Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга асан С.Тунгалагийн хуурамч историйн хэрэг -1
Нийтэлсэн: 2015-01-27 06:01:48
Эрүүл мэндийн салбараас илэрсэн томхон дуулианы нэг нь Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга асан С.Тунгалагийн хуурамч өвчтөний түүхээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 200 сая төгрөг ашигласан гэх хэрэг байсан. Тэрээр даргаар ажиллаж байхдаа огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх зардлыг бичин Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан хэрэг буруутгагдан шалгасан. С.Тунгалагийн хэрэг дэгдэх үед дуулиан шуугиан нь тун ч далайцтай өргөн байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас ашигласан гэх мөнгө нь 200 сая төгрөг хүрсэн, бичсэн хуурамч өвчтөний түүх нь хэдэн зуу давсан гээд л шуугиж байсан. Гэсэн ч мөрдөн байцаалт шүүхийн явцад 200 сая биш ердөө 4.3 сая, хэдэн зуун өвчтөний түүх бус харин 73-хан болж буурсан. Хэрэг үйлдсэн санаа зорилго нь ашиглан шамшигдуулах биш харин ч ажил хэргийн чанартай буюу “нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах, ор хоногийн төлөвлөгөө биелүүлж даатгалаас мөнгө авах” гэсэн гээд бараг л салбарынхаа төлөө гэсэн сэтгэлээрээ хийсэн болж таарсан. Гэхдээ хуурамч гэдгийгнь мэдсээр байж байнга ашиглан уг өвчтөний түүхээ нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэсд хүргүүлж улмаар үргэлжилсэн үйлдлээр санхүүжилт авч даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулсан гэдгээр яллагдсан. Мэдээж С.Тунгалаг эхнээсээ аваад хэрэг шүүхээр шийдвэрлэгдэн дуусах хүртэл гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр 2002 оноос хойш Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байгаад 2004 онд ЭМН-ийг хувьчлах үед удирдлагын менежментийн гэрээгээр авч багийн ахлагчаар нь ажиллажээ. Өвчтөний түүхийг эмч нар бичиж тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хянадаг. Дээр нь нийгмийн даатгалын таван байцаагч шат дараалан шалгадаг тул хуурамч өвчтөний түүх орох ямар ч боломжгүй гэнэ. Өвчтөний түүхийг даатгалд эх хувиар нь аваачиж улсын байцаагчийн эрхтэй эмч нар хянаад санхүүжилт олгодог журамтай аж. С.Тунгалаг нь дарга тул өвчтөний түүх бичдэггүй, бичихэд оролцдоггүй аж. Түүний баталж байгаагаар хуурамч гэгдэх 73 түүхийг шалгахад ердөө нэг хүнийг давхардуулсан, 28 хүний нэрээр санхүүжилт орж ирээгүй, 35 хүн нь их засварын үеэр гадуур эмчилгээ хийсэн, 44 хүний санхүүжилт орсон байдаг гэнэ. 2006 онд эмнэлэгт нь их засвар орох үед 21 хүнийг өдрөөр гадуур эмчилж байсан агаад хэвтээгүй хүнийг хэвтсэн хэмээн журнал дээр биччихсэн тохиолдол гарчээ. Тухайн үед тэр нь шалгалтаар илрээд акт тавигдаад төлбөр торгуулийг төлчихсөн шийдэгдсэн хэрэг гэж С.Тунгалаг эмч маргажээ. Хуурамч өвчтөний түүхийн хэрэг мандангуут 11 газраас 45 байцаагч ирж шалгаад намайг буруутай болохыг баталж чадаагүй гэж сөрөг нотолгоо гаргасан гэнэ. Түүнээс гадна эмч нараа ч хуурамч түүх бич гэж тушааж байгаагүй гэж мэдэгджээ. Гэхдээ ЭМН-ийн эмч нар нь даргын тушаалаар бичиж байснаа хүлээжээ. Урьд нь хүлээн авах, дотрын эмчээр ажиллаж дараа нь тасгийн эрхлэгч болсон Б.Тунгалаг нь 2006 оны 6-р сараас эхлэн хуурамч өвчний түүх бичигдэж ирсэн гэжээ. Гэхдээ Тунгалаг дарга өөрөө хэлээгүй, Цэвэлмаагаар дамжуулан огт хэвтэж эмчлүүлээгүй хоосон маягт авчраад хуурамч өвчтөний түүх бичүүлж эхэлсэн гэнэ. Тэрээр өөрийн эмнэлгийн 40 ширхэг түүх хуурамчаар бичжээ. Хэдийгээр эмч нар нь дургүйлхэж байсан ч дарга тушаасан тул арга буюу бичдэг байж. Б.Тунгалагийг ахин хуурамч түүх бичихгүй гэсэн тул 2009 онд ажлаас халсан гэж шүүхэд мэдүүлэг өгчээ./үргэлжлэл бий/
NUUTS.mn