Баавар Цагдан хорих 416-р ангийн хянагч нарыг “эрүүгийнхнээр алуулна” гэж заналхийлжээ-2
Нийтэлсэн: 2014-12-30 01:26:33
. Бааварыг камерт хийсэн мөн гав дөнгө зүүсэн тухайд хянагч нар эрх бүхий даргаасаа зөвшөөрөлгүй аваагүйн дээр мэдэгдээгүй гэдгээрээ албаны ноцтой зөрчил гаргасан болж таарчээ. Ээлж хүлээлцэх үедээ гүйцэтгэх ажил хариуцсан дэд дарга, төлөөлөгчдөө хүртэл танилцуулалгүй хаяж. Түүнээс гадна гав зүүсэн тохиолдолд 10 минут тутамд ирж чангарч байгаа эсэхийг нь шалгах үүрэгтэй байдгаа ч биелүүлээгүй гэнэ. Баавар камерт нэг хоноод өглөө нь цай түгээх үед гарыг урьд гавлаад өгөөч, хоол цай идэж болохгүй байна гэж хянагч Ганбаярт хэлсэн ч тоолгүй явж. Улмаар гарынх нь өвчин тэсвэрлэхийн аргагүй болох үед гав ороосон зөөлөвч давууг нь түлчихвэл сулраад хавчих нь арай гайгүй болох болов уу гэж бодож. Ингээд асаагуураа гарган асаахад гэнэт гал алдан хувцас нь ар нуруунаас нь эхлэн шатаж гарчээ. Хажуугаар нь орон дээр байсан хөнжилд нь гал бас авалцаж байж. Гал нуруу, гарын шууг нь хүчтэй түлж эхлэхэд өвдөж зовохдоо тусламж дуудан орилж хашгиртал хэн ч ирсэнгүй. Удах тусам гал дүрэлзэж амь тэмцэхдээ гал авалцсан ор дэвсгэрийг нуруугаараа налж унтраах гэсэн биш хананы зөөлөвч болох шатамхай материалд гал авалцуулжээ. Шатамхай материал тэр дороо л маш хурдан дүрэлзэн шатаж. Хажуугийн камерийнхэн гал гарлаа, шатаж үхлээ гэх хүний амь тэмцсэн дууг сонсож. Эцэст нь хянагч нар ирж камерийн хаалга онгойлгох үед агаарын солилцоо явагдсанаас галын хүч улам ихэссэн хэмээн галын дүгнэлтэд бичигдэж. Хянагч Ганбаярыг камерийн хаалга онгойлгоход өөдөөс нь гал дүрэлзэн тургихад хойшоо ухарсан гэнэ. Бааварын биед толгой, чих хүзүү, мөр цээж нурууны түлэгдэлт нь А зэргийнх гэж гарсан бөгөөд нийт биеийнх нь 20 хувь түлэгдсэн гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Тэрээр Монгол болон Солонгосд нийтдээ таван удаагийн арьс нөхөх хагалгааг хийлгэж 80 гаруй сая төгрөг зарцуулсанаа баримтаар шүүхэд гаргаж өгчээ. Одоо ч гэсэн Солонгосд түлэгдэлтийн дараахь нөхөн сэргээх эмчилгээг үе шатттайгаар хийлгэсээр байгааг өмгөөлөгч нар нь мэдэгдэж. Хэрэг гарсаны дараа Бааварт Цагдан хорих 416-р ангийн камер буюу тусгаарлах өрөөг галдан шатаах гэсэн ял тулгажээ. Галын улмаас уг өрөөнд 479 мянган төгрөгний хохирол учирсан байсныг Бааварын талынхан нөхөн төлж өгч хохиролгүй болгосон гэнэ. Шүүх бүрэлдэхүүн хэрэг гарсан шалтгаан нөхцлийг дүгнэж үзээд бусдын эд хөрангийг галдан шатааж устгах санаа зорилготой байсан нь хангалттай нотлогдлоогүй гэсэн дүгнэлт хийж. Түүнээс гадна камерийн өрөөний ханыг амархан шатдаг пролон материалаар доторлосныг мэдэх боломж байгаагүй гэж өмгөөлөгч нар нь баталсан тул анхан шатны шүүхээс оноосон 3.5 жилийн хорих ялыг хүчингүй болгож шүүх танхимаас шууд суллажээ Хэдийн ээлжийн ахлагч нь зөрчил гаргасан хүмүүжигчийг 72 цаг тусгаарлах эрхтэй ч энэ тухайдаа дээд шатны удирдалгадаа мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй байжээ. Гав дөнгө зүүх тухайд ч нарийн журам мөрддөг гэнэ. Баавар ч зарим талаараа буруутай нь тогтоогдож. Хэрэг гарахын урд өдөр хоригдлуудыг усанд оруулах үед бусадтай зодолдож нэгнийх нь толгой руу нь түмпэнгээр цохьсоноос гадна хянагч нарын шаардлагыг эсэргүүцэж амиа хорлоно гэх мэтээр аашилснаас камерт оржээ. Гэхдээ амиа хорлоно, дүүжилж үхнэ гэх мэтээр хянагч нарыг айлгасан, заналхийлснээ тэрээр хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх Цагдан хорих 416-р ангийн хамгаалалтын албаны дэд дарга Б.Өлзийбат, төлөөлөгч Э.Тамир нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнээд тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин Бааварыг камерт шилжүүлсэн, гавлаж дөнгөлсөн ээлжийн ахлагч Х.Жигдэндандан, хянагч Д.Батболд, Б.Цоггэрэл нарт нэг жилийн хорих ял оноогоод тэнсэн харгалзжээ.
NUUTS.mn