2014 оны хамгийн их хэрүүлтэй холбоо
Нийтэлсэн: 2014-12-30 02:37:06
Энэ оны хамгийн их хэрүүл маргаан “шүглэсэн” газраар Монголын сагсан бөмбөгийн холбоо тодорч байна. Өдгөө үндсэн холбооноос гадна С.Эрдэнэ сайдын тэргүүлдэг Монголын Үндэсний сагсан бөмбөгин холбоо гарч ирээд нэрээ булаацалдан заргалдсан. Дээр нь Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо гэдэг шинэ байгууллага гарч ирэн бас хэл ам дэгдээжэээ. Энэ их хэрүүл С.Эрдэнэ сайд тусдаа холбоо байгуулангуут УБЕГ нь МСБХ-г улсын бүртгэлээс хассанаас эхэлсэн. Сайд хуучин холбоо сүүлийн есөн жилийн турш дүрмэнд заасан үйл ажиллагаагаа явуулаагүй тул Монголын сагсчдыг төлөөлөх гавьяагүй гэсэн зүйл ярьсан. Харин УБЕГ нь Б.Дамба, Ц.Цэвэрбал нарын гомдлоор МСБХ-г улсын бүртгэлээс хассан хэмээн тухайн үед тайлбарлаж байжээ. Гэтэл Б.Дамба нь МСБХ-г улсын бүртгэлд бүртгүүлэх шийдвэр гаргасан 2005 оны 1-р сарын 12-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр сууж байснаас гадна УБЕГ-д яг ямар гомдол гаргасанаа “санахгүй байна” хэмээн дараа нь ярьж явжээ. Ингээд Монголд МСБХ болон С.Эрдэнэ сайдын МҮСБХ гэсэн хоёр холбоотой болчихоод байгаа. Тэгвэл саяхан “Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо” гэдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гараад иржээ. Сагсан бөмбөгийн спортын төлөө зүтгэх энэ шинэ холбоог МСБХ-ны 2014 оны 3-р сарын 23-ны хуралдаанд оролцож чадаагүй гадуурхагсан нөхдүүд байгуулсан гэх хардлага явна. Учир нь энэ холбоо тус хуралдааныг хууль бус хэмээн үзэж шүүхээр тогтоолгохоор заргалдаад эхэлжээ. Уг хуралдаан нь холбооны ерөнхийлөгч “Хас”-ын Ч.Ганхуяг ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөхтэй холбогдуулан хийсэн ээлжит бус чуулган гэнэ. Холбооны дүрмээр ерөнхийлөгч нь ээлжит бус чуулган зарлах эрхтэй байдаг аж. Ээлжит бус чуулганы урилгыг Монголын эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгч нар, ивээн тэтгэгчид, ахмад үеийн төлөөлөл гээд нийт 197 хүнд квотын дагуу өгчээ. Холбоо нь хатуу гишүүнчлэлгүй тул квот тогтоох замаар ирц бүрдүүлдэг гэнэ. Төлөөлөгчдийн олонхи нь ирсэн тул дүрэмд заасны дагуу ирцийг хүчин төгөлдөр гэж үзэж. Ажиглагчаар Нислэлийн БТСХ-ны ахлах мэргэжилтэн Б.Болдмаа, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг нар суусан гэнэ. Мөн шинээр байгуулагдсан Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооныхон өөрсдөө энэ чуулганд төлөөлөгчөөр суусан, хэлэлцсэн асуудлыг гар өргөн баталчихаад дараа нь чуулганыг хууль бус хэмээн зарлаж явах нь тэнэг хэрэг хэмээн МСБХ эсэргүүцэж байна. Харин шүүгч нар тус ээлжит бус чуулган нь хууль зөрчиж явагдсан тул тамирчид, шүүгч нарын эрх ашгийг хөндсөнөөс гадна холбооны үйл ажиллагааг уналтанд оруулж, сагсан бөмбөгийн хөгжилд чөдөр тушаа болсон гэсэн том дүгнэлт хийжээ. Холбооны удирдлага гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг бүлэг нөхөд хуйвалдаан хийсэн болж таарчээ. Хуралдаанд 97 хүн оролцсоны 13 эмэгтэй байсан гэж холбооныхон баримт гаргаж өгч. Гэтэл яг үнэндээ ганцхан эмэгтэй хуралд оролцсоныг шүүгч нар хариуцлагатай мэдэгдэж. Мөн ээлжит бус чуулган зарласан гэх ерөнхийлөгч Ч.Ганхуягын бичгээр гаргасан тушаал, мэдэгдэл ерөөсөө байдаггүй гэнэ. Хурлын ирцийг хуурамчаар бүрдүүлэхийн тулд зохион байгуулагчид янз бүрийн арга хэрэглэж. Үүдэнд зогсож байсан хамгаалалтын ажилтанд хүртэл саналын хуудас өгсөн байсан гэнэ. Энэ мэт аргаар 97 хүнд хүргэсэн болохоос яг үнэндээ 95 хүн л оролцсон, ирц бүрдээгүй байсан аж. Ийнхүү сагсчид энэ жилийг хамгийн их хэрүүлтэй өнгөрөөжээ.
NUUTS.mn