийн эмгэг, элэгний эмгэгийн сэдрэл даамжирч байгаа тохиолдолд элэгний үйл ажиллагааны сорилыг /биохимийн шинжилгээ/ долоо хоногт 1-2 удаа тодорхойлоно. Харин 429-р ангийн эмч Даваасүрэн нь элэгний хатуурал өвчнийг оношлоогүй, шаардлагатай зохих шинжилгээг хийгээгүй байсан гэж дүгнэлтэнд заажээ. Тэрээр хэрхэн хорихын эмч болсон нь сонин. Энэ талаар тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Баттогоо нь Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баттогоо нь 2012 оны 1-р сард Мөнгөн морьт дахь хорих ангийн даргаар томилогдон явсан тул түр даргагүй байсан гэжээ. Үүний дараа тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, хүний нөөц, сургалтын хэлтэс гэж тусдаа салжээ. Захиргаа, удирдлагын даргаар ажиллаж байсан хурандаа Пүрэвсүрэн нь Даваасүрэн гэж хүний өргөдлийг хүлээн аваад, сургалтанд хамруул гэж цохсон байсан гэнэ. Хорихын хэмжээгээр сүрьеэгийн төрөлжсөн эмч дутагдалтай байдаг тул сургалтанд хамруулаад шалгалтанд тэнцсэнийг нь шууд ажилд томилж байжээ. Тухайн үед өргөдөл гаргагчийн өөрийнх нь бүрдүүлсэн мэргэжлийн диплом, өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, бусад баримттай л танилцсан, түүнээс өөрөөр судлах боломж гараагүй гэжээ. Мөн тухайн үед 429-р ангийг Шугархүү гэдэг байцаагч хариуцаж байсан гэж мэдүүлжээ.
NUUTS.mn