“Тэнгри групп”-ын захирал Д.Анхбаяр 12.3 тэрбумаар ашигт малтмалын 30 лицензи худалдан авчээ-2
Нийтэлсэн: 2014-12-11 01:29:22
“Уулстрейд”, “Чогнон хайрхан” гэдэг хоёр компаний нэр дээр байсан гурван тусгай зөвшөөрөлд 600 мянган доллар хаяжээ. 550 мянган долларыг лицензийн эздэд нь өгсөн бол 50 мянган долларыг нь зуучлагч нар нь авсан гэнэ. “Ричфлюрит” компанийг бас л тусгай зөвшөөрөлтэй нь хамт 300 мянган доллароор өөрийн болгожээ. Гэхдээ тэр бүрийд бэлэн доллар өгөөд байдаггүй байж. Өмнөговь аймгийн Номгон суманд дөрьвөн тусгай зөвшөөрөлтэй “Тундеклап” компанитай байраар наймаа хийж. Дөрвөн тусгай зөвшөөрлийг нь аваад оронд нь Бөмөгөр худалдааны төвийн урд талын таван давхарын 620м2 байрыг өчгчээ. “Сод газар” компаниас Дундговь аймгийн Эрдэнэдалай сум дахь нүүрсний гурван хайгуулын талбайг нь нэг сая доллароор авсан гэнэ. Гэхдээ 900 мянгыг нь бэлэн өгөөд үлдсэн 100 мянган доллард нь “Бенц GL-450” “Ауди KY-7” машин оролцуулан төлж дуусгажээ. “Тэнгри групп” холдингийн захирал Д.Анхбаярын лицензийн наймааны нэлээд хэсгийг компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Отгонболд гардан хийж гүйцэтгэжээ. “Самбуунаран” компаний захирал түүнд 20 мянган долларын өртэй байж. Тэр өрөндөө Говь-Алтай аймгийн Цээл сум дахь дөрвөн ч хайгуулын лиценз өгсөн гэнэ. Уг талбай нь нөөц ихтэй байсан тул “Самбуунаран” компаний захирал “Тэнгри”-гээс нэмж 30 мянган доллар, “Гранд-2 марк” машин авчээ. Зарим тохиолдолд ашиг хуваах нөхцөлөөр Д.Анхбаярт тусгай зөвшөөрлөө өгдөг байж. Энэ нь олборлолт явуулаад олох ашгийг нь хуваахаар тохиролцдог гэнэ. Ийм нөхцлаар “Таван манхан трейд” компани гурван ч лицензээ олорборлолтоос хувь хүртэж ашиг хуваах гэрээгээр “Тэнгри групп”-д өгч. Ийнхүү Д.Анхбаяр 12.3 тэрбумын лицензийн наймаа хийжээ. Тусгай зөвшөөрөл худалдан авахад буруудах зүйл байхгүй ч хууль тогтоомжийн дагуу орлогийн албан татварыг нь суутган аваад төсөвд шилжүүлэх ёстой байж. Гэсэн ч энэ үүргээ биелүүлсэнгүй. 12.3 тэрбумын наймаанаас “Алтантэвш” компанийг тусгай зөвшөөрлтэй нь хамт худалдан авахдаа л 375 сая төгрөгийн албан татварыг нь суутган аваад бусдыг нь огт төлөөгүй байжээ. Мөн тусгай зөвшөөрөл худалдан авсан, компани нэр дээрээ шилжүүлсэн ажиллагаа нь ямар ч бичиг баримтгүй явж иржээ. Байгаа хэдхэн гэрээ нь ихэнх нь 1-3 сая төгрөгөөр харин цөөн хэд нь арван саяар худалдан авснаар тусгасан байсан гэнэ. Гурван сая төгрөгийн үнэтэй хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг гэдэгт хэн ч итгэхгүй нь мэдээж. Хамгийн сүүлийн мэдээллээр “Тэнгри групп” холдингийн захирал Д.Анхбаяр нь нийтдээ 14 компаниас 30 ширхэг хайгуулын болон ашиглалтын лиценз худалдан авсан хэмээн тогтоогдоод байгаа гэнэ. Харин Д.Анхбаярд тусгай зөвшөөрлөө зарсан компанийхан мөрдөн байцаалтанд бүгд өөрсдийгөө хамгаалжээ. Тэдний хэн нь ч лиценз зарсанаа хүлээсэнгүй, харин цөөн хэд нь бэлэглэлийн гэрээгээр компаниа шилжүүлсэн гэдгээ л хүлээж. Ихэнхи нь өр зээлэнд орчихоод л аргагүй буюу мөнгөтэй хүнд компаниа шилжүүлсэн гэж булзааруулжээ. “Уулстрейд” компаний захирал Дорнод аймагт барилга барьж байгаад хөрөнгө оруулалт маягаар Д.Анхбаяраас мөнгө авсан гэсэн бол “Жоншт газар” компанийхан уул уурхайн тоног төхөөрөмжийн өрөндөө л компаниа шилжүүлсэн гэж мэдүүлжээ.