Нууц мэдээллийн уурхай

Б.Лхагважав: ХАН УУЛ Дүүрэг бол хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа ЭРДЭНЭСИЙН САН

Нийтэлсэн: 2012-11-18 18:58:25

Орон нутгийн сонгууьд Хан уул дүүргийн МАН-аас нэр дэвшигчдийг тэргүүлэн оролцож байгаа МАН-ын Бага хурлын гишүүн, Үндэсний Соёмбо Хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавын ярилцлагыг толилуулж байна.

- УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсныг тань санаж байна. Яагаад орон нутгийн сонгуульд оролцох болсон шалтгаанаа тодруулж өгөхгүй юу?
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн байдал болон Хан-Уул дүүргийн иргэдийн дунд манай намаас судалгаа хийсэн юм билээ. Энэ судалгааны дүнг үндэслэн хэрвээ МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд Хан уул дүүрэгт өрсөлдөх багаа Лхагважаваар тэргүүлүүлж орвол их хэрэгтэй юм гэдэг агуулгаар хандсан. Тийм учраас намынхан надад санал тавьж, тэрийг нь миний бие хүлээж авсан.
- Орон нутгийн сонгуульд нэг их ач холбогдол өгдөггүй байх үеээс л Та орон нутгийг бие даалгах тухай олон удаагийн ярилцлагууддаа хөндсөн байдаг. Энэ чухам ямар учиртай талаар тайлбарлана уу?
Орон нутгийн өөрөө удирдах ёс гэдэг бол нэг ёсондоо төвлөрлийг сааруулж болох хамгийн боломжит сонгодог хувилбар юм. Бидний 1992 оноос өмнөх систем бол төвлөрсөн систэм байсан. Төвлөрнө гэдэг нь бол нэг үгээр, төр нь хүртэл нам дээр төвлөрч байсан гэсэн үг. Тиймээс нийгэм өөрчлөгдөх үед буюу 1992 оны шинэ Үндсэн хуулиар энэ байдлыг аль болох задлах, төвлөрлийг сааруулахаар Үндсэн хуулийн 4-р бүлэгт зохицуулалтыг суулгаж өгөхийг хичээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төвлөрлийг сааруулах сонгодог жишээ нь орон нутгийн өөрөө удирдах ёс буюу нийтийн засаглал юмаа гэдгийг заагаад өгсөн байдаг. Нийтийн засаглалыг хөгжүүлж байж, төрийн засаглалын төвлөрөл саардаг. Тиймээс л би нийтийн засаглалыг хөгжүүлэх ёстой гэсэн байр суурийг байнга илэрхйилж ирсэн, энэ ч үүднээсээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцооч гэсэн намын саналыг дуртай хүлээж авсан.
- Бас нэг тодруулж асуумаар зүйл нь орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэлийн дарга нарыг томилдог гэж иргэд сонгогчид хялбарчилж ойлгодог тал бий. Энэ хэр зөв дүгнэлт вэ?
Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль гэдэг бол төрийн нэгжийг байгуулах тухай асуудал биш юм. Сая сонгуулийн сурталчилгааны явцыг харж байхад буруу жишиг манайд харагдаад байна. Өмнө нь ч тийм байсан. Орон нутгийн сонгуулийн гол ач холбогдол нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах явдал.
Энэхүү төлөөлөн удирдах байгууллага хэр зэрэг хүчтэй байна, тэр хэмжээгээр улс нь хүчирхэг байдаг. Энэ асуудал нь одоо л гарч ирж байгаа юм бишээ. Аль дундад зууны үе 1800 аад оны эхэн үед, ялангуяа феодалын нийгмийн үеэс эзэн хаанд төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд капиталистууд орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг олноор бий болгосон нь одоогийн бизнесийн, мэргэжлийн, нутгийн гэх мэт байгууллагуудын бие даан хөгжих үндэс болжээ.
АНУ гэхэд нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн дээр бий болсон улс. Нутгийн удирдлагын сонгодог жишээ хэмээн яригддаг. АНУ нутгийн өөрөө удирдлагын системийг гайхалтайгаар зөв бүрдүүлсэн. Цөөхөн хүн амтай нэг хотын тухайд гэхэд л тэдний хүн ам, газар нутгийн эрх ашиг хамгийн нэгдүгээрт тавигддаг. Энэ зарчим сайн шингэж, өөрөө удирдах байгууллага сайн хөгжсөнөөр АНУ дэлхийн хамгийн хүчирхэг улс гүрэн болж хөгжиж чадсан.
Манай Үндсэн хуульд ч гэсэн энэхүү нутгийн өөрөө удирдлагын санаа сайн шингэсэн. Үндсэн хуулийн 3-1 д байгаа. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж зааж өгсөн байдаг. Энэ засгийн эрх нь хоёр үндсэн байдлаар хэрэгждэг. Нэг нь төрийн засаглал. Төрийн байгууламжийн дагуу УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч. Нөгөө нь нийтийн засаглал. Энэ нийтийн засаглалын хамгийн сонгомол хэлбэр нь ИТХ юм. Энэ хоёр засаглал ардчилсан Үндсэн хуулиар бол эн тэнцүүхэн явж байхаар хуульчилсан байдаг ч өмнөх нийгмийн үед төрийн засаглал нь бүх үйл явцыг удирддаг байсан тэр жишгээсээ гарч чадахгүй байсаар жинхэнэ утгаараа хөгжихгүй зөвхөн төрийн засаглалынхаа далбаан дор явж ирлээ. Энэ нь эргээд намууд бүх засаглалд эзэн суух байдалд хүргээд байгаа юм.
- Энэ удаагийн орон нутгийн сонгуульд танай баг жишиг тогтооно гэж амлаж байгаа?
Одоогийн байдлаар бол ИТХ нь хүний нам, өөрийн нам, хөдөө гадаа гэлтгүйгээр ерөнхийдөө унтаа байгууллага байдаг. Засаг даргаа томилдог, төсөв баталдаг, жилд хоёрхон хуралддаг, өөр ажил байдаггүй мэт. Гэтэл ИТХ нь газар нутгийн жинхэнэ эзэд нь байж, тэдний төлөөлөл болж чадах ёстой. Тйимээс бид Хан-Уулд жишиг тогтооё гэж байгаа юм. ИТХ гэж юу вэ, ямар эрх мэдэлтэй вэ, газар нутаг хүн арддаа яаж үйлчлэх вэ, юунд хүрч чадах вэ гэдгийг бид харуулна. Үндсэн хуулийн 4-р бүлгийг амилуулахын тулд ИТХ –ыг яг юу хийж, яаж ажиллах ёстойг бид харуулж ажиллана.
- Үүний тулд хүчтэй, шинэлэг баг хэрэгтэй байж таарна, танай багийн онцлог гэвэл?
Монгол Ардын Нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд олон шинэ ажлуудыг тусгасан мөрийн хөтөлбөртэйгээр оролцож байна. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багийн систем хэрэгтэй. Тиймээс МАН Хан Уул дүрэгт иргэдийнхээ төлөө ажиллах чадвартай, энэ дүүрэгтээ он удаан жил ажиллаж, амьдарсан нэр дэвшигчдийг сонгож оруулсан байгаа. Жагсаалтыг миний бие тэргүүлж, ардын зохиолч Ш.Сүрэнжав, Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан гуай нарын ахмад, туршлагатай, олонд үнэлэгдсэн нэр дэвшигчидтэй. Мөн чадалтай залуусыг түлхүү оруулсан. Манай баг төр засаг, УИХ, намаас хараат бус байж чадах тэнхээтэй . Тиймээс хэн гуайн ч өмнө айж бэргэлгүй, Үндсэн хууль болон бусад хуулиар хориглоогүй тэр бүхнийг хийж чаднаа гэж үзэж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал НАМЛАГ биш ИРГЭНЛЭГ байх ёстой.

- Нөгөө талаар ИРГЭН Лхагважав иргэдийн төлөөлөгчдийн хуралд ороод юу хийж чадах вэ гэдгийг сонгогчид их сонирхож байгаа нь лавтай. Энэ талаар та өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?
Хүчтэй багийнхаа хамтаар дүүргийнхээ асуудлыг орон нутгийнхаа эрх мэдлийн хүрээнд, хамтдаа шийднэ. Үүний төлөө ИТХ -ыг хэрхэн ажиллуулж болохыг харуулнаа гэж хэлмээр байна. Аль ч газар ИТХ намд идэгдсэн байгаа. Иргэдийн хуралд төлөөлөгчдийг гаргаж ирж байгаа тэр процесст нам өөрийн мөрийн хөтөлбөртэйгээр оролцож, өөрсдийн төлөөллийг гаргаж ирдэг. Дараа нь бол нам зайгаа барих ёстой. Ардчилсан нам өмнөх сонгуульд ялалт байгуулсан ч ИТХ-д нам нь дэндүү их оролцсон учраас намын хэрүүл, биенээ үгүйсгэсэн хоёр даргын будлиан нь ИТХ даа муугаар нөлөөлж, хоёр тусдаа хуралддаг байдалд орж байсан гашуун туршлагыг манай Хан-Уулын сонгогчид мартаагүй л байгаа.
Бид ИТХ-г бүрдүүлэхдээ Ардын намын мөрийн хөтөлбөрөө олонд таниулж сонгогдоно. Тэгэхдээ ИТХ гэдэг бол намын төлөөний байгууллага биш учраас, дүүргийн иргэдийн төлөөлөл болж ажиллаад эхлэхээрээ намаасаа ангид, зөвхөн иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллана шүү. Хэрвээ бид ингэж чадвал илүү амжилтад хүрнэ, энэ нь эргээд манай намын нэр хүнд шүү дээ гэдэг дээр намын удирдлага болон ИТХ-д нэр дэвшигчид ижил байр суурьтай байгаа. Энэ зарчмыг бид анхнаасаа ярьсан, ингэж ажиллана.
Ер нь ч Иргэн Лхагважав миний биеийг 1-рт жагсааж байна гэдэг бол ИТХ –г иргэнлэг байх ёстой гэсэн зарчмыг нам хүлээн зөвшөөрсний том илэрхийлэл гэж олон нийт харж байгаа. ИТХ нь НАМЛАГ биш ИРГЭНЛЭГ байх тусам асуудлыг өргөн хүрээтэй, зөв шийдэж чадна.
- Хотын дүүргүүдэд адилхан бэрхшээл бий, газрын маргаанаас гадна зөвшөөрөлгүй барилгын асуудал. Нийслэлийн шинэ Засаг дарга олон барилга, байшинг нураана гэдгээ мэдэгдсэн. Үнэхээр ийм үйл явдал болох болов уу?
Бат-Үүл дарга маш олон байшин нураана гэж амлаад байгаа. Гэтэл яг шүүхийн шийдвэр гараад нураахаар шийдвэр гаргасан барилга Улаанбаатарын хэмжээнд ганцхан л бий. Тэр нь манай Хан-Уул дүүргийн 1-р хороонд буй АПУ- гийн хойно байрлах нэг том зочид буудал. Ард талын байшингийн цонхыг хааж барьсан нь оршин суугчдын эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр нураагдах шалтгаан нь болсон байдаг. Энэ барилгын асуудлаар эхлээд нэлээд олон хүн тэмцэж байгаад, сүүлдээ нэг л эмэгтэй тэмцлээ үргэлжлүүлэн үлдэж, тэрээр 3 жил явсан. Тэр эмэгтэй сүүлдээ хүчин мөхөсдөөд манай “Үндэсний соёмбо” хөдөлгөөнөөс тусламж хүсч, манай хөдөлгөөний хуульч нар хамтран дахин гурван жил тэмцсэний эцэст Дээд шүүхийн шийдвэр гаргуулсан. Гэтэл тэрнээс хойш, Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан ажлаа хийхгүй хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ жишээг би яагаад хэлэв гэхээр, Хан Уул дүүрэгт хамааралтай энэ том асуудал өнөөдөр “иргэний маргааны” хэмжээнд л явж байна.
Нөгөө талаас байшин барьсан компани ямар тайлбар хэлдэг гэхээр, анхнаасаа орон нутгийн удирдлага бидэнд яагаад буруу шийдвэр гаргаж өгсөн юм, захиргааны буруу шийдвэрийнхээ хохиролд 7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өг, бид тэгвэл байшингаа нурааж болж байна гэж хэлдэг.
Угтаа бол энэ маргаан нэг иргэний асуудал биш. Нийтийн эрх ашгийн асуудал. Иргэний хөдөлгөөнүүд иймэрхүү нийтийн эрх ашгийг зөрчсөн олон асуудлаар олон маргаанд оролцож байсан. Шүүхийн шатанд шийдэгдсэн ганцхан жишээ нь энэ. Гэтэл нийтийн эрх ашиг зөрчигдсөн энэ мэт асуудал иргэний маргаан шийдвэрлэх замаар явахад бүхэл бүтэн зургаан жилийг зарцуулж байна. Ийм байдлаар хэдэн зургаан жил өнгөрөхөв. Яг ийм байдлыг зогсоож чадах хүчтэй газар нь ИТХ. Хурлын шийдвэр гаргаад дор дор нь шийдээд явах ёстой байсан. Тэгээгүй.
Хан-уулчуудын бас нэг том асуудал бол Шувуун фабрикийн замын асуудал. саяхнаас төсөвт 22 тэрбум төгрөг тусгаж зам засахаар боллоо. Гэтэл энэ ажлыг аль дээр үед буюу, хайрганы карьеруудыг байгуулж байхдаа л замаа та нар өөрсдөө барьж засч бай гээд л шийдэж болохоор байсан. Даанч Хан-Уулын Засаг дарга энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Тэр хайрганы карьерын ордуудын эрхийг анх хэн өгсөн бэ гэвэл, мөн л АН аас сая УИХ-д суусан Лу. Болд гэдэг хүнтэй холбогдоод ирэх жишээтэй.
- Хан-Уулд иргэдэд олгочихоор газар нэлээд бий, гэвч ихэнх нь дархан цаазтай нэрээр баячуудын мэдэлд очсон байдаг. Үүнийг засах эрх мэдэл дүүргийн ИТХ-д бий юу гэдгийг сонирхмоор байна?
УИХ-ын сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигчид иргэдэд газар олгоно гэж нэлээн амлалт өгсөн байдаг. Наадмын өмнөхөн 10 мянган иргэн хашаа хатгаж авах гээд бөөн юм боллоо. Тэр иргэдийн буруу биш. Нэг хашаанд 2-4 айл амьдарч байна. Айлын хашаанд амьдарч байгаа тэр иргэдийхээр амьдрал гэдэг бол хажуу өрөө хөлслөхтэй л адил зовлон байдаг.. Энэ нь тухайн өрхийн хувьд эрхээ хязгаарлуулж байгаа хэрэг. Тиймээс айл бүр өөрийн гэсэн газартай байх ёстой. Гэтэл жирийн иргэд нь газар байсан ч авч болдоггүй, харин Ерөнхийлөгчөөсөө эхлээд эрх мэдэлтэй, мөнгөтэй улс нь дархан цаазтай газар өргөө нь байрлаж болдог, ийм тогтолцоо байж болохгүй. Яг хуулиа бариад яривал Үндсэн хуулийн цэцийн байшингаас авахуулаад Зайсангийн бүх байшинг улсын орлого болгох ёстой. Байгаль орчны тухай хуулийн 12-р зүйлд дархан цаазтай газарт зөвхөн ажиглалт хийх, аялах зорилготой барилга байхыг зөвшөөрдөг. Бусдыг хориглодог. Хэрэв үүнийг зөрчсөн бол шууд хураах ёстой байдаг. Гэтэл Зайсангийн ам, Яармагийн дэнжийн газар авлига хахуулиар хуваагдаад дуусч байна. Ардын намын хувьд бол Яармагийн дэнжид 48 мянган айлын орон сууц барина гээд том төсөл гаргасан. Дархан цаазаас чөлөөлнө гэсэн бодолтойгоор энэ төслийг хйисэн нь мэдээж.
Гэтэл энэ газруудад орон нутгийн шийдвэрээс урьтаад төр засагт ажиллаж байсан улсууд аль хэдийнэ газрыг хуваарилсан байх магадлал ажиглагдаж байна. Өнгөрсөн зун иргэд яармагийн дэнжид майхан бариад газар авна гээд бужигнахад цагдаагаас гадна маш олон хувийн хамгаалалтынхан ирж, иргэдийг хөөж, тараасан байдаг. Энэ сүрхий хамгаалалтыг хэн хөлслөв гэдэг өөрийн эрхгүй сонирхол төрүүлэхээр байсан.
- Үүнийг шийдэх ямар боломжийг та бүхэн санал болгож байна?

Хан -Уулын ИТХ нь Засгийн газар, Улсын Их Хурлаар дамжуулан Зайсан ,Нүхт , Яармагийн дэнжийн газрыг дүүргийнхээ эзэмшилд оруулснаар асуудлыг шийдэх эхлэл тавигдана. Цаашлаад бидний хувьд бүх газрыг зөвшилцлийн аргаар шийдэж, дархан цаазаас чөлөөлж, орон нутгийн захиргаа шударгаар хуваарилна гэж үзэж байна. Өмнө БОЯ-ны сайдаар ажиллаж байсан Гансүх, Шийлэгдамба, Эрдэнэбаатар, Барсболд хэн нь ч бай, ямар нэгэн аргаар газрыг хуваарилж дуусгасан бол үүнийг нь ИТХ орон нутгийн харьяалалд шууд авч, шударгаар дахин хуваана. Хэрвээ тэнд газар олгож, мөнгө төгрөг авсан өгөлцсөн асуудал байдаг бол АТГ шалгана биз, мөнгө төгрөгний асуудлаа шүүхээр явж шийдүүлэх хэрэгтэй. Ер нь бол ирээдүйд Хан-Уул дүүрэг нийслэлийн хөгжлийн төв болох юм.
- Орон нутгийн сонгуулийн энэ удаагийн өрсөлдөөнд урьдын адил МАН, АН хүчтэй өрсөлдөнө. Танай намын, тэр дундаа танай багийн өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу тал юу байх вэ?
Ардын намын үндсэн давуу талыг ард түмэн өөрсдөө маш сайн мэддэг. Намын шугамаар маш олноор нь нийгмийн ажилтнууд бэлтгэгдсэн. Хүний төлөө ажиллаж чаддаг нам болохоо бүх түүхийнхээ туршид харуулсан нам.
Ардчилсан намын нөхдийг харахад Адам Смитийн хэлдэгчлэн “шуналынхаа төлөө ажиллах” уу, яах бол гэх эргэлзээг байнга төрүүлдэг. Тоглоомын дүрэм бүх юмаараа АН нэлээд азаргалж байгааг олон нийт харж байна. Дээр нь тэдний орон нутгийн сонгуулийг авахын тулд хууль гаргахдаа хүртэл хүчээр хандсаныг онцлох хэрэгтэй.
Тэд албаар монгол ахуйг мэдэхгүй маягаар хууль гаргасан. Сурталчилгаа хийж болохооргүй өвлийн хүйтэн цагаар сонгуулийн хугацааг баталсан. Сонгуульд саналаа өгөхийн тулд малчид өвөлжөөнөөсөө сумын төв рүү мориор цан татуулан давхих болж байна.
Орон нутгийн сонгуулийн хуулийг гардан хийсэн З.Энхболд, Р.Бурмаа нарын гишүүдээс нэг л зүйлийг хүсч байна. Одоо энэ сонгууль болох 21-нд Налайх дүүргээс мориор өглөө 6 цагт гараарай. 30 км мориор алхуулж Улаанбаатарт ирээд саналаа өгвөл манай малчид ИТХ-аа бүрдүүлэх сонгуульд ямархуу байдлаар оролцож байгааг өөрийн биеэр мэдрэх байх гэж хэлмээр байна. Хөдөө уулын мухарт байгаа малчин айл цаг агаарын хэцүү нөхцөлд саналаа өгөхийн тулд гэр, малаа заавал нэг нь харж үлдэж таарах байх.
- Өвөл, хүйтэн цагаар болох сонгууль ирц хүрэхгүй дахих вий гэж болгоомжлох хүмүүс олон байна. Энэ талаар таны бодол?
Олон газар сонгууль дахихаар бол хуулийг зориуд ингэж батлуулсан этгээдүүд хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ ИТХ-ын сонгуулийн ирц бүрдэхгүй байвал татвар төлөгчдийн маш олон тэрбум төгрөгөөр явуулж байгаа сонгуулиас хүлээж буй хохирлыг төлөх ёстой л гэж үзнэ.
- Хан-Уулчуудын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Богд хаан уул, Хатан туул голынхоо энэ сайхан энергиэр Хан-Уул дүүрэг маань улсынхаа хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалт орох, хамгийн их ирээдүй бүхий том дүүрэг гэж би хардаг. Эко парк, 48 мянган айлын орон сууц, Чингис хаан хорооллоос авахуулаад МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан олон чухал хөтөлбөр хэрэгжээд эхлэхийн цагт манай дүүрэг Монгол улсын анхаарлын төвд багтах болно. Тэр бололцоо Хан-Уулчуудад байгаа. Тийм учраас хануулчууд зөвхөн өөрөө өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалж үлдэхийн төлөө зөв шударга сонголт хийх хэрэгтэй. Ер нь манай хануул дүүрэг бол хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа эрдэнэсийн сан шүү. Монголчууд нэг хэсэг газрын баялагтаа хөрөнгө оруулахгүй байж байгаад гадныханд их алдсан. Одоо хөрөнгө оруулалтыг хийж, баялгаа ашиглаж эхэлж байна. Би бас монгол хүндээ хөрөнгө оруулья гэж их ярьдаг. Энэ нь хөгжлийн эх сурвалж болдог. Яг үүнтэй адил ХАН УУЛ дүүрэгт газар нутаг байгаль орчны энэ таатай нөхцлөө дагаад хөрөнгө оруулалт хийгдээд ирэх цагт хөгжил аяндаа хүрээд ирнэ. Тэр үед харин бид аль болох дүүргийн иргэдийн эрх ашгийг нэг номерт тавьж явах хэрэгтэй. Үүний төлөө бид, МАН-аас Хан-Уулд нэр дэвшигчдийн баг хэний ч өмнө, ямар ч нам, ямар ч даргын өмнө сул дорой байдаггүй, үзэл бодол, эрх ашгаа хамгаалж чадах баг байх болно гэдэгт итгэлтэй байна.

Нийт сэтгэгдэл: 1
  1. Kevrel /46.161.14.99/ 2018-11-01 10:52:57

    Heckuva good job. I sure apeacpirte it.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших