ШҮҮХ БОЛОН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ЯВУУЛЖ БАЙГАА ЦАГТ АРДЧИЛАЛ, ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ
Нийтэлсэн: 2013-05-17 03:57:26
Өмгөөлөгч П.Сарантуяа би Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй хэд хэдэн хэрэгт оролцож байсан ба одоо ч тэнд шалгагдаж буй иргэдэд туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа билээ.
АТГ нь хэтэрхий Улс төрийн нөлөөнд орж, хүнийг “хэлмэгдүүлэх”-д мэргэшсэн, аль нэг намын “даалгавар”-ыг биелүүлэгч байгууллага болсон юм шиг санагдах боллоо. АТГ-ын шаардсан “хүссэн” болгоныг шүүх, прокурор ч биелүүлдэг тодруулбал АТГ нь энэ хоёр байгууллагын “дээд байгууллага” болж тэдний эрх мэдлийг нь зүгээр ашиглаж өөрийн зорилгоо биелүүлдэг гэхэд хилсдэхгүй болжээ.
АТГ нь хүнийг “хорихгүй” л бол ажлаа хийх чадваргүй. Гүйцэтгэх ажиллагаа нэрийн дор аавыг хүүтэй нь, нөхрийг эхнэртэй нь, ахыг дүүтэй нь, даргыг цэрэгтэй нь хорино, эргэлт уулзалтын зөвшөөрөлийг өгөхгүй ар гэрийнхэнийг нь хавчина, гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй иргэнийг хорих хорихдоо бүр камер, шоронг сольж “эрүүдэн шүүлт”-ийн хэлбэрийг хэрэгжүүлнэ өөрөөр хэлбэл залхааж айлган сэтгэл санааг нь хохироож байж л энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг нь бүхэнд ил.
Гэтэл Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэн ч бай гэр бүлийнхэнтэйгээ уулзах, эргэлт авах, өмгөөлөгчтэйгээ уулзан цаг алдалгүй зөвлөлгөө авах зэрэг олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан эрхтэй бөгөөд энэ эрхээ баталгаатай эдлэх ёстой.
Цагдан хорих байрыг сольж буй үйлдэл нь эрүү шүүлтийн хэлбэрт хамаардаг бөгөөд хүний сэтгэл санааг шаналган зовоох шинжийг агуулсан үйлдэл мөн билээ.
Мөн олон улсын конвенцид зааснаар бол цагдан хорих байранд гарч болзошгүй эрүүдэн шүүх явдалд хяналт тавих, түүнээс урьдчилан сэргийлэх, хоригдож байгаа этгээдээс гаргасан санал, гомдол хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Прокурорын зөвшөөрөлөөр хорих газрыг сольж шилжүүлэхээр бичигдсэн байдаг юм билээ. Харин манайд “эрүүдэн шүүлтийн” хэлбэрээр прокурор, шүүх АТГ-ын мөрдөн байцаагч нар хоригдож буй этгээд болон түүний өмгөөлөгчид мэдэгдэлгүйгээр “ар хударгаар” хорих газрыг сольж байгаа нь үнэхээр аймшиг.
Өмнөх хорих газруудад “эрүүдэн шүүх явдал буюу дарамт их байсан юм болов уу” эсвэл сэжигтэн тэндээс “оргох” гээд байсан юм болов уу.
НҮБ-ын Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогцын 20-р зарчим нь “Хэрэв саатуулагдсан буюу хоригдсон этгээд хүссэн хийгээд боломжтой бол түүний байнга оршин суудаг газарт нь ойр дөт орших саатуулах буюу хорих газарт байлгана” гэж заасан байдаг байна.
АТГ болон манай шүүх хорих газрыг солихдоо улам бүр хотоос хол нөхцөл муутай газарт шилжүүлж байгааг юү гэж ойлгох вэ.
НҮБ-ын Хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрмийн 6-р зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн өмнөх шатанд хорьж саатуулахаас зайлсхийж, хорьж саатуулахыг орлох бусад арга хэмжээг боломжийн хэрээр аль болох эхэлж хэрэглэнэ” гэсэн байхад манайд эсрэгээр хоригдсон хүнийг заавал хориотой чигээр шүүхэд өгдөг нь эрүү шүүлтийн бас нэг хэлбэр ч гэж үзэхээр байна.
Манай хуулийнхан баривчлах болон цагдан хорих үндэслэлээ “хүнд гэмт хэрэг үйлдсэн, оргон зайлж болзошгүй” гэсэн тайлбарыг бичдэг боловч яг яаж оргон зайлах үйлдэл гаргасан болон саад учруулах гээд байгаагаа нотлож чаддаггүй.
Уг нь бол сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие хувцас орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт ул мөр илэрсэн буюу оргон зугтахыг завдсан, урьд нь оргож эрэн сурвалжлагдаж байсан, гэрч хохирогчоос сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан хаана оршин суудаг хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй бусдын амь бие, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулах магадлалтай шалтгаанаар баривчлах болон цагдан хорих арга хэмжээг хэрэглэх ёстой билээ.
Анх АТГ байгуулагдахад бүгд л улс орон маань авлигаас ангид байх нь гэж баярлацгааж байсан билээ. Даан ч харамсалтай нь ийм хачин газар болно гэж санасангүй.
Хэн нэгэнд саад болсон этгээдэд эхлээд маш олон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хэн ч харсан үнэхээр аймшигтай “том” хэргийг илрүүлж гэж харагдахаар. Ингээд л толгой дараалан хорьж гарна даа. Тэгсэн мөртлөө хоригдсон этгээдээс “би ямар хэрэг хэзээ хаана үйлдсэн юм бэ” гэж ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийнхээ дагуу асуухаар “чамд асуух эрх байхгүй “ гэж хариулан сүр хүчийг үзүүлдэг. Шүүх ч ямар хэрэг хэзээ хаана үйлдсэнийг нь дурьдалгүйгээр хүнийг хорьж захирамж гаргаж байгаа нь хэлмэгдэл биш гэж үү.
Сүхбаатар дүүргийн шүүгч С.Олзод, С.Соёмбо-Эрдэнэ нар нь “зөв сэтгэж” чаддаггүй, ямар ч мэдрэмжгүй тэр тусмаа шүүгч хүнд заавал байх “торгон мэдрэмж” байдаггүй нь тэдгээрийн чадварын тухай ярихын ч хэрэггүй биз.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлд шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд өөртөө нь холбогдсон шүүн таслах аль ч ажиллагаанд биеэр оролцох эрхтэй болохыг дурьдсан байдаг байна. Өөрөөр хэлбэл хоригдож буй этгээд өөрийг нь “баривчлах, цагдан хорих “ шүүх хуралд оролцох ёстой байдаг юм байна. Харин манайд бол дээр дурьдсанаар өөрт мэдэгдэх нь битгий хэл өмгөөлөгчид нь ч мэдэгдэхгүй “хуйвалдаан” аятай ажиллагаа явуулж хүн хохироодог.
Бас нэг манайхаас бусад улс орнуудад байдаг “хүнийг дээдэлсэн” зүйл бол шүүгч нар нь хорих газраас ирсэн хүмүүсээс үргэлж тэдэнд яаж хандаж байсан талаар болон ямар нөхцөлд хоригдож байсан талаар асууж тодруулан, тэднийг эмнэлэгийн үзлэгд хамруулдаг байх юм.
Өмгөөлөгч би АТГ-т шалгагдаж буй нэгэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд энэ бүх зүйлийг нүдээр харж биеэр мэдэрч ямар аймаар үйлдлүүд тус газар явуулж байгаатай нь эсэргүүцэж зарга үүсгээд ч барахгүй байгаадаа, “өмгөөлөгч” өчүүхэн амьтан байгаад үнэхээр дургүй хүрч байна.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч нар АТГ-ын хууль бус ажиллагааг эсэргүүцэн олуулаа тэмцэж байсан нь зөв байж дээ л гэж бодогдож байна даа.
Мөн нэгэн өрөвдөлтэй ажиллагааг нь хэлэхэд “эсрэг сонирхолгүй” нэгэн эмэгтэйтэй миний бие уулзсаны төлөө тэр эмэгтэйг АТГ-ын мөрдөн байцаагч Жаргалбаатар гэгч нь “дахин энэ өмгөөлөгчтэй уулзвал чамайг хорино” гэж айлган сүрдүүлсээр байх юм. Хоёр авгай уулзсанаар АТГ хэргээ шалгаж чадахаа больчихоод байгаа юм болов уу. Тэр эмэгтэй надтай уулзахдаа “ямар ч хэрэг би хийгээгүй яагаад надад миний мэдэхгүй олон эрүүгийн зүйл ангиудыг тулгаад байнаа” л гэж асуусан би “учир нь олдох байлгүй дээ” л гэсэн. Иймэрхүү яриа л бидний дунд болсон доо. АТГ нь хоёр авгай уулзаж байгаа эсэхийг тагнахаас өөр хийх ажил алга уу.
Хамгийн зөв шударгаар бусдыг хохироолгүйгээр үйл ажиллагаа явуулах байгууллага буюу хуулийн байгууллагууд ингэж бусдын эрхийг зөрчсөөр байхад ямар юмных нь хуулийн шинэчлэл, ардчилал байхав дээ.
Авлигатай тэмцэнэ гээд байгаа энэ газар болон шүүх нь цаашдаа энэ чигээрээ байх юм бол өнгөрсөн түүхээ давтаж олон хүнийг хэлмэгдүүлэн хохироохнээ.
Үнэхээр шударга үнэнийг тогтоож энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулахыг хүсч буй хүн бүхэн АТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавихгүй бол бид бүгд хэлмэгдэн хохирох болно шүү.
Үнэнийг бичсэн өмгөөлөгч П.Сарантуяа