Цемент дор нуусан 1256 хайрцаг сумыг Цагааннуурын боомтын гар хоосон гаальчид илрүүлж чадаагүй гэнэ …Б.Цэнгэл даргаа..
Монголын гаальчидыг илрүүлдэг шалгадаг хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл тоноглол, аппаратаар хангасан хэмээн ГЕГ-ын дарга нар ам уралдан ярьдаг. Тэгвэл тэр их мөнгө яг зарцуулах зүйлдээ зарцуулагдсан эсэхийг нарийн шалгамаар хэрэг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтод гарчээ. ОХУ-ын иргэн В.В.Кривакиш, Монгол улсын иргэн С.Марат нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор Н744АН04 /RUS/ дугаартай Камаз маркийн автомашинд ачсан барилгын цемент дотор 62800 ширхэг буюу 1256 хайрцаг “Тоз-8” маркийн бууны 5.6 мм-ийн сумыг нууж, хязгаарласан барааг онц их хэмжээгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэнийг саяхан шүүхээр шийдэн шуугиан боллоо. Тэдний оруулж ирсэн сум нь 68 сая төгрөг хүрэх гэнэ. Гэмт этгээдүүд хуулиар хязгаарласан бараа оруулж ирсэн нь тусдаа асуудал агаад хамгийн гол нь тухайн үед боомтын гаальчид гар хоосон байсанд л асуудал оршиж байна. Бүр гар хоосон гаальчнаа муу шалгасан гээд дараа нь арга хэмжээ авсан байх юм. Боомтын гаалийн салбарыбн эрхлэгч Т.Баярцоожид Гадаадын харьяатын албаны нэг ажилтан сэжиг бүхий ачаа тул сайн шалгах хэрэгтэй гэж сануулсан гэнэ. Ингээд Оросоос цемент ачсан камаз машины ачааны бичиг баримтыг компьютерт оруулж “касс программ “-аар автоматаар шалгах байцаагчийг сонгоход гаалийн байцаагч Баянзул нэр гарч иржээ. Гаалийн эрхлэгч болсон явдлыг ийн мэдүүлж . “Би Баянзулд зөвлөгөө өгөхдөө хаяг амны оёдол зэргийг шалга металл эрэгчээр шалгаад үз гэж хэлсэн, гэхдээ урьд өмнө энэ гар металл эрэгчээр ачаа шалгаж байгаагүй боловч хэрэглээд үзвэл болох болов уу гэхэд Баянзул цэнэггүй байна гэж ирсэн” гэжээ. Бүхэл бүтэн боомтын гааль гар эрэгчтэй агаад яг шалгах болоход цэнэнггүй байж таарчээ. Цааш нь эрхлэгч “ Нэг төрлийн ачааг шалгаад сэжигтэй зүйл илрээгүй бол бүгдийг задлах боломжгүй бөгөөд ямар нэгэн тоног төхөөрөмж багажгүй тул байцаагч нар өөрийн мэдрэмж, ажлын дадлага туршлагаар шалгадаг” гэжээ. Тэгэхээр гаальчид багажаар биш таамгаар шалгадаг болж таарах нь. . “Баянзулыг сайн шалга тэгж ингэж шалгаарай гэж зөвлөгөө өгөөд явсан юм. Миний хувьд мэдсэн, санаатай хил нэвтрүүлсэн зүйл байхгүй албаны боломжийн хэмжээнд шалгалтыг бүрэн хийсэн” гэж нэмж тайлбарлаж. Харин цемент дор сум нуусан “Камаз”-ыг гардаж шалгасан Э.Баянзул нь “Намайг ачаа шалгаж байхад манай эрхлэгч Баярцоож гарч ирээд наад ачаагаа сайн шалгаарай эрсдэлтэй бараа байж магадгүй гэж хэлсэн…металл эрэгчээр шалгах гэж очиж авахад цэнэггүй байсан ба ажиллуулдаг хүн нь ээлжийн амралттай байсан тул цэнэгийг сольж чадаагүй” гэжээ. Гэхдээ тэр металл эрэгч нь хувцас шалгадаг л болохоос ачаа бараанд нэмэргүй эд гэнэ. Ийм л багажыг дарга нар нь гаальчиддаа өгчээ. Мөн Цагааннуурын боомтод том овортой машинтай ачааг шалгадаг рентген болон гүнийг мэдрэх гэх мэт багаж хэрэгсэл байхгүй гэнэ. Иймд арга буюу ууттай цементүүдийг ачигчаар сугалан авч хаяг баглаа боодол доод талын шалгажээ. Маш хүнд дээр нь нил шороо тоос, нунтаг цемент пургисан ууттай цементийг нэг нэгээр нь сугалах нь ямар хүнд байсан нь төсөөлөгдөж байна. Тэгээд ч буцаагаад нааагдадгүй тул задалж үзээгүй аж. Э.Баянзул нь “…гаалийн байцаагч нар ямар ачаа орж ирсэнийг нүдээрээ гаднаас нь ажиглаж үйлдвэрийн баглаа боодлын оёдол өөрчлөгдсөн эсэх, доор нь өөр эд зүйл байгаа эсэхийг төмөр утсаар хатгаж үзэхээс өөр шалгах ямар ч багажгүй” гэжээ. 21-р зууны Монголын гаальчид хатгадаг төмөр утаснаас өөр “багажгүй” нь үнэн юм байна. Гаальчин Ж.Бахытжан нь өнөөх металл эрэгч нь ямар ид шидтэй эд болохыг нүдэнд харагдтал хэлж. “Металл эрэгчийг надад хариуцуулж өгсөн.Намайг амарч байхад нэг удаа ажлаас утасдаж металл эрэгчийн хавчдаг цэнэглэгч хаана байна гэж асууж байсан, цэнэг нь дууссан, цэнэглэх хэрэгтэй гэж хэлэхэд нь би зааж өгсөн.. Энэ металл эрэгч нь хамгийн анхны загвар 2005 онд авсан. Хүчин чадал муутай, зөвхөн хүний хувцасны гаднаас л том металл эдлэл өлгөх зориулалттай бөгөөд нэг ширхэг зоосон мөнгө ч мэдрэх чадваргүй багаж юм. Манайхан хүний хувцасны гаднаас явуулж шалгаж ашигладаг юм. Хүний биед зориулагдсан багаж тул ачаа доторх зүйлийг олох чадваргүй. Хүний халаасанд байгаа жижиг ээмэг бөгж г.м зүйлийг ч олдоггүй багаж тул ачаа шалгаж байсаныг санахгүй байна. Доторх зүйлийг нь гаргаж байж тулгаж үзвэл дуугарч магадгүй. Түүнээс биш хайрцаг баглаа боодлыг гаднаас нь мэдрэх чадалгүй эд” гэжээ. Ийм хогийг хэн хэзээ гаальд шахсан юм бол доо. Харин Э.Баянзулд шалгалт муу хийсэн гээд дарга нар нь арга хэмжээ авчээ.
NUUTS.mn