Оросын ирээдүй нефтийн үнээс бүрэн хамааралтай болжээ
Нийтэлсэн: 2014-12-31 04:43:13
Сүүлийн хоёр долоо хоногт Баруун Техасын нефтийн үнэ 85 доллар болсон бол Brent-д нэг баррелийг нь 100 доллароор худалдаж байна. 2012 оны Оросын холбооны төсөвд нэг баррель нефтийг 100 доллароор тооцож оруулсан бөгөөд 115 хүртэл өсөх боломжтой гэж таамаглаж. Нефтийн борлуулалтаас орж ирсэн бүх орлогийг Хобооны алтны санд хадгалдаг бөгөөд үнэ 100 доллароос буувал дагаад рублийн ханш унадаг болжээ. 2012 оны хавар судлаачид Путин сонгуулийн бүх амлалтаа биелүүлэхийн тулд баррелийн үнийг 150 долларт тогтмол барьж байх шаардлагатай гэсэн тооцоо хийж байсан. Оросын Ерөнхийлөгч ч хүртэл үнэ 100 доллароос доошоо унавал төсөвдөө тодотгол хийх болдог гэдгийг хүлээдэг. 2000 онд Путин засгийн эрхэнд гарсаны дараа Оросын эдийн засаг нефтийн үнийн өсөлтийн буянаар эрчимтэй тэлж томорсон. Нефтийн үнийн өсөлт бууралт Оросын Баруунд нийлүүлдэг хийтэй нь шууд холбогддог. Нефтийн үнэ буурвал хийн үнэ нь дагаад унах жишээтэй. 2000 оноос хойш тасралтгүй өсөж байсан хий нийлүүлэлтийн хэмжээ нь 2013 онд оргил үедээ хүрч нийт экспортын 65 хувийг эзэлх болсон. 2008 онд нэг удаа үнэ нь унасан ч дараа жилдээ эргээд өссөн тул Оросын эдийн засагт нөлөө үзүүлж чадаагүй. 2010 оноос хойш үнэ тогтмол өндөр түвшинд байсан тул Оросын эдийн засгийн өсөлтийг хурдассан мэт дүр зураг харагддаг. Тэр жилдээ эдийн засаг нь 4.5 хувийн өсөлттэй байсан бол 2012 онд 3.4 хүртлээ буураад 2013 онд эдийн засгийн өсөлт нь 1.3 хувь буюу зогсонги байдалд оржээ. Үүний учир шалтгаан нь Крым, Украйны асуудлаас болж Баруунтай муудалцаж эдийн засгийн хоригд орсоноос болсон гэдгийг бид мэдэж байгаа. Нефтийн үнэ Оросын төсөв хоёр нягт холбоотой гэдгийг 2014 оны төсвөөс нь харж болно. Энэ төсвийг 2013 оны 11-р сарын 22-нд Дум нь баталжээ. Дараа сарын 2-нд Ерөнхийлөгч Путин гарын үсэг зуран батламжилсан. 2014 оны төсөвд нефтий үнийг 93 доллароор тооцож хийсэн гэж байгаа бол 2015-2016 онд 95 хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн гэнэ. Гэхдээ төсвийн бүх зарлага нь 100 долларын түвшинд хийгдсэн нь өдгөө ил болжээ. 2012 онд Орос нь нэг баррелийг 110, 2013 онд 108 доллароор тус тус борлуулж байсан. Тэгвэл хориг тавихаас өмнө 103 доллар хүрч байсан баррель нефтийн үнэ энэ оны 10-р сараас 86 доллар хүртлээ унасан нь Оросын эдийн засагт жинхэнэ цохилт болжээ. Энэ сарын 3-нд Москва 2015 оны төсвөө баталсан. Ирэх онд нефтийн борлуулалтаас 15.1 их наяд рубль олно гэж оруулсан бол зарлагыг 15.5 их наядаар тооцоолсон гэнэ. Төсвийн алдагдлыг ДНБ-ний 0.6 хувиар, мөнгөний ханшны уналтыг 5.5 хувь гэж тооцоолон доллартай харьцах рублийн ханшыг 38 гэж оруулсан. Тэгвэл ирэх онд нефтийн үнэ 100 доллар хүрэх төлөв харагдахгүй байгаа. Энэ сарын 26-нд Сангийн сайд нь барууны хоригийн улмаас Оросын эдийн засагт 40 тэрбум долларын хохирол учирсан гэж мэдэгдсэн. Тэгвэл нефтийн үнийн уналтаас учирсан хохирол нь дангаараа 100 тэрбум доллард хүрнэ гэнэ. Мөн энэ л шалтгааны улмаас төсвийн алдагдал нь нэг их наяд рубльд хүрсэн болохыг Сангийн сайд нь Холбоны зөвлөлийн хурал дээрээ хүлээн зөвшөөрчээ. Энэ бүхнээс харахад нефтийн үнийн уналт нь барууны хоригоос илүүтэйгээр Оросын эдийн засгийг сүйрүүлсэн аж. Аргагүй байдалд орсон Путин энэ сарын 5-нд зарлиг гаргаж цэргийнхнээс бусад бүх салбарын санхүүжилтийг 5 хувиар танасан ч нэмэр болоогүй. Дэлхийн банкны тандалтаар Оросын эдийн засаг ирэх жил 0 өсөлттэй байх бөгөөд 2016 онд хэрвээ нефтийн үнэ 90 долларт хүрвэл 0.5 хувиар өсөх аж. Нефтийн үнийн уналт хамгийн түрүүнд рублийн ханшийг сулруулжээ. Оросын төвбанк ханшаа барихын тулд 25 тэрбум доллар зарцуулсан ч олигтой үр дүн гараагүй харин ч валютын нөөц нь 90 тэрбумаар багасаж 419 тэрбум доллар болж буурсан. Эцсийн эцэст урдаа барих эрдэмтэд судлаачид нь нефть, хийн үнээс хэт хамаралтай Оросын эдийн засгийн өнөөгийн бүтцийн тухай асуудлыг гаргаж тавихад хүрээд байгаа гэнэ. Путинд 2012 оны сонгуулийн амлалтын биелүүлэхийн тулд асар их хөрөнгө хэрэгтэй ч нефтийн үнэ 80 доллар байгаа цагт тэр нь бүтэшгүй зүйл гэдэг нь нэгэнт ойлгомжтой болжээ.
NUUTS.mn